Г.Аюурзана: XIII зуунд дэлхийн хэмжээний бүтээл туурвих боломж нь зөвхөн Монголд л байсан

оруулсан Алсын Хараа

Г.Аюурзана бол 1990 оны Ардчилсан хувьсгалаас хойших 35 жилийн түүхэнд Монголын бичиг соёлын ертөнц дэх тод дуу хоолой болон хүлээн зөвшөөрөгдсөн зохиолч юм. Тэрбээр анхны хувийн чөлөөт сонинуудын нэгийг үүсгэн байгуулж, яруу найраг, хүүрнэл зохиол, орчуулга, нийтлэл, соён гэгээрүүлэх ажил гээд уран зохиол болон нийгмийн чиглэлд ажиллаж иржээ. Түүний “Философийн шүлгүүд”, "Non plus ultra" тэргүүтэн шүлгийн түүврүүд болон “Дурлалгүй ертөнцийн блюз”, “Бөөгийн домог” тэргүүтэн хүүрнэл зохиолууд, “Тэнгэрийн судар” тэргүүтэй "Монголын нууц товчоон"-ы задлан шинжлэлүүд нь уншигчдын сонирхлыг ихээхэн татаж, монгол төдийгүй гадаадын олон хэлээр орчуулагдан нийтлэгдсээр байна. Зохиолч Г.Аюурзана Монгол Улсаас Айовагийн зохиолчийн хөтөлбөрт сонгогдсон цөөхөн зохиолчийн нэг юм.

Энэ удаад монгол хэлт утга зохиолын гол эх бичвэр болох “Монголын нууц товчоон” болон түүнээс улбаатай монгол үндэстний оюун санааны өв, монгол үндэстний ирээдүйн тухайд төвлөрөн ярилцсанаа толилуулж байна.

МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНЫ ДАЛД БИЧВЭР

-Хэдэн жилийн өмнө таны өгсөн ярилцлагаас нэгэн өгүүлбэр санаанд торж үлджээ. “Монголын нууц товчоон /МНТ/”-ыг хүн төрөлхтний оюуны ертөнцөд эзлэх ёстой байр суурьдаа очиж, хүлээх ёстой хүндлэлээ хүлээхэд үлдсэн амьдралаа зориулахаар шийдсэн” гэдэг үг. Зохиолч хүний хувьд амьдралаа ингэж харах, түүнийгээ илээр хэлэх нь тун онцгой нөхцөл шүү дээ. Уучлаарай, яагаад заавал МНТ гэж, яагаад үлдсэн амьдралаа зориулна гэж?

-Монгол зохиолч болж төрсний хувьд миний хамгийн их өртэй ном байгаа гэвэл МНТ. Би МНТ-ыг харьцангуй сүүлд уншсан. Тав, зургаадугаар ангид байхдаа унших гэж үзээд чадаагүй. Миний үеийн хүүхдүүд тав, YI ангидаа л уншлагын амтанд орчихдог байсан. Яагаад ч юм надад тэр үед МНТ "уншигдахгүй байсан". Хожим нэлээд буурьтай уншсан үе маань 1990 он. Тэр үед Ш.Гаадамба гуай Л.Н.Гумилевтэй уулзахаар Ленинград явах замдаа миний сурч байсан М.Горькийн сургуулиар ирсэн. Манай М.Горькийн сургууль нааш, цааш явж буй зохиолч бүр л буудаг газар байв. Тэрбээр МНТ-ы худам бичгийн сийрүүлгээ дөнгөж хэвлүүлээд авч явсан юм. Яруу найрагч М.Баттөмөр бид хоёр бүтэн оройжин Ш.Гаадамба гуайтай ярьж суухад, өмнөх хуудсанд нь миний нэрийг бичээд, гарын үсгээ зурж бэлэглэсэн ном нь надад одоо ч бий. Тэр үед манай үндэсний ухамсар сэргэж байсан үе учраас хойно байгаа бидэнд ч алсаас сайхан нөлөө үзүүлж байсан.

Ингээд  МНТ-ыг монгол бичигтэй нь зэрэгцүүлж уншихыг оролдож үзсэн. МНТ-ыг монгол бичигтэй хамт уншина гэдэг их сонин орчин үүсгэдэг юм билээ. Миний хувьд, МНТ-ыг кирилл үсгээр Ц.Дамдинсүрэн гуайн хувилбараар уншсанаас илүү өөр нэг зүйл цаана нь байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Ш.Гаадамба гуай өөрөө судалгааны маш олон тайлбар, зүйлт хийсэн нь бас сонирхолтой. Ингээд бидний мэддэг үндсэн бичвэрээс гадна цаана нь давхар бичвэр байгаа юм байна гэдэг санаа тэр үед анх төрсөн.

