"Зочин нийтлэлч" буланд энэ удаа Архивын ерөнхий газрын эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D), дэд профессор Г.Дашнямын бичсэн "Ардын засгийн наадмыг анх тэмдэглэсэн нь" өгүүллийг нийтэлж байна. Энэхүү өгүүлэл нь саяхан болж өнгөрсөн Ардын хувьсгалын 105 жилийн ойн баяр наадмын түүхийг тодруулах ач холбогдолтой юм.
-Ардын хувьсгалын 105 жилийн ойд зориулав-
Монголчууд нэн эртнээс төрт ёсны их баяр цэнгэл үүсгэн ёслон тэмдэглэж ирсэн түүхтэй. Харин өнөөгийн бидний тэмдэглэж буй Улсын их баяр наадам нь Ардын засгийн үед бий болжээ. Монгол Улсын Үндэсний төв архивд хадгалагдаж буй баримтаас үзвэл, Ардын засгийн наадмын үүсгэл нь 1921 онд Хиагтад зохион байгуулсан хоёр бэсрэг наадам, 1922 онд ёслон тэмдэглэсэн “Улсын баяр наадам”-аас үүсгэлтэй ажээ.
1921 оны зун Хиагтад зохион байгуулсан анхны наадам
Монгол Ардын Намын Төв Хороо, Ардын Түр Засгийн газрын 1921 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хамтарсан хурлаас Нийслэл Хүрээг чөлөөлөх түүхт шийдвэр гаргасан билээ. Нийслэл Хүрээг чөлөөлөхөөр их цэрэг хөдлөхийн өмнө цэргүүдийн урам зоригийг бадраах зорилгоор Ардын Түр Засгийн газраас Хиагтын Салдааз толгойг тахиж, нэгэн бэсрэг наадмыг зохион байгуулсан хэмээн түүхэнд тэмдэглэдэг. Энэ наадам бол Ардын Засгийн газраас зохион байгуулсан анхны наадам юм.
Харин энэ наадамд холбогдох архивын ямар нэг баримт өнөөг хүртэл илэрч олдоогүй. Гэтэл Монгол Улсын Үндэсний төв архивын Ардын Засгийн газрын хөмрөгт “Олноо өргөгдсөний арваннэгдүгээр он зуны цаг Бүргэдэй Салдааз овоог тайгаад баяр бэлгэтэйгээр наадам үйлдэхэд барилдсан бөхчүүдийн оноо данс“ гэсэн гарчигтай нэгэн сонирхолтой данс хадгалагдаж байна.
Энэхүү бөхийн оноо дансанд тэмдэглэгдсэн бөхчүүдийн нэрс, үзүүр түрүүний бөхөөс үзвэл, эл данс нь Нийслэл Хүрээг чөлөөлсөн баярт зориулан 1921 оны 7 дугаар сарын 11-нд Алтанбулаг дахь сайдын яамнаас зохион байгуулсан Салдааз овоог тахиж хийсэн наадмын оноо данснаас өөр данс болох нь төвөггүй мэдэгдэж байна. Тиймээс эл бөхийн оноолт данс нь 1921 онд Хиагтад зохион байгуулсан анхны наадмын бөхийн оноолт данс гэж үзэх бүрэн үндэстэй юм.
Уг данснаас үзвэл, 1921 оны зун Ардын журамт цэрэг, Улаан армийн дайчдын хамт Нийслэл Хүрээг чөлөөлөхөөр хөдлөхөөс өмнөхөн Бүргэдэй Салдааз овоог тахиж, орон нутгийн чанартай бэсрэг наадмыг зохион байгуулсан байна. Энэ наадмын тавын таваанд 4 бөх шалгарч үлдсэнээс Богд гэгээний шавь Очирбат Дамбыг, Эх дагинатны бөх Ширнэн Мөнх-Очирыгг тус тус давж үзүүр түрүүнд үлджээ. Зургаагийн даваанд Богд гэгээнтний шавь Очирбат даван түрүүлж, Эх дагинатны бөх Ширнэн үзүүрлэсэн ажээ.
1921 оны 7 дугаар сарын 11-нд Хиагтад зохион байгуулсан хоёр дахь наадам
Хиагтын яамны сайд Н.Билигсайхан тэргүүтэй Ардын Түр Засгийн газрынхан Нийслэл Хүрээг чөлөөлсний баярт зориулан 1921 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Хиагтын Салдааз овоог тайгаад, нэгэн бэсрэг наадам зохион байгуулжээ. Тус наадамд Дээд Шивээн дэх Оросын төлөөлөгчид уригдан оролцож, “Красной Народно-революционной Армий Монголий память совместной борьбы с белогвардскими бандами барон от экспедиционного корпуса” гэсэн бичиг бүхий улаан туг гардуулжээ.
Энэ наадам нь Ардын хувьсгалын ялалтад зориулан зохион байгуулсан анхны наадам юм. Тус наадмын үеэр сүүдэрлэсэн наадмын арга хэмжээнд оролцогчдын гэрэл зураг, наадмыг хэзээ, хэрхэн зохион байгуулсан тухай С.Янжмаагаас өөрийн нөхөр Их жанжин Д.Сүхбаатарт бичсэн нэгэн захидал бидний үед уламжлагдан иржээ.
С.Янжмаа өөрийн захидалдаа “... Гагцхүү та бүхнийг Их Хүрээний зүг мордсоноос хойш лавлалтай нарийн чимээг олж сонссонгүй байсаар энэ зуны сүүл сарын шинийн дөрвөний өдрөө(1921.07.09 ) Дээд Шивээний газраа ирсэн цахилгаан мэдээний учрыг сонсож ихэд баярласан ба дараа шинийн тавны өдөр (1921.07.10) орос ноёд манай яамны түшмэд, албаны хүмүүс болон олон цэргүүдийг бидний хамт Дээд Шивээний газраа урин аваачиж, Хүрээг эзлэн авсан их баяр хэмээн найр барив.
Мөн шинийн зургааны өдрөө(1921.07.11) Салдааз овоог тайж, баярын наадам хийхийн ташрамд мөнхүү Оросын их, бага ноёд, албаны хүмүүсийг урин авчирч будаалуулсан ба тэдний их жанжнаас манай Ардын намын үйлс дэлгэрэн бүтсэн их баяр хийгээд мөн манай хоёр улс гүн зузаан найрамдлалтай болсон хэмээн нэгэн их улаан туг авчирч өгснийг манай яамны түшмэд хүлээн авчээ” хэмээн Хиагтын эл наадмын талаар дэлгэрэнгүй тодорхой тэмдэглэсэн байна.
1922 онд зохион байгуулсан Ардын хувьсгалын нэгэн жилийн ойн баяр наадам
Монгол ардын хувьсгалын ойн баярыг Монгол Ардын Нам, Ардын Засгийн газрын шийдвэрээр 1922 онд анх удаа “Улсын их баяр” болгон тэмдэглэжээ.
Монгол Ардын Нам, Ардын Засгийн газар 1922 онд Ардын хувьсгалын нэгэн жилийн ойн баярыг улс даяар өргөн тэмдэглэхээр шийдвэрлэж, олон талт бэлтгэл арга хэмжээ авсан. Баяр ёслолыг явуулах журмын төслийг зохиох тусгай комиссыг Намын Төв Хорооноос томилон ажиллуулж, зохиосон төслийг нь Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн болон Бүгд хурлаар хянан хэлэлцэж залруулан засамжлаад Засгийн газарт батлуулахаар шилжүүлсэн. 1922 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хуралдсан Засгийн газрын 32 дугаар хурлын нэгдүгээр зүйлд уг дүрмийн төслийг хянан хэлэлцээд, “...жил бүр улсын баяр ёслол явуулах тухай ...ёслолын дүрэм хэмжээ нийлэмжтэй болсон тул ёсоор болгон баталсугай” гэсэн тогтоол гаргажээ.
Энэхүү “Улсын баяр ёслолыг явуулах дүрэм хэмжээ”-нд “Бидний Монгол ардын журамт цэрэг Олноо өргөгдсөний арваннэгдүгээр оны зуны сүүл сард гадаадын харгис дайсныг арилгаж Нийслэл Хүрээг эзэлж, мөнхүү сарын шинийн зургааны өдөр хуучин эзэрхэг засгийг устгаж...ардын эрхт хэмжээт цаазат засгийг явуулсны тулд одоо зүй нь улсын баяр ёслолыг жил бүр зуны сүүл сарын шинийн зургааны өдөр явуулбаас зохино” гэж заагаад, улсын баяр ёслолыг гурван өдөр хийхээр тогтоож, ёслолыг ямар дэс дараалалтайгаар, хэрхэн явуулахыг зүйлчлэн тодорхойлжээ.
Эл баримтад заасанчлан 1922-1924 онд Ардын хувьсгалын ойн баярыг жил бүрийн билгийн улирлын 6 дугаар сарын шинийн зургааны өдөр ёслон тэмдэглэж байсан нь аргын улирлын өөр өөр өдөрт тохиолдож байв. Харин 1924 онд хуралдсан Улсын анхдугаар их хурлын шийдвэрээр оны тооллыг билгийн улирлын тооллоос аргын улирлын тоололд шилжүүлснээр 1925 оноос Ардын хувьсгалын ойн баяр наадмыг жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдөр ёслон тэмдэглэх болжээ.
“Улсын баяр ёслолыг явуулах дүрэм хэмжээ” хэмээх архивын баримт болон тэр цагийн тогтмол хэвлэлийн мэдээ, уг баярт оролцогчдын дуртгал сэлтээс үзвэл, 1922 оны 7 дугаар сарын 30-ны өдөр цэрэг ардууд жагсан, их буугаар гурван зэрэг буудан ёсолж баяр ёслолын ажиллагааг нээжээ. Мөн өдөр Богд хаан, Улсын Эх дагина Эрдэм Итгэмжит сүмийн ордноос төрийн ордонд заларч, Улсын их баярын төрийн ёслолыг гүйцэтгэжээ.
Баярын хоёр дахь өдөр 11 цагийн үед тэр үеийн Гаалийн хорооны дэргэдэх их чөлөөнд байсан зарлалын индрийн дэргэд Засгийн газар, олон яамдын албаны хүмүүс, Ардын журамт цэргийн төлөөлөгчид, ард нийтээр хуран цугларч, Шүүх яамны тэргүүн сайд Н.Магсаржав ард олонд баяр хүргэн цуглааныг нээсний дараа Намын Төв Хороо, Хувьсгалт залуучуудын төлөөлөгчид Ардын хувьсгалын ялалт, ардын засаг төр тогтон мандсаны ойг ёслон тэмдэглэхийн утга учир, ач холбогдол, тус улсын улс төрийн байдлын талаар илтгэл хийж, мөн ЗСБНХОУ-ын Бүрэн эрхт төлөөлөгчийн орлогч А.Я.Охтин баяр хүргэж үг хэлжээ.
Баярын гурав дахь өдөр өглөөний есөн цагт мөн газар Нийслэл Хүрээний хамгаалах цэргийн ангиуд цугларч, цэргийн болон гимнастикийн сургууль үйлдэн нийтэд сонирхуулжээ. Эдгээр арга хэмжээний зэрэгцээ баярын өдрүүдэд уламжлалт заншлын дагуу эрийн гурван наадмыг наадаж, нийтээр цэнгэлдсэн байна. Буянт ухаагийн хөндийд болсон энэ наадмын хүчит бөхийн барилдаанд Луу гүний Вандан заан, Сэцэн чин вангийн Далантай заан, Дайчин вангийн бүрхэг Дэндэв зэрэг алдарт бөхчүүд зодоглосноос Вандан заан түрүүлж, Далантай заан үзүүрлэжээ.
Ардын хувьсгалын нэгэн жилийн ойн баярыг ийнхүү “Улсын их баяр” болгон шинэ маягаар орон даяар анх удаа ёслон тэмдэглэж, цаашид жил бүр ёслон тэмдэглэж байхаар тогтоосон нь өнөөдрийн “Улсын их баяр наадам”-ын эхлэл болж, цаашид шинэ шинэ утга агуулгаар баяжин хөгжиж, энэ жил Монголын ард түмэн Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж байна.



Эх сурвалж: Архивын ерөнхий газар