С.Наранцогт: Зургаан төслөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай

оруулсан Алсын Хараа

Д.ОЮУНЧИМЭГ

"Эрдэнэс Монгол" нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогттой сүүлийн хоёр жилийн хугацаанд Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, аж ахуйн нэгжид өөрчлөлт, шинэчлэл хэрхэн өрнөсөн, ямар үр дүн гарч эхэлсэн талаар ярилцлаа.

-Эрдэнэс Монгол компани дунд хугацааны стратеги төлөвлөгөөгөө гаргажээ. Өнгөрсөн хугацааны ажлын гүйцэтгэлээ хэрхэн дүгнэсэн бэ?

-Монгол Улсын валютын албан нөөц буурч, төгрөгийн ханш суларсан үед Засгийн газар 362 дугаар тогтоол гарган багц ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний 70 хувийг “Эрдэнэс Монгол” нэгдэл биелүүлжээ. Өөрөөр хэлбэл, экспорт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах замаар гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлсэн. Түүнчлэн экспортын тээвэр зохион байгуулалтыг сайжруулах, компаниудын үйл ажиллагаа засаглалыг сайжруулах зэрэг олон багц ажлыг хийсэн. Багц ажлуудаас манай шууд удирдлагад ажилладаг экспортын гол зам дээр тээвэрлэлтийн ачааг тэнцүүлсэн. 2022 онд 16.7 сая тонн, 2023 онд 38.3 сая тонн нүүрс экспортлосон.

Нөгөө талдаа бид үнэ цэнийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ нүүрсийг биржээр борлуулах ажлыг бүрэн хэрэгжүүлсэн. Одоо шууд гэрээгээр зардаг бүтээгдэхүүн байхгүй. Нүүрс 100 хувь, төмрийн хүдэр биржээр зарагдаж байна. Зэсийн баяжмалаа биржээр арилжаалдаг боллоо. Арилжаа нээгээд 3000 тонн зэс зарагдсан. Цаашид бид биржээр бүх бүтээгдэхүүнийг зарна. Энэ нь нэгдүгээрт биржийн тухай хуулийг сайжруулж зөвхөн хөрөнгийн биржээс гадна олон улсын зах зээл бидний гол худалдан авагч байна гэх зорилтыг стратегидаа тусгасан. Түүнчлэн эрдэс бүтээгдэхүүнийг биржээр борлуулснаар нэмэлт орлого олох боломж бүрдэж байна. Өнгөрсөн жил биржээр 17.6 сая тонн нүүрс борлуулж 204 сая ам.долларын нэмэлт орлого олсон. Мөн 1.2 сая тонн төмрийн баяжмал зарж нэмэлтээр 4.9 сая ам.доллар орлого олсон. Ер нь нэгдлийн хэмжээнд өдөр тутмын ажлыг сайн хийж үйл ажиллагаагаа жигдрүүлэх ажил хийгдсэн. Үүний үр дүн ч бодитойгоор гарсан. Нэгдлийн хэмжээнд нийт борлуулалт 14.9 их наяд төгрөг болж өмнөх жилээс 1.2 дахин нэмэгдсэн. Цэвэр ашиг 4.5 их наяд болсон нь 2.2 дахин өссөн үзүүлэлт юм. Мөн улсын нэгдсэн төсөвт 4.4 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж, нэгдлийн хэмжээний хуримтлагдсан өр төлбөрийг 394 тэрбум төгрөгөөр бууруулсан. Тэгэхээр бид санхүүгийн хувьд бие даасан хэмжээнд хүрсэн.

-Та бүхэн ажлаа хөндлөнгийн аудитын байгууллагаар дүгнүүлсэн үү?

-Хөндлөнгийн аудитын компанийн 2022, 2023 оны нэгдсэн дүн гарлаа. Үүнд 2022 онд дөрвөн зөрчилгүй, 11 хязгаарлалтай, нэг сөрөг  гэх дүн гарсан. Харин 2023 онд нийт компанийн 11 нь зөрчилгүй, дөрвөн хязгаарлалтай дүгнэлт гарсан. Тэгэхээр бидний ажлыг хөндлөнгөөс дүгнэсэн байдлаар харах боломжтой. Дүгнэлттэй холбоотойгоор бид компаниудын засаглалыг шинэчлэх талаар ярилцсан. Ингээд үйл ажиллагаа, үр дүү муу байгаа долоон компани, хоёр төслийн нэгжийг татан буулгалаа.

-Төрийн өмчит компанид олон нийтийн хяналт байхгүй байна гэх шүүмжлэл бий. Энэ талаар та ямар байр суурьтай, ямар бодлого баримталж ажиллаж байна вэ?