“Илбэ зэрэглээ” романаа 30-аад настайдаа л анх бичсэн байх. Тэр үед МНТ-ы далд бичвэрийн тухай санааг олсон. Романы гол баатар маань зохиолоо бичиж дуусгаад л шатаачихаад байдаг. Тэгснээ дахиад л бичдэг. Үүний далд бичвэр нь МНТ байсан. Тийм болохоор би зэрэгцүүлээд МНТ-ы тухай тэмдэглэл бичээд эхэлсэн. Тэр тэмдэглэл маань 2000 он гарсны дараа нэлээд олон болсон. Санаа гэдэг зүйл хүнд төрөх үед нь гаргахгүй бол тэр санаа өөр хүнд оччихдог. Миний тэмдэглэсэн санаатай давхацсан санаанууд МНТ-ы тухай шинэ өгүүллүүдэд гарч эхэлсэн. Тэгтэл миний санаатай давхцах өгүүллүүдтэй ч таарч эхэлсэн. Ингээд насан туршдаа өөртөө л бичих гэж байснаа болиод МНТ-ы тухай тэмдэглэлүүдээ хэвлүүлсэн. Тэр нь миний “Тэнгэрийн судар” ном. Би “Тэнгэрийн судар” номоо насан туршдаа бичих нэг ном гэж бодож байгаа. Энэ жил гурав дахь хувилбараар нь гаргана.

МНТ-ыг хүн төрөлхтний оюуны ертөнцөд эзлэх ёстой байр суурьдаа очиж, хүлээх ёстой хүндлэлээ хүлээхэд үлдсэн амьдралаа зориулахаар шийдсэн” гэдэг нь судлаачийн хувьд хэлж байгаа үг биш зохиолчийн хувиар хэлж буй үг. Монгол зохиолч ямар нэг бичвэрийн өмнө өртэй байдаг бол тэр нь МНТ гэдгийг л харуулах гэсэн юм.

-МНТ саяхан “Penguin Random House” хэвлэлийн газрын “Сонгодгууд” цувралд судлаач Кристофер Атвүүдийн орчуулгаар хэвлэгдлээ. Үүнийг судлаачдын хүрээнээс гарч, дэлхийн жирийн уншигчдын сонголт руу орж байгаа үйл явдал гэж ойлгож байна. Тухайн үеийн өрнө, дорны уран зохиолын сонгодог өвүүдтэй харьцуулаад харахад МНТ хэр үнэ цэнтэй бичвэр вэ?

-МНТ шиг их сайн судлагдсан зохиол Монголд байхгүй. Монголын түүх талаас ч, хэл зүй, уран зохиол талаасаа ч тэр. “Penguin Classic”-аас гарчихлаа гэдэг чинь уран зохиолын судалгааны хувьд нэлээд ондоон түвшинд хүрчихлээ гэсэн үг л дээ.

Гэхдээ МНТ-гоо бид их буруу ойлгодог. Ямар ч бичвэрийг ямар ч хувилбараар ойлгох боломжтой атал бид ерөнхийдөө нэг хувилбараар л ойлгосоор ирсэн. Энэ бол үнэ цэнтэй бичвэрийг гутааж байгаа хэрэг л дээ.

Яагаад гэвэл бичвэр өөрөө цуурайтах чадвар нь сайн байх тусмаа үнэ цэн нь өсдөг. Манайд МНТ-ны бичвэрийг цуурайтуулаагүй. Жишээлбэл, МНТ-ны эхний өгүүлбэрийг л харъя л даа:

“Чингис хааны язгуур

Дээд тэнгэрээс заяат төрсөн Бөрт Чоно ажгуу. Гэргий нь Гуа Марал ажихай. Тэнгэс гэтэлж ирэв. Онон мөрний тэргүүнээ Бурхан халдунаа нутаглаж төрсөн Батачихан ажгуу.” гэдэг энэ гурван өгүүлбэрт одоо болтол орчин үеийн уншигчид зөв ойлгох хэмжээний бичвэрийн боловсруулалт хийгээгүй.

Дундад эртний монгол хэлд таслал, тодорхойлох цэг, зураас гэж байсангүй. Бичвэрийг уншиж байгаа хүн ямар аялгаар ойлгохов, тэр янзаар ойлгогдохоор бичдэг байж л дээ. “Чингис хааны язгуур” гэдгийг мөр тэтгэж бичсэн бололтой гэсэн санааг Ш.Гаадамба гуай гаргасан. Есүнхэ мэргэний дурсгалт хөшөөнд Чингис хааны нэрийг бусдаас нь ялган мөр тэтгэж бичсэн байдагтай адилхан гэсэн үг. Гэтэл “Язгуур” буюу “узуур” өөрөө  МНТ-д гурван удаа гардаг. Нэгдүгээрт, энэ мөр тэтгэсэн хэсэг, хоёрдугаарт, Халх гол, Буйр нуурт цутгадаг узуур байна. Гуравдугаарт Татараас Шихихутагийг олоход “узур сайт хүний үр” гэсэн байдаг. Тэгэхлээр энэ үгийн утга маш тодорхой. Ураг удам, угсаа гэсэн утга. Буриад, Барга хэлэнд узуур гэдэг үг одоо ч идэвхтэй хадгалагдаж байгаа. Гэтэл энэ мөр тэтгэсэн үгийг нэр гэж тайлсан, одоо болтол түүн дээрээ хатуу зогсдог хүмүүс ч байгаа.

