Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ)-өөс “Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026”-г танилцууллаа. Аймгуудыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн дөрвөн бүлгээр үнэлэхэд ерөнхий дүнгээр Дархан-Уул аймаг тэргүүлж, Дорноговь, Орхон аймаг удаалав.
Тус тайлан нь 2012 оноос эхлэн жил бүр боловсруулж, танилцуулж ирсэн судалгааны 15 дахь удаагийн бүтээл юм. Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа нь Монгол Улсын 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг харьцуулан үнэлэх, тэдгээрийн давуу болон сул тал, өөрчлөлтийг тодорхойлох, орон нутгийн хөгжлийн бодлого, шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээллээр хангах зорилготой.
ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ 2026
2026 оны өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Дархан-Уул аймаг 100 оноогоор тэргүүлж, Дорноговь 96.2, Орхон 92.3, Өмнөговь 79.8, Дорнод 76.5 оноогоор удааллаа. Харин Булган 34.0, Говь-Алтай 39.4, Завхан 40.6, Төв 42.7, Дундговь 43.9 оноогоор хамгийн сүүлд эрэмбэлэгдсэн байна.
Оноо нь харьцангуй хэмжүүр юм. Тухайн жилийн хамгийн өндөр үнэлгээтэй аймгийг 100 оноо гэж авч, бусад аймгийг түүнтэй харьцуулдаг.
Зураг 1. Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ 2026

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЕРӨНХИЙ ОНООНЫ ӨӨРЧЛӨЛТ
Өмнөх буюу 2023 оны үр дүнтэй харьцуулахад Дархан-Уул аймаг гуравдугаар эрэмбээс ахиж, ерөнхий үнэлгээгээр тэргүүлсэн байна. Харин 2023 онд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан Орхон аймаг гуравдугаарт бичигджээ. Дорноговь, Өмнөговь аймгууд эхний дөрвөн байрт эрэмбэлэгдсэн байр сууриа хадгалсан бол Дорнод аймаг зургаадугаар эрэмбээс тавдугаар байрт ахисан байна.
2026 оны аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий онооны дундаж 61.5 болж, 2023 оны 66.6 онооноос 5.2 оноогоор буурсан байна. Үндсэн дөрвөн бүлгийн дундаж оноог 2023 оны үр дүнтэй харьцуулахад бүгд буурсан үзүүлэлттэй байна.
Хүснэгт 1. 21 аймгийн дундаж оноо, 2023 ба 2026 он
Үндсэн бүлэг20232026ӨөрчлөлтЭдийн засгийн тамир тэнхээ62.551.1−11.4Засаглалын үр ашиг71.064.1−6.9Бизнесийн үр ашиг70.460.3−10.1Дэд бүтэц60.152.1−8.0Ерөнхий үнэлгээ66.661.5−5.2Тайлбар: Ерөнхий оноо нь дөрвөн бүлгийн онооны дундаж биш: бүлгүүдийн дунджийг тэргүүлэгч аймагтай дахин харьцуулж, 100 онооны хуваарьт шилжүүлдэг. Иймд ерөнхий онооны өөрчлөлт бүлгүүдийнхээс өөр гарна.
Эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн дундаж оноо хамгийн их буюу 11.4 оноогоор буурсан бол засаглалын үр ашиг бүлгийн дундаж оноо харьцангуй бага буюу 6.9 оноогоор буурсан байна.
Аймаг тус бүрийн өөрчлөлтийг харвал 21 аймгаас таван аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өсөж, 16 аймгийн оноо буурсан байна.
Оноо өссөн аймаг: Дундговь (+9.0), Завхан (+5.0), Дархан-Уул (+4.9), Говь-Алтай (+2.7), Архангай (+1.8).
Оноо хамгийн их буурсан аймаг: Хэнтий (−26.3), Төв (−21.0), Ховд (−14.4), Говьсүмбэр (−11.9), Сэлэнгэ (−11.2).
ҮНДСЭН ДӨРВӨН БҮЛГИЙН ҮНЭЛГЭЭ
Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээг бүрдүүлж буй үндсэн дөрвөн бүлгийн үр дүнг тус тусад нь авч үзвэл аймаг бүрийн давуу болон сул тал харилцан адилгүй байна.
Зураг 2. Эдийн засгийн тамир тэнхээ

Эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн үнэлгээгээр Өмнөговь аймаг 100 оноогоор тэргүүлж, Дорноговь 96.0, Орхон 92.3 оноогоор удаалжээ.
Энэ бүлэг нь аймгийн эдийн засгийн хэмжээ, эдийн засгийн салбаруудын хөгжил, хүн амын амьжиргааны түвшин, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдлыг хэмждэг.
Зураг 3. Засаглалын үр ашиг

Засаглалын үр ашиг бүлгээр Дорноговь аймаг 100 оноогоор тэргүүлж, Дархан-Уул 98.6, Говьсүмбэр 91.6 оноогоор удаалсан байна.
Энэ бүлгийн үнэлгээ нь аймгийн төсөв, институцийн тогтолцоо, бизнесийн эрх зүй, нийгмийн тогтолцоог хэмждэг.
Зураг 4. Бизнесийн үр ашиг

Бизнесийн үр ашиг бүлгийн үнэлгээгээр Дархан-Уул аймаг 100 оноогоор тэргүүлж, Сэлэнгэ 92.4, Дорноговь 91.7 оноогоор удаалжээ.
Бизнесийн үр ашиг бүлэг нь хөдөлмөрийн зах зээл, бүтээмж, санхүү, менежментийн хэвшлийг үнэлдэг.
Зураг 5. Дэд бүтэц