-Иргэдийн дунд төрийн өмчит компанид иргэдийн хяналт сул байна. Олон нийтийн хяналтыг сайжруулах шаардлагатай гэх яриа гарч байна. Бид хараат бус гишүүдийнхээ ТУЗ-д ордог тоог 49 хувьд хүргэж нэмэгдүүлж байна. Тэгэхээр хараат бус гишүүдэд бүх хүн сонгон шалгаруулалтад оролцох боломжтой.  Сонгон шалгарууулалтаар нийгэмд нэр хүндтэй, бизнесийн туршлагатай, академик мэдлэгтэй, компанийн хөгжилд нөлөө үзүүлэх хүмүүсийг сонгохыг зорьж байна. Компанийн дотоод дүрэм, журмыг олон улсад нийцүүлж сайжруулж байна. Олон жил ярьсан нэг ажил нь Эрдэнэс тавантолгой компани болон том төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулах зорилго тавьсан. Энэ төслүүдийг хэрэгжүүлж чадахгүй байгаа учир нь төслийн сонгон шалгаруулалт, хэрэгжилт механизм тодорхойгүй байсан.  Хоёрдугаарт санхүүгийн шийдэл. Эдгээр нь зэрэг хэрэгжих ёстой. Санхүүжилт одоогийн түвшинд харьцангуй сайжирч байна. Гол ажил нь санхүү бэлэн болоход төсөл бэлэн байх хэрэгтэй.

Энэ жил Асгатын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд олон улсын стандартаар ямар нөөц баялагтай болохыг тодорхойлон үүний дараа эдийн засгийн эргэлтэд оруулах талаар яригдах болно. Мөн Хөтлийн цемент шохой нэгдэж орж ирсэн. Тэгэхээр Хөтлийн цемент шохойн ордыг түшиглэн шохойн үйлдвэр барих бэлтгэл ажлыг хангасан байна.

Түүнчлэн Зөөвч-Овоо төслийн хөрөнгө оруулалтын гэрээний талаар "Орано" групптэй хэлэлцээ хийж байгаа. Үндсэндээ гуравдагч хөршийн хоёрдогч харилцаа Оюу толгойтой харьцуулахад хэдийгээр жижиг ч хоёр дахь хөрөнгө оруулалт. Олон жил Оюу толгой дээр яригдсан алдааг засах гэж бид ажиллаж байна. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалаар тохирсон үндсэн протоколын зарчмыг эвдэхгүй. Мэдээж Монголын эдийн засагт үр өгөөжтэй байх. Байгаль орчин, экологид хамгийн хор хөнөөлгүй байх гэрээг хийхээр ажиллаж байна.

-Та бүхэн зорилго, зорилтоо тодорхойлчихжээ. Тэгвэл цаашид хүрэх үр дүнг хэрхэн харж байна?

-Бидний эцсийн зорилго бол Монгол Улсын хөгжил дэвшил, монголчуудад хүрэх өгөөж байх ёстой. Үүнийг биелүүлэхэд Баялгийн сангийн хууль голлох нөлөөг үзүүлнэ гэж харж байна. Тухайлбал, хуульд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд тэгш шударга хүртээх гэсэн Үндсэн хуулийн заалт бодит биеллээ олох эрх зүйн үндэс тогтоогдсон. Нөгөө талдаа “Эрдэнэс Монгол” нэгдлийн эрх зүйн үндэс давхар бий болж байна. Үндсэндээ бид хийх  ажил, эрх зүйн үндсээ тодорхойлсноор бидний ажлын үр дүнг хэн хүртэх вэ гэдэг нь тодорхой болж байна.

Баялгийн сангийн хууль бол зургаан зарчимтай. Стратегийн ордын үр өгөөжийг хүртэх үндсэн хуваарилалтын зарчмыг тодорхойлно. Үүнд үндэслэсэн хураангуй зүйлийг гаргасан. Нэгдүгээрт аливаа зүйл үе шаттай явах ёстой. Хоёрдугаарт энэ нь олон асуудлыг хамарч байгаа нэгдсэн байр сууринд хүрэхэд аль ч талдаа нэлээд хүндрэл тулгарна гэж үзсэн. Тиймээс хураангуй байдлаар гаргасан. Хамгийн гол нь үндсэн асуудлаа хөндсөн учраас эхний ээлжид нэгдсэн журмаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Тэгэхээр Ирээдүй өв сангийн хууль 2030 он хүртэл хүчин төгөлдөр байна. Гэхдээ хуулийн зарим заалт хэрэгжээгүй. Учир нь Ирээдүй өв санд нэлээдгүй хөрөнгө хуримтлагдаж байж олон улсын санхүүгийн зах зээлд оролцох боломжтой болно. Хоёрдугаарт хөрөнгийг удирдах институт өндөр түвшний олон улсын санхүүгийн зах зээл дээр ажилладаг, хөрөнгийн удирдлагаар мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэсэн байх шаардлагатай. Түүнээс гадна компани өөрөө төлөвшиж засаглалын сайн жишгийг тогтоох учиртай. Энэ бүхэн бодит байдалд нийцэхгүй байсан учраас 2030 он хүртэл хойшлуулсан юм.

