ДЭМБ: Эболагийн халдвараар 30 минут тутамд нэг хүн нас барж байна

оруулсан Алсын Хараа

БНАКонго улсад эболагийн халдвар хурдтай тархаж, 30 минут тутамд нэг хүн нас барж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдлээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд онцгой тусламжийн асуудал эрхэлсэн зохицуулагч Том Флетчер дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн байгууллагуудын удирдагчдаас бүрдсэн Байгууллага хоорондын байнгын хорооны яаралтай хуралдааныг зохион байгуулж, хамтарсан үйл ажиллагааны хүрээг эрс өргөжүүлэхээр тохиролцжээ.

Флетчерийн хэлснээр, 6 дугаар сар гарснаас хойш тодорхой ахиц дэвшил гарсан бөгөөд НҮБ-аас эболатай тэмцэх ажиллагааны Ахлах зохицуулагчийг халдвар дэгдсэн бүс нутаг руу илгээсэн бол донор байгууллагууд 300 сая орчим доллар хандивласан байна. Мөн онц байдалд хариу үзүүлэх Төв сангаас 30.5 сая доллар гаргасан бол өмнө нь халдвартай тэмцэхэд зориулан БНАКонго улс ба хөрш дөрвөн улсад 24 сая долларын тусламж үзүүлжээ. Түүнчлэн НҮБ-ын 24 ажилтныг голомтын бүс рүү илгээсэн байна.

НҮБ-ын хэвлэлийн албаны мэдээлэлд дурдсанаар, эболагийн бундибужио омгийн вирус тархсанаас хойших гурван сар орчмын хугацаанд халдварын 4660 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 2184 хүн нас барж, нас баралт 47 хувьд хүрчээ.

Халдвар хурдтай тархаж буй энэ үед НҮБ-ын агентлагууд үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Маргаашнаас эхлэн Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс эболаг эмчлэх төвүүдэд халуун хоол түгээж эхэлнэ. Учир нь, БНАКонго улсын хойд нутаг дахь эболад нэрвэгдсэн бүсүүдэд амьдарч буй 2.6 сая гаруй хүн хоол тэжээлийн дутагдалд ороод байгаа юм.

Сэтгэгдэл бичих