Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од NBA-ийн G лиг буюу Хөгжлийн лигт “Орландо Мэжик” багийн харьяа “Осеола Мэжик”-ийн бүрэлдэхүүнд багтан тоглохоор болжээ.
Тодруулбал, “Орландо Мэжик” багийн сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгч Жефф Велтман “Осеола Мэжик” баг чөлөөт агент Ш.Энхийн-Од буюу Майк Шаравжамцтай гэрээ байгуулснаа албан ёсоор зарласан байна.
Түүний аав гавьяат тамирчин Ц.Шаравжамц өөрийн цахим хуудсанд “Энэ өдрийг мөн олон жил хүлээлээ. NBA-тай албан ёсны гэрээ хийсэн анхны монгол тамирчин боллоо. Хүүгийнхээ нэрийг харах сайхан байна. 10 хоногийн гэрээ хийсэн. Одоо тоглох G лигийн багтаа юу чаддагаа үзүүлээрэй. Аав, ээж нь хүүгээрээ бахархаж байна” хэмээн цахим хуудастаа нийтэлжээ. “Orlando Sentinel” сонины сэтгүүлч Жейсон Бидигийн мэдээлснээр Майк Шаравжамц “Орландо Мэжик” багтай даваа гарагт “Exhibit 10” гэрээ байгуулсан. Тэрбээр энэ улиралд “Осеола Мэжик” багийн бүрэлдэхүүнд багтаж тоглох төлөвтэй байна гэжээ.
Ингэснээр Ш.Энхийн-Од NBA-ийн багтай албан ёсны гэрээ байгуулсан Монголын сагсан бөмбөгийн анхны тамирчин болж байна.