-Тэгэхээр хуулийг хэрэгжүүлэх компани болоод хүний нөөцийн асуудал тулгамдсан асуудал гэсэн үг үү?

-Нийт ард түмний өмчийг захиран зарцуулах чадавхитай компанийг бий болгох. Өөрөөр хэлбэл, институтыг бэлдэж, чадавхжуулах шаардлагатай.  Хатуугаар хэлэхэд Монгол Улсад хөрөнгийн удирдлагын компани амжилттай, сайн ажилласан түүх байхгүй. Ялангуяа төрийн өмчлөлд суурилж байгуулагдсан хэд хэдэн жишээ бий. Бүгд буруу замаар орсон. Хөрөнгө үрэн таран хийсэн байдаг.

Хөрөнгийг өсгөж, эрсдэлгүй байлгах нь амар, хялбар ажил биш. Нэг том зарчмын зүйл нь “Эрдэнэс Монгол” нэгдэлд уялдан гарч буй нэг зүйл нь төрийн өмчийн уул уурхайн төрийн эзэмшлийн 34 хувийг иргэдийн Хуримтлалын санд 34 хувийг ногдол ашгийн санд төвлөрүүлнэ. Өөрөөр хэлбэл “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд бүх уул уурхайн төрийн өмчийн компани ажиллана. Эдгээр компани ашигтай ажиллаж иргэдэд ногдол ашиг олгох хэрэгтэй. Монгол Улс Оюу толгой төслийн 34 хувийг эзэмшдэг. Эрдэнэс Оюутолгой компаниар дамжуулан ногдол ашиг хуваарилахад иргэдэд шууд очно. Үүнийг даган стратегийн ач холбогдолтой орд газрын талаарх зохицуулалт бүрхэг байсан зүйлс тодорхой болсон.

Бидний төсөөллөөр 2024 онд Ирээдүй өв сангийн хууль албажихаар тус санд төвлөрөөгүй байгаа тодорхой орлогыг төвлөрүүлэхээр төлөвлөж байна. 229 тэрбум төгрөгийг энэ жил хуваарилах төлөвлөгөөтэй байна. 2025 онд 460, 2026 онд 500 ингээд 2030 оноос хойш байдал эрс сайжирна. Ялангуяа Оюу толгой төслөөс 34 хувийн ногдол ашгийг идэвхтэй шаардана. Манайд нийт зургаан орд бий. Гурав нь стратегийн ач холбогдолтой болох боломжтой.

-Танай компани “Эрдэнэс үйлдвэр технологийн парк”-ийг байгуулах төлөвлөгөө боловсруулсан байсан. Энэ талаар?

-“Эрдэнэс ҮТП” зургаан төслөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлага тулгарч байгаа. “Эрдэнэс Монгол” компани дунд хугацааны стратеги төлөвлөгөөндөө бизнесийн өсөлтийг тодорхойлохдоо үйлдвэр технологийн паркуудыг нэгтгэн удирдаж, аж үйлдвэржилтийн сэргэлтэд голлох нөлөөг үзүүлэхээр тусгасан. Үндсэндээ зургаан ҮТП-ийг хөгжүүлж, эргэлтэд оруулснаар 36 дагалдах үйлдвэр, 68 төрлийн бүтээгдэхүүнийг экспортлох боломж бүрдэнэ. Түүнчлэн 6.7 мянган ажлын байр бий болно. Энэ бүхэн хэрэгжиж эргэлтэд орсноор 6.1 тэрбумын орлого олох боломж бүрдэнэ. Үйлдвэр технологийн паркийг ашиглалтад оруулах нь Монгол Улсын хөгжлийн бодлоготой уялдана. Түүнчлэн ашигт малтмалын нөөцөө нэмүү өртөг шингээн борлуулах боломж бүрдэнэ. Үүнийг дагаад дэд бүтцийн хүртээмж нэмэгдэнэ. Ажиллах хүчний нөөц, зах зээлийн хэрэгцээ шаардлага гээд олон асуудлыг шийдвэрлэх хөшүүрэг болно Монгол Улсын Их Хурал Засгийн газрын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсаны дагуу “Эрдэнэс Монгол” ХХК нь стратегийн ордууд болон томоохон үйлдвэрлэгч компаниудаа түшиглэн боловсруулах үйлдвэрүүд бүхий үйлдвэрлэл, технологийн паркуудыг кластер хэлбэрээр байгуулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр хөгжүүлж, аж үйлдвэрийн гинжин хэлхээг бий болгох ажлыг үе шаттайгаар эхлүүлж байна. Тавантолгой, Багануур, Эрдэнэт, Бор-Өндөр, Дархан, Хөтөл үйлдвэр технологийн паркийг эргэлтэд оруулж хөгжүүлэхээр ажиллах юм. Үүнд шаардагдах дэд бүтцийг бусдын гар харахгүйгээр хийх боломжтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 8. ЛХАГВА ГАРАГ. № 92 (7336)

 

Сэтгэгдэл бичих