Улсын заан Д.Анар Монголын багийн эхний алтан медалийг авлаа

оруулсан Алсын Хараа

Дэлхийн нүүдэлчдийн VI наадам Киргизстаны Бишкек, Чолпон-Ата хотод үргэлжилж байна.

Энэхүү наадмын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй 20-иод орны төрийн тэргүүн, ерөнхий сайд оролцсон бол өчигдөр тэмцээн уралдаан албан ёсоор эхэллээ. Наадмын хөтөлбөрт бөхийн 16 төрөл багтсан бөгөөд үүний нэг нь монгол үндэсний бөх юм. Тэгвэл өчигдөр үндэсний бөхийн барилдаан болж, медальтнууд тодров. Барилдаанд Монгол, Казахстан, Тажикистан, Узбекистан, БНХАУ, Киргиз, Пакистан, Туркменистан, Иран, Хорват, Малайз, ОХУ, Итали, АНУ зэрэг 16 орны бөх зодогложээ. Улмаар Монголын тамирчин, улсын заан Д.Анар алт, ОХУ-ын бөх Мөнгэ Эртинэ Күүлэр мөнгө, Хятадын Сүрилигэ, Киргизийн Орозбек Аширов нар хүрэл медалиар энгэрээ мялаасан байна. Улсын заан Д.Анарын хувьд дэлхийн нүүдэлчдийн наадмаас тав дахь алтан медаль хүртэж байгаа нь энэ. Түүний хувьд Монголын баг тамирчдын төдийгүй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хамгийн анхны алтан медальтан болов.

Улсын заан Д.Анар алтан медаль хүртсэнийхээ дараа “Дэлхийн нүүдэлчдийн наадамд эх орноо төлөөлж оролцоод алтан медаль хүртсэндээ баяртай байна. Тэр тусмаа үндэсний бөхийнхөө өв соёлыг сурталчилж, тэмцээнд оролцох нь сайхан хувь тохиол байлаа. Надад итгэл хүлээлгэж сонгосон Монголын үндэсний бөхийн холбоо болон бусад байгууллагадаа баярлалаа. Энэхүү наадмаас манай баг тамирчид олон медаль авч спорт сонирхогчдоо баярлуулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьжээ.

Ташрамд дурдахад, үндэсний бөхийн барилдааны тэмцээнээс өмнө МҮБХ-ноос томилогдсон барилдаан зохион байгуулах баг барилдааны өмнө засуулууд болон оролцогчдод зориулж монгол бөхийн дүрмийг танилцуулж, сургалт зохион байгуулсан байна.

Сэтгэгдэл бичих