Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн шийдвэрийг танилцуулах үеэр Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавлан Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн ажлын айлчлал, энэ үеэр яригдаж шийдсэн хил, гааль боомтын асуудал, өнөөдрийн нөхцөл байдлын талаар мэдээллээ. Тэрээр БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр тус улсын Хөгжил шинэтгэлийн хороотой мэдээлэл солилцсон талаар танилцууллаа.
Тэрээр хэлэхдээ, “Айлчлалын үеэр хоёр талын товлосон болон товлоогүй байсан нэмэлт уулзалтууд болсон. Энэ нь энэ удаагийн айлчлалын бас нэг сайн үр дүн нь байлаа” гэдгийг онцлов. Хоёр улсын Ерөнхий сайд нараас өгсөн чиглэлийн дагуу БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны Монгол Улсын асуудлыг хариуцсан дэд даргатай ажлын уулзалт хийсэн. Энэ уулзалтаар бид бэлтгээд байсан олон төслөөс нэн шаардлагатай, эдийн засгийн өндөр ач холбогдолтой 5 төслийг авч хэлэлцэн мэдээлж, дэлгэрэнгүй ярилцсан.
Үүнд, нэгдүгээр боомтын асуудал орсон. БНХАУ-ын талтай бид Гашуунсухайт, Ганц мод, Бичигт, Шивээхүрэн, Сэхээ зэрэг хилийн боомтын үйл ажиллагааг өргөжүүлж ачаа тээврийн нэвтрэн өнгөрөх чадварыг нэмэгдүүлэх, 10 гаруй жил саатаад байсан төмөр замын харилцан нэвтрэх нөхцөл байдлыг арилгах, солбицлын цэгийг эцсийн байдлаар тохирсон. Одоо Гашуунсухай болон Ганц модны боомт дээр солбицлын цэгийг ашиглан харилцан төмөр замаар нэвтрэх, ачаа барааг шилжүүлэн ачиж буулгах терминалийг хоёр улс аль талдаа барих гэсэн дараагийн шатны асуудалд орсон. Энэ үүднээс Монгол Улсын тал өөрсдийн зүгээр бэлдсэн терминалын ТЭЗҮ болон боломжит нөхцөл байдлын судалгааг БНХАУ-ын талд эцэслэн хүргүүлээд байна. Ингээд энэ сарын сүүл болон ирэх сарын эхээр болохоор товлогдоод байсан энэ талын уулзалтуудыг нааш татан энэ 2 дугаар сарын 15-нд хийхээр болоод байна хэмээн мэдээллээ. Энэ уулзалтад Монгол Улс өндөр ач холбогдол өгч буйг илэрхийлээд, уулзалтын дараагаар хөрөнгө оруулалт зэрэг асуудлыг ярьж бүтээн байгуулалтыг шийдэх боломж үүснэ гэдгийг тодотгов. Энэ талаар буюу боомтын шинэчлэлийг энэ онд багтаан хийх талаар Ерөнхий сайд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар үүрэг чиглэл өгснийг онцлов.
Ер нь манай улстай хиллэдэг БНХАУ-ын боомтууд авто болон төмөр зам, цахилгаанаар холбогдсон, дэд бүтцийн нөхцөл байдлыг бүрэн тавьсан. Харин манай улс дэд бүтцийн ажлаа өнөөг хүртэл хийгээгүй байгаад БНХАУ шүүмжлэлтэй хандсан гэв. Айлчлалын үеэр болсон уулзалтаар “Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээнд хоёр улсыг холбох авто болон төмөр зам, хос замын талаар ярилцсан. БНХАУ энэ төслийг нааштай хүлээн авсан. Бид өөрсдийн хийсэн ТЭЗҮ-ийг хүлээлгэн өглөө.
Гурав дахь ярилцсан сэдэв бүхий асуудал нь нийслэл Улаанбаатар хотод баганат тээврийн хэрэгсэл байгуулах төсөл юм. Үүнээс гадна нийслэлийн захад 71 км урт хурдны зам тавих төслөө манай тал танилцуулсан. БНХАУ эдгээр төсөлд оролцох сонирхлоо илэрхийлсэн. Зам тавих ажлыг энэ онд эхлүүлэхээр төлөвлөж байна.
Өвлийн олимп үргэлжилж буй өдрүүдэд манай улсын нүүрсний экспорт өсөхгүй. Одоо өдөрт 100-150 машиныг урд хилээр нэвтрүүлж байна. БНХАУ-ын талаас жолооч нар халдвар хамгааллын дэглэмээ улам сайн баримтлахыг биднээс хүссэн гэв.