Чингис хааны язгуур Дээд тэнгэрээс заяат төрсөн Бөрт Чоно” гэдэг нь өөрөө ямар мэдээлэл агуулж байгаа зүйл юм гэдэг нь одоо болтол тодорхойгүй. Чингис хаан бол дээд тэнгэрээс заяатай гээд л яваад байдаг. “Дээд тэнгэрээс заяат төрсөн”  гэдэг  үг бол Хүннү гүрний 50-иад үг ханзаар тэмдэглээстэй үлдсэний дотор байгаа “Чэнли куту” гэсэн үг. “Чэнли” гэдэг бол ямар ч эргэлзээгүй “тэнгэр” гэсэн үг. “Тэнгэр” гэдэг үгийг одооны хятад хүн ч бараг “Чэнли” гэж хэлэх байх. “Куту” гэдэг бол хутаг, заяа гэсэн үг. Тэгэхээр дээр байгаа тэнгэр гэдэг үгийг одооны  хятад хүн чингэлэг гэж л хэлнэ. “Куту” гэдэг бол хутаг заяа гэсэн үг. “Тэнгэрийн хутаг” гэсэн утга. Түүнийг Манжийн үед хятадчилахдаа “Тэнгэрийн хөвүүн” гэж орчуулчихсан. Тэгээд одоо хүртэл манайхан “Тэнгэрийн хөвүүн” гээд л яваад байдаг. “Тэнгэрийн хөвүүн” гэж ерөөс байхгүй. “Тэнгэрээс заяат байх”, “Тэнгэрийн хүүхэд” хоёр чинь шал өөр утгатай. “Тэнгэрийн хүү” гэдэг чинь бараг л христос шашны ойлголт.

Бидэнд хамгийн түгээмэл бичвэрээр уншихаар яаж уншигддаг гээч. “Чингис хааны узуур дээд тэнгэрээс заяат Бөртэ Чоно. Гэргий нь Гуа Марал аж” гэж уншигддаг. Энэ бичвэрээс харахад “Чингис хааны гэргий нь Гуа Марал” гэж уншигдана. Монгол хүн буруу яриад зөв ойлгодог гэдэг шиг бид хэзээ ч Чингис хааны гэргий Гуа Марал биш гэдгийг мэддэг учраас зөвөөр ойлгочихно. Харин мэддэггүй хүнд анхдагч бичвэрийг уншуулахад ингэж л уншина. Тэгэхээр бид МНТ-ы бичвэрэд шинээр боловсруулалт хийх хэрэгтэй. Үгийг өөрчлөхгүйгээр цэг тэмдэг, зарим газар зай, таслал тавиад Чингис хааны узуур гэдэг үгийн ард тодорхойлох цэг тавьдаг ч юм уу гэх мэтээр үндсэн бичвэр, үгэнд хүрэхгүйгээр бичвэрийн зохион байгуулалтыг өөрчлөх хэрэгтэй.

МНТ жинхнээрээ ойлгогддоггүй, Ц.Дамдинсүрэн гуайн орчуулгаар л ойлгодог гэх хүмүүс бий. Тэгж болохгүй, тэр чинь орчуулах ёстой зүйл биш.

 Жишээлбэл, судлаачдын бүлэглэж ирснээр харвал нэгдүгээр хэсэгт “төрсөн” гэж үг хоёр байгаа. Эхнийх нь дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ Чоно, нөгөөх нь Онон мөрний тэргүүн Бурхан Халдун уулнаа нутаглаж төрсөн Батчаган. Энэ хоёр үгийг бид хоёр өөр утгаар ойлгодог. Тэгтэл дээд тэнгэрээс заяат төрнө гэдгийг тэнгэрийн хэвлийгээс хүн төрчихлөө гэж хэн ч ойлгодоггүй мөртлөө Бурхан халдунаа нутаглаж төрсөн гэдгийг заавал энэ Гуа Маралаас төрсөн гэж тайлбарлаад байдаг. Энэ бол бичвэрийг гүтгэж байгаа хэрэг. “Төрөх” гэдэг үгийг монгол хэлэнд ганцхан эхээс юм уу, эм амьтан үр хүүхдээ төрүүлж гаргахыг хэлдэг ганц утгатай биш. “Нутаглаж төрсөн Батчаган” гэдэг бол тэр нутагт үеийн үеэсээ амьдарч ирсэн, тэр нутгийн эзэн гэсэн утга байгаа.

Сайхан төрсөн хүн гэвэл төрөхдөө маш хөөрхөн байсан гэсэн үг биш яг одоо сайхан байгаа хүнийг сайхан төрсөн хүн гэдэг. Одоо цагийн энэ утгыг Батчаган дээр ярьдаггүй, нөгөө утгаар явснаас болоод Батчаган бол Бөртэ чино, Гуа Маралын хүүхэд юм байна гээд байдаг.  Гэтэл энд тотемын ойлголт тусдаа явж байгаа. Энэ мэтээр маш олон юмыг бид цэгцлэх хэрэгтэй. Цэгцлээгүй учраас одоо болтол МНТ-ыхоо үнэ цэнийг мэдэрдэггүй. Ингээд ярих юм бол маш олон зүйл бий.

