ШУТИС болон БНХАУ-ын Шанхайн Жяо Тун их сургууль хамтран Улаанбаатар хотноо анх удаа “2026 оны Хятад-Монголын “Бүс ба зам” инновац, хөгжлийн форум”-ыг маргааш зохион байгуулна.
Тус форум Хятад-Монголын хил дамнасан тээвэр, ухаалаг тоног төхөөрөмжийн олон улсын хамтарсан лаборатори"-г байгуулах ажлыг бодитоор урагшлуулах, Хятад-Монголын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой.
Форумаар Уул уурхайн ухаалаг хүнд даацын автомашин, боомтын ухаалаг шилжүүлэн ачих төхөөрөмж зэрэг ухаалаг тоног төхөөрөмжийн хөгжил, Боомтын дэд бүтцийн шинэчлэл, эрчим хүчний төлөвлөлт, нүүрстөрөгч багатай менежментэд чиглэсэн ногоон боомт, ухаалаг хотын хөгжүүлэлт, Өөрөө жолоодлоготой автомашины цуваа тээвэр, гаалийн бүрдүүлэлтийн дүрэм журмын оновчлол болон техникийн хэрэглээний судалгаанд төвлөрсөн хил дамнасан тээврийн асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн Хятад-Монголын стандартын харилцан хүлээн зөвшөөрөлт, хил дамнасан мэдээллийн урсгал, хөрөнгө оруулалтын бодлого, эрх зүйн асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ “2+2” хамтарсан сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг хамтран бэлтгэх, олон улсын хүний нөөцийн хамтарсан сургалтыг өргөжүүлэх чиглэлээр санал солилцох аж.