Дорнод аймгийн Баян-Уул сумын VI багийн иргэн Ц.Ганболд өнгөрсөн хоёрдугаар сарын дундуур сар шинэдээ бэлдэх зорилгоор ОХУ-ын хил нэвтэрч явахдаа саатуулагдсан. Түүнийг тагнуулын хэрэгт сэжиглэн Чита хотод цагдан хорьсон ба Оросын талаас 30 хоног саатуулж шалгана хэмээн мэдэгдэж байсан талаар манай сонин урьд нь мэдээлж байсан билээ. Тэгвэл өнөөдрийг хүртэл суллаагүй байгаа талаар түүний эгч Ц.Будхандаас тодрууллаа.
-Таны сошиалд нийтэлсэн мэдээллийн дагуу холбогдож байна. Дүүгээс нь ямар нэгэн сураг дуулдсан уу. Биеийн байдал ямархуу байгаа талаар мэдээлэл байна уу?
-Бид дүүгээ ямар нэг хэрэг төвөг хийгээгүй болохоор гараад ирэх байх гээд хүлээсээр долоон сарын нүүр үзлээ. Бид хувиараа хоёр гурван ч удаа явж ирсэн. Төр улсын шийдвэрийг харахын хажуугаар хувийн хариуцлагын хүрээнд яваад сураглаад л байна. Сүүлийнх дээр огт уулзаж, холбогдож чадаагүй. Хүсэлтээ өгөөд хариу авч чадаагүй болохоор бухимдаад сошиал оршинд нийтэлсэн. Удахгүй хариу өгнө гэсэн болохоор тайвшраад хүлээж байна. Эрүүл мэндийн талаар яг одоогоор мэдээлэл алга.
-Дүү тань Баян-Уулын уугуул иргэн үү?
-Манайх 1979 оноос дүүгээ дөрвөн настайгаас хойш Баян-Уулд амьдарч байсан. Тэндээ өссөн болохоор насанд хүрсэн цагаасаа л цагаан хуудсаар Ульхан боомтоор ОХУ руу зөндөө зорчиж байсан. Энэ жилийн цагаан сараар эхнэртэйгээ ороод гарахад дүүг маань саатуулж үлдээсэн. Одоо хүртэл гарч ирээгүй байна. Ямар нэг гэмт хэргийн шалтгаан болох үндэслэл байхгүй, энгийн малчин хүн учраас удахгүй шалгагдаад гарчихна байх гээд бид уужуу сэтгэлээр хүлээсээр өдий хүрлээ. Долоон сар гэдэг гэмгүй хүнд үнэхээр урт хугацаа. Бид бүх боломжоороо ийш тийш холбогдох хүмүүст хандаж байна. Холбогдох газрын удирдлагууд тун удахгүй хариу өгнө гэсэн, итгээд л хүлээхээс аргагүй байна даа хэмээв.
Б.ДАРИЙМ