-Монголын нууц товчооны бичигдсэн цаг хугацааны тухай та сонирхолтой гаргалгаа хийсэн байдаг. МНТ яг 1240 оны бүтээл мөн үү?

-Ер нь, МНТ-ы үндсэн хэсэг нь хэзээ бичигдсэн бэ гэдэг нь тодорхой байдаг. Чингис хааны узуур гээд эхэлж байгаа зохиол явсаар байгаад гахай жил Чингис хаан тэнгэрт гарав гээд үндсэн сэдэв дуусчихаж байгаа. Тэгээд Чингис хааныг нас барсны дараа тэнд дурдаж байгаа олон гоё үлгэр домог, “Алтан товч” дотор гардаг зүйлс гээгдсэн ч байж магадгүй. Ордосоос оймсыг нь онголоод, нааш тэргээр авчирсан гэх мэт түүх ямар нэг хэмжээгээр орсон юм уу, ороогүй байлаа ч эх бичвэрийн тодорхой хэсэг нь хаягдсан байж магадгүй. Эсвэл зориуд зарим нэг хэсгийг нь хаясан байж магадгүй. Гэхдээ ямар ч байсан үндсэн агуулга бол Чингис хаан нас бараад дуусаж байна гэдэг нь мэдэгддэг. Үүнийг нэг зүйлээр нотолж болдог.

Чингис хааны дараа Өгэдэй хаан болсон бүхий л хэсэгт Цагаадайн нэрийг “Цагаадай” гэж огт бичээгүй. Галигаар бол “Цагадай агаа” одоогийн биднийхээр бол “Цагаадай ах” гэж байгаа. Энд, “ах” гэж хэлэхгүйгээр Цагаадайг огт дуудаж болохгүй хүндэтгэл яваад байгаа юм. Чингис хааны тухай Тэмүүжин гээд явж байгаа мөртлөө Цагаадайг болохоор “Цагаадай ах” гэсэн нь хоёр өөр цагийн хоёр өөр бичвэрийг зүйчихсэн гэсэн үг.

МНТ-ы төгсгөл дэх “хулгана жилийн хуран сар нь” яг хэзээ вэ? гэхээр үндсэндээ Чингис хаан нас барсны дараах 1228 оны хулгана жилийн намар болж таараад байгаа юм. Ерөнхийдөө 1228 он гэдэг дээр судлаачид санал нэгдчих шиг боллоо. Гэхдээ сая “Penguin Classic”-аар гаргасан хувилбарт судлаач Атвүүд бүр хойш нь татсан байна билээ. Тэр яах вэ, тэр хүний асуудал биз. Ер нь монголчууд дотор ч гэсэн МНТ-ы бичигдсэн он сарыг хойш нь татдаг хүмүүс бий. Тэр нь Өгэдэйг хаан суулгая гэх үед Өгэдэйн удмаас олигтой хүн төрөхгүй бол миний удмаас сайн хүн төрнө биз дээ гэсэн санаа гардагтай холбоотой. Үүнийг Мөнхийг хаан суулгахын тулд хийсэн нэмэлт гэж үзээд он сарыг нь хойш татчихдаг. Гэтэл энэ мэдээлэл өөрөө хэн нэгнийг хаан суулгахын тулд эх бичвэрт гар хүрч редакц хийсэн асуудал биш. Энэ зүгээр л анхнаасаа монгол хүний ёс зүй. Чуулаад л, чуулганаараа нэгнээ хаан болгож сонгож байгаа гэсэн үг. Хэдийгээр тэр нь аристократ маягийн ардчилал боловч ардчилал байгаа юм. Хэрэв үнэхээр хэн нэг нь бүтэлгүй байх юм бол чадах нь энэ ардчиллын дагуу хаан болно гэсэн ойлголт. Гэтэл үүнийг засахын тулд МНТ-ы бичвэрийг хөндөж байсан зүйл байхгүй.

МНТ өөрөө монгол хүний ёс зүйн маш том кодыг агуулж байгаа юм. Өгэдэй хаан суух үедээ хожим миний удмаас олигтой  хүн төрөхгүй бол Чингис хааны ураг доторх хэн нэгэн хаан болоход би ерөөсөө татгалзахгүй гэж хэлсэн байж таарна.

-Ардчилсан сэтгэхүйгээр хандаж байна шүү дээ...

-Ингээд бодохоор 1228 он гэдэг чинь  маш чухал он. Өгөдэйтэй холбосон нь зөв байгаад, 2040 байдаг юм гэхэд Өгэдэй бэлэн болчихсон бичвэр дээр өөрийнхөө хэсгийг нэмсэн. Тэр нь “Цагаадай ах”-ын жишээнээс л тодорхой. Магадгүй Өгэдэйгөөс хойших бүх хаад өөрийнхөө хэсгийг нэмээд явах ёстой байсан байх. Гэтэл тасалдчихсан. Гүюгээр тасалдчихсан уу, хожим нийслэл шилжсэнээс таслагдсан уу, тодорхойгүй. Гэхдээ ямар ч байсан үндсэн бичвэр яах аргагүй Чингис хааны түүх. Энэ түүх 1228 он гэхэд үндсэндээ цэгцрээд дуусжээ. Яагаад заавал Их хуралдайг дурдав? Хулгана жилийн хуран сард их хуралдай өөрөө баталсан байж магадгүй. Яагаад гэвэл энэ чинь зөвхөн алтан ургийнханд хамаатай нууц  түүх  шүү дээ.

Юан гүрний үед бусад бичгийн том түшмэлд өгдөггүй байсан тухай бичгийн баримт байгаа. Бид өнөөдөр олж харах боломжтой байгаа учир юу нь нууц юм гээд байгаа болохоос яг үнэндээ зөвхөн алтан ургийнханд хамаатай байж шүү дээ. Тийм ч учраас өнөөдөр монгол эх нь олдохгүй байгаа. 1930-аад оны хэлмэгдүүлэлтээс өмнө “Алтан товч”-ийг Онходын Жамьян гүн олсон байдаг. Тэр мэтийн өөр хувилбар зөндөө байсан байх магадлалтай. Рашид ад-Дин “Судрын чуулган” дотор, “Би өөрөө олж үзээгүй гэхдээ тийм ном манай хаанд байгаа” гэж дурдсан. Газан хаанд байсан, Өлзийт хаанд байсан Алтан дэвтэр гэж нэрлэсэн зүйл бол МНТ л байж таарна.

-МНТ 1228 онд бичигдсэн гэдэгт төвлөрөөд тэр үеийн уран зохиолын өвийг бодъё л доо. Японд Гэнжийн туульс байсан, Роланд  баатрын дуулал бол тэр үеийнх, Оросын “Игорийн хорооны тууж” гээд тэр үеийн зохиолуудыг харьцуулахад хүн төрөлхтний, үндэстний гол бичвэрүүд тухайн үед “мэндэлж” байсан шиг. Тэдэнтэй харьцуулахад манай уран зохиол МНТ хэр хүчирхэг бичвэр вэ, хэр ач холбогдолтой вэ?

-XIII зууны эхэн үед МНТ бичигдэж байхад дэлхий дээр мэдэгдэж байсан онцгой том бичвэр бол Библийн судар, Коран хоёр л байсан байх. Кораныг дагаад, зэрэгцээд явсан 1001 шөнийн үлгэр байсан байх. Бусад судар нь түгээгүй байсан.

Монголчуудын бичиг үсэг авсан түүх өөрөө Газар дундад тэнгисийн иргэншлээс наашаагаа явна. Бүр Финикээс, Шумерээс яригдана. Зөвхөн монгол бичгийн үүх түүхийг харахад л Согдоос авсан. Согд бичиг, уйгуржин бичиг хоёр адилхан. Одоо ч гэсэн Киргизэд Талас гээд газар согд бичиг дээрх хадны дурсгал байгаа. Түүнийг бид бараг гөрдөөд уншчихна. Хожим XX зууны эхээр Турфанаас Герман руу аваачсан бичгийн өв дотор уйгур бичгийн маш их өв байгаа. Орчин үед компьютерын технологиор шүүгээд үзвэл уйгур гэж үзэж байгаа олон дурсгал дотор “Сулхарнайн тууж” шиг монгол бичгийн бичвэрүүд байх магадлалтай. Ингэхээр бидний монгол бичгийн, уйгур бичгийн, согд бичгийн өвүүдийг дагахаар баруун тийшээ яваад байдаг. Баруун тийшээ явж байна гэдэг нь бичиг үсгийн зам маань финикээс арамей, арамейгээс согд хүртэл явсан энэ замд хамгийн их шүргэлцэх магадлалтай бичвэр бол библи. Библийг грекээр “библи” гэж явчихсанаас биш эхний бичвэрүүд бол Еврейн “Тора” бичээст байгаа бичвэртэй адилхан. Тэгэхээр бид бичиг үсэг авсан түүх нь зөвхөн үсэг аваад явах уу, тэр үсгийн илэрхийлж байгаа утга бичвэрүүдийг авах уу гээд ярихаар өөр асуудал ургана.

Тэгэхээр монголчуудын төлөвшил, оюун санаанд баруун талаас ирсэн барууны иргэншлийн тухай мэдээлэл маш их байгаа. Энэ бол зөвхөн эзэнт гүрний үеийн үзэгдэл биш. Чингис хаан Чанчун бумбад хэлэхдээ, “Манай шаньюгээс хойш...” гэж байгаа. Тэгэхээр өөрийгөө Хүннүгийн залгамжлагч гэж үзэж байсан. Манай шаньюгийн эзэн гэхээр бараг Модун болно. Модуны түүхийг, намтрыг  харахад Модун Юэчжи нарын дунд барьцаанд өссөн. Юэчжи бол эртний перс хэлтэй, тохар хүмүүс байсан. Тэгэхээр Модун бол монгол хэлээс гадна ямар ч байсан перс хэлтэй байсан байх магадлалтай. Барьцаанд байгаа газрынхаа хэлийг сурахгүй байна гэж байхгүй. Бүр хожмын Хасгийн Абалай хаан Ойрадын барьцаанд өссөн, монголоор чөлөөтэй ярьдаг байсан хүн гэж байгаа.

Ингээд бодохоор монголчууд бичиг авахдаа маш их иргэншил, том том бичвэрүүдийн сэтгэлгээг авсан. Энэ сэтгэлгээ нь МНТ-д шууд туссан.

“Чингис хааны узуур” гээд дурдаад явж байгаа нь Библийн өгүүлэмжтэй адилхан байдгийн учир үүнтэй холбоотой. Ингээд бодохоор тухайн үеийн XIII зууны эхэн үед монголчууд дэлхийн хэмжээний бүтээл туурвичихсан. Тэгэх боломж ганцхан Монголд байсан. Дэлхийг засаглаж байсан учраас тэр. Ийм боломж өмнө нь Хүннүд байсан байж магадгүй. Гэхдээ Хүннүгээс бичвэр үлдээгүй. Хүннү нар торгоны замыг захирч байсан хүмүүс шүү дээ, Сяньби ч захирч байсан. Хүннү, Сяньби хоёрын дараа л хятадууд анх удаа Гансугийн коридороор гарч торгоны замыг мэдсэн. Ингээд бодохоор нүүдэлчин хүмүүсийн ертөнц гэдэг маш олон зүгт цацарсан ертөнц. Цинши хуанди хэрэм барьсан учраас урагшаа яваагүй. Харин торгоны зам дагаад баруун тийшээ явчихсан. Тэгэхээр хүн төрөлхтний дэлхийн тухайн үед мэдэгдэж байсан бүх бичвэрийн ололт МНТ-д туссан гэсэн үг. Үүнийг сэтгэл хөдлөлөөрөө задлаад ярьчихдаг юм биш. Бичвэр бүрийн цаана код байгаа.

Монголчуудын тухай монгол хүн ярихаар дандаа бардам, болж өгвөл өөрийнхөө сул талыг дараад, давуу талыг дөвийлгөх гэж байгаа юм шиг гадаад хүмүүст сонсогддог байж магадгүй. Гэхдээ яг үнэндээ монгол хүнд өөрийгөө дөвийлгөөд байх шаардлага байхгүй. “Ийм түүхтэй ард түмэн өөрийгөө өмөөрүүлээд байх шаардлага гарахгүй дээ” гэсэн үг бий дээ.

Үнэндээ нүүдэлчний иргэншлээс, Арабаас авахуулаад Номхон далай хүртэл асар том орон зай дотор, бичиг соёлын хувьд ийм цэгцэрсэн хэмжээний бичвэр үлдээсэн улс Монголоос өөр алга л байна шүү дээ.

Гэтэл монголчуудын нүүдэлчдийн ертөнцөд эзэлдэг орон зай нь бага. Газар нутаг, хүн амын хувьд ярьж байгаа юм шүү. Түрэг хэлтний орон зай асар их.

Гэтэл түрэгүүд нүүдэлчин байх үедээ бага сага үлгэр туульс үлдээснээс биш бичгийн уран зохиол үлдээгээгүй. “Penguin Сlassic” л өөрөө нотолгоо болж байна. Энэ бол хүн төрөлхтний ололтын дээдүүдийг гаргадаг цуврал. Энэ дунд энэ ном үнэхээр орох ёстой юм байна гэж үзээд одоогоор амьдарч байгаа монгол судлаачид дотроос хамгийн бядтай, буурьтай нь болох Атвүүдэд захиалга өгөөд гаргаж байна. Орчуулгын хувьд өмнө нь гарсан 3 үндсэн, 1 давтсан орчуулга дээр нэмсэн зүйл бага юм билээ. Гэхдээ өөрөө монголч эрдэмтэн, мундаг том судлаач учраас судалгааг дагалдуулаад оруулчихсан нь тун чухал. Энэ нь МНТ уран зохиолын хувьд ямар үнэ цэнтэй юм бэ гэдгийг харуулсан гоё ажил болсон.

-Та МНТ болон монгол хэл, соёлын тухай гурван боть ном гаргасан. Эхний ботьдоо МНТ-д ёс зүйн задаргаа хийсэн. Бичвэрийн нарийн задаргаа гэхээс илүү ёс суртахууны ул мөр,  ёс зүйн кодыг хайсан ном гэж ойлгосон.” МНТ-оос тэр үеийн монголчуудын ёс зүй болон сэтгэлгээний 14 кодыг гаргаж ирсэн байна. Тэдгээр гурван боть номынхоо талаар яриач?

-Барууны ертөнцийн хувьд хүнийг хүмүүжүүлэх, төлөвшүүлэх гээд систем аль эрт тогтсон. Тэр системийнх нь зөвтгөл, эш болдог тийм судруудтай. Өнөөдрийн өрнийн иргэншил, магадгүй дэлхийн иргэншилд ийм хүнийг ёс зүйтэй, хүмүүжилтэй, боловсролтой гэж үзэж байгаа үзлийн үндэс нь Библид л байгаа. Библиэс сайн, муу гэж юу юм, хүн ямар байх ёстой юм гэдэг ёс зүйн кодуудыг авдаг. Библи маш эрт, ямар ч шашингүй үед бичигдсэн учраас тэнгэр тайх зэрэг бидний ойлгодгоор бөө мөргөлийн шинжтэй зан үйл их байдаг. Гэхдээ тэр дундаас этик хайсан хүмүүс бүгдийг нь задлан авч үзсээр Библиэс бий болсон шашны этик тогтсон. Барууны иргэншил үүн дээр л бий болсон. Тэгвэл бидэнд тийм юм байгаа юу? Ихэнх хүмүүс байхгүй гэж бодож ирсэн.

Бүр “Монгол хүнд совесть байдаггүй болохоор энэ үгийг орчуулж хэрэггүй гэж Б.Ринчен гуай хэлсэн юм” гэж цуурдаг онигоо бий. Яг үнэндээ тийм юм гэж юу байх вэ дээ. Монгол хүн өөрөө асар том ёс зүйтэй, журамтай, цаг барьдаг сахилга баттай хууль дүрэм мөрддөг нэгдэж чаддаг байж л тийм том эзэнт гүрэн байгуулна шүү дээ.

Эх газрын өөр өөр соёлтой хаяа зэргэлдээ оршдог ард түмнүүдийг нэгтгэсэн эзэнт гүрний хувьд Монголынхоос том эзэнт гүрэн дэлхийн түүхэнд байхгүй. Тэс өөр соёлтой ард түмнийг нэг дор захирахын тулд тэр ард түмнээс ондоо хууль дүрэм шаардагдах нь мэдээж. Үүнийг батлах ганц л бичвэр бидэнд байна.

Эзэнт гүрний үеийн МНТ-д монгол хүний эрхэм чанар яаж туссан юм гэдгийг харахаар 14 зүйл тодорхой байж байна. Жишээлбэл, Монголчуудыг цаг барьдаггүй, залхуу гэдэг. Гэтэл монголчууд тэр үед маш сайн цаг барьдаг байсан, огт залхуу байгаагүй. Цаг барьдаггүй, залхуу байсан үе нь гэвэл өөрсдөө төр засгаа мэдэхээ байчихсан, өөрсдийнх нь төр биш болсон үе.

Хэдэн жилийн өмнө би бас нэг ярилцлагадаа ярьж л байсан. Монголын фен клубүүд шиг фен клубийн салбарыг Буриадад байгуулах гэж дүрмийг нь боловсруулж байсан. Боловсруулсан төслөө аваад, ажиллаач ээ гэхэд Буриадууд, “яршиг, яршиг бид юугаа хийдэг юм, бидний улс биш” гэж байгаа юм. Тэд өөрсдийнхөө нутагт амьдарч байгаа ч бүх удирдлага нь Оросынх учраас өөрийн улсад амьдарч байгаа биш гэдэг сэтгэлгээгээр юу ч хийхээ больдог юм байна. Бидний улс биш, яах юм тэгээд гэж байгаа юм. Үүнтэй адилхан монголчууд Манжийн эрхшээлд ороод, өөрийнх нь төр биш болчихоор цаг ч барихаа больсон, юу ч эрмэлзэхээ больчихсон. Зэвсгийг нь татвараар хураагаад авчихна, төмөр баривал болохгүй гээд цаазалчихсан, хажуугаар нь шашин оруулчихсан. Ингээд л ард түмэн оюун санааны хувьд мөхөх замдаа орчихсон байгаа юм. Тэгэхээр бид энэ үеийн ёс зүйгээс монголчуудын хүчирхэг байлгаж байсан ёс зүйг өнөөдөр хайх ямар ч боломж байхгүй. Гэтэл азаар бидэнд хайх юм байна. Бүтэн, хөдөлгөөнгүй бичвэр байна. МНТ байна.

МОНГОЛ ХҮНИЙ ДОТОРХ “СОНИН КОД”

-Монголчууд “National Identitу” гэж их ярьдаг болсон. Үүнийг хайсан нам хүртэл байгуулагдаж нэг хэсэг явсан. Энэ ойлголтод таныг өөрийн санаагаа нэмэрлэсэн гэж ойлгож байгаа. Монгол хүний   “National Identitу”-ыг томьёол гэвэл та ер нь ямар санаа хэлэх вэ?

-Ер нь, үндэстнийг үндэстэн байлгадаг хамгийн чухал, цөөхөн хүчин зүйл байгаа.

Тэгэхээр үндэстнийг бий болгодог маш том зүйл нь хэл соёл юм байна. Үүнийг дарангуйлагчид хүртэл мэддэг. Дарангуйлагчид яг үүний эсрэг ажилладаг байсан. Жишээлбэл, Сталин яагаад монгол бичгийг солих гэж улайрч зүтгэж дарамт учруулсан юм. Яагаад гэвэл, монголыг оюун санааны хувьд тусдаа үндэстэн байлгах, “identity” болж чадах бүх чанарыг алдуулахын тулд л тэр.

Малчин хүнд орос хэл заах боломжгүй. Гэхдээ малчин хүн орос бичгээр уншдаг болох хэрэгтэй. Энэ чинь өөрөө соёлын маш том дарангуйлал. 1966-1976 оны хооронд болсон Өвөрмонголын хүн амын бараг зургааны нэгийг залгисан соёлын хувьсгал байна. Үүнийг хятадууд өөрсдөө ч гэсэн манай түүхэнд гарсан маш том алдаа завхрал гээд дүгнэчихсэн. Энэ соёлын хувьсгалаар үндэстэн гэж байхгүй, өөр хэл гэж байхгүй, нэг л үндэстэн байх ёстой, тэр үндэстэн нь мэдээж хятад. Гэхдээ хятад гэж хэлэхгүй. Нэг социалист үндэстэн байх ёстой, социалист үндэстэн нэг хэлээр ярих ёстой гээд хятад оюутнуудыг Өвөрмонголд малчин айлуудад суулгасан.

Соёлын хувьсгалын чиглэсэн төв цэг нь үндсэндээ Хятад дотроо бол Бээжин, Шанхай, Чунчэн гэсэн хоёроос гурван хотын хүрээнд л өрнөсөн. Гэтэл яг  бүс нутгийг хамарсан нь Өвөрмонгол, Төвөд, Шинжаан Уйгур шүү дээ. Тэгэхээр энэ бол үндэсний эсрэг, хэл соёлыг нь үгүй болгох  том бодлого байсан. Хэл, соёл ямар чухал юм бэ гэдгийг зөвхөн энэ хоёр жишээнээс л харж болно. Тэгэхээр үндэстнийг үндэстэн байлгадаг зүйл нэгдүгээрт хэл, хоёрдугаарт соёл юм байна. Цаана нь эрх ашиг, үүх түүх гээд өч төчнөөн юм байгаа. Тэгэхээр энэ бүхнийг бид өнөөдөр эрхэмлэж байж, “Монгол айдентити” гээчийн тухай цогц ойлголттой болно. Хэл нь, соёл нь, үүх түүх нь нэг үндэстний бие биенээ гэх сэтгэл нь, эрх ашиг нь эмзэг байдалд орох юм бол бидний үндэстэн оршин тогтнох уу үгүй юу гэдэг ч эргэлзээтэй болно.

-МНТ-ы тухай яриандаа эргээд оръё. Алунгоо эхийн домог үнэхээр сонгодог домог юм байна. Дэлхий даяар тарсан маш олон хувилбартай. Жишээлбэл, Салман Рушди маш том тулгуур авч, “Венецийн шидэт гүнж” романыг бичсэн байх юм. Уншиж байхад тэр өөр түүхийн тухай яриад байсан мөртлөө, уншаад дууссаны дараа энэ домгийн интербичвэр байсныг ойлгоод би гэгээрэх гэхэд хаашаа юм омогших гэхэд ч хаашаа юм мэдрэмж төрсөн. Интербичвэр гэдгийг болхиор ойлгож явснаа ойлгосон. Тэр домгийн тэр цуурайг, тэгж татаж буулгаж чадсан Рушдигийн авьяасыг хараад би дотроо атаархсан. Яагаад гэвэл, тэр домогт бид илүү ойрхон. МНТ-оор яг энэ Рушди шиг цуурайтуулсан зохиол бичихсэн гэж та ер нь боддог уу. Тийм оролдлогууд бол бий. Гэхдээ яг ийм юм хийе гэсэн бодол таны зүрхэнд байдаг уу, эсвэл хийж байна уу?

-Ер нь, дэлхийн бүх уран зохиол ямар нэгэн эх бичвэрээс санаа авч салбарласан. Судлаач бүр уран зохиол яг хэдэн сэдэвтэй байдаг юм бэ гэж анализ хийж үзсэн нь ч байгаа. Залуудаа уншиж байсан яг тодорхой санахгүй байна. Гэхдээ би андуураагүй бол дэлхийн бүх уран зохиол зургаахан сэдэвтэй. Сэдвийнх нь өрнөлөөр хуваачихаж байгаа юм. Жишээлбэл, эхлээд дор явж байгаад өөдөө гараад унадаг. Одоо МНТ-ы өгүүлэмж шиг. Чингис хаан ямар доороос ямар дээр гарав. Чингис хаан унасан нь байхгүй. Энэ бол нэг сэдэв.

Дараа нь унаад ахиад босдог, за тэгээд үнсгэлжин гэх мэтийн түүх зөндөө бий. Ингээд үзэхээр дэлхий дээр бичигдэж байгаа бүх зохиолыг ерөнхийдөө зургаахан аймагт хуваачихаж болно. Зургаан аймгийг хувааснаасаа эх бичвэрийг нь эрэх юм бол бүгд олдоно. Бүх зохиолын эх бичвэр хаа нэгтэйгээс олдоно. Жишээлбэл, “Алхимист” гээд хамгийн олон зарагдсан Пауло Коэльогийн зохиол байна. Мянга нэгэн шөнийн үлгэрийн нэг л үлгэрийг аваад зохиол болгочихсон. Хайх л юм бол эх бичвэр нь олдоно. Тэгэхээр цоо шинэ юм хийх боломж угаасаа байхгүй. Хүн төрөлхтөн түүнийг чинь хийчихсэн.

Уран зохиол гэдэг нь юу вэ гэхээр ерөөсөө л зохиомжийн тоглолтууд юм. Тэр зохиомжоор ямар