Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

оруулсан Алсын Хараа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.11.19/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцээд тус хуралдаанд оролцсон гишүүдийн  92.3 хувийн саналаар дэмжлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа өгч буйгаа энэ сарын 17-нд албан ёсоор мэдэгдсэн юм. Түүний гаргасан хүсэлтийг УИХ дахь намуудын бүлэг, УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хороо тус тус хэлэлцэн дэмжсэн. Байнгын хорооны хуралдааны үеэр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй тул санал хураалтаар уг хуралдаан өндөрлөсөн юм.

УИХ-ын чуулганы энэ өдрийн хуралдааны үеэр Б.Пүрэвдорж, Ж.Чинбүрэн, С.Цэнгүүн, Д.Батлут нарын зэрэг УИХ-ын гишүүн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх болсон шалтгаан, үндэслэлийг тодруулж, асуулт асууж хариулт авав.

Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгчийн бүрэн эрх тангараг өргөснөөр эхэлж, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болдог. Ерөнхийлөгч хүсэлтээрээ чөлөөлөгдсөн тохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусахаар тусгасан байдаг. Ерөнхийлөгчийн гаргасан хүсэлтийг УИХ өнөөдөр ийнхүү хэлэлцэн шийдвэрлэснээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байна.

Нэгэнт Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болсон тул түүний албыг УИХ-ын дарга С.Бямбацогт хэрэгжүүлнэ. Энэ нь зарим улсынх шиг парламентын дарга нь тангараг өргөж, Ерөнхийлөгч болно гэсэн үг биш. Харин Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар тухай бүрд нь хэлэлцэн шийдвэрээ гаргаж байх юм.

УИХ-ын дарга шаардлагатай тохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ Ерөнхийлөгчийн зарлиг, захирамжид “Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч” гэж гарын үсэг зурна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга өөрийн бүрэн эрхийг давхар хэрэгжүүлэх юм.

УИХ Ерөнхийлөгчийн хүсэлтийг ёсоор болгож, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсноос хойш УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийг 4 сарын дотор зарлан явуулах хуулийн зохицуулалттай.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар, ээлжит бус сонгуулийг Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш ажлын 20 өдрийн дотор сонгуулийн товыг зарлана. Тэгэхдээ УИХ сонгуулийг 70-аас доошгүй хоногийн өмнө зарлах аж. Өөрөөр хэлбэл, УИХ-ын тогтоох сонгуулийн тов нь зарлах өдрөөс 70-аас доошгүй хоногийн дараа Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болсноос хойш 4 сарын дотор багтана.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зургаа дахь удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгуулж, 2021 оны зургаадугаар сарын 25-ны өдөр тангаргаа өргөсөн юм. У.Хүрэлсүх нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 6 жилийн хугацаатай сонгогдсон Монгол Улсын анхны Ерөнхийлөгч бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болоогүй байхад өөрийн хүсэлтээр ажлаа өгч буй мөн анхны тохиолдол боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр П.Очирбат 1990–1997 онд, Н.Багабанди 1997–2005 онд, Н.Энхбаяр 2005–2009 онд, Ц.Элбэгдорж 2009–2017 онд, Х.Баттулга 2017–2021 онд тус тус дөрвөн жилийн хугацаатай ажиллаж байв.

Сэтгэгдэл бичих