К поп од Хваса Монголд дахин ирнэ

оруулсан Алсын Хараа

БНСУ-ын нэрт дуучин Хваса буюу Ан Хе Жин Улаанбаатар хотод 11 дүгээр сарын 7-нд болох “K-Pop Masterz” тоглолтод оролцохоор Монголд дахин ирэх гэж байна.

Өмнө нь 2015, 2025 онд Монголд ирж байсан тэрбээр гурав дахь удаагаа Монголын үзэгчидтэй уулзах юм. 2014 оноос уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн түүний хувьд “Mr. Ambiguous”, “Um Oh Ah Yeh”, “Décalcomanie”, “Yes I Am” зэрэг дуугаараа БНСУ-ын хөгжмийн зах зээлд хүч түрэн орж ирсэн юм. Улмаар 2019 онд “Twit” дуугаа гаргаж, ганцаарчилсан бүтээлээ эхлүүлжээ. Уг бүтээл нь тус улсын Circle Digital Chart-ыг тэргүүлж, түүний бие даасан карьерын эхний томоохон амжилт болсон юм.

Үүний дараа 2020 онд “Maria” нэртэй анхны мини цомгоо гаргаж, ижил нэртэй гол дуугаараа олон улсын сонсогчдын анхаарлыг татсан. “Maria” нь бусдын шүүмжлэл, цахим орчны сөрөг сэтгэгдэлтэй нүүр тулахын зэрэгцээ өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх тухай санааг агуулдгаараа онцлогтой. Түүний уран бүтээлийн онцлог нь зөвхөн хайр дурлалын тухай өөрийн мэдрэмж, амьдралын туршлага, нийгмийн хүлээлтийн талаар илэн далангүй өгүүлдэгт оршино. 2023 онд “I Love My Body” синглээ гаргаж, хүнийг гадаад төрх, бие галбираар нь шүүмжилдэг хандлагын эсрэг санааг илэрхийлсэн. Мөн “Chili” зэрэг бүтээлээрээ өвөрмөц хөгжмийн хэв маяг, тайзны дүр төрхөө үргэлжлүүлэн харуулжээ.

Хваса 2015 онд “MAMAMOO” хамтлагийнхантайгаа Монголд анх ирж байсан бол “Степ Арена”-д өнгөрсөн жилийн хоёрдугаар сард болсон “Rosedust” хамтарсан тоглолтод оролцсон юм. Тухайн үед тэрээр “Maria”, “Good Goodbye” зэрэг бүтээлээрээ Монголын үзэгчидтэй уулзаж байв.

Сэтгэгдэл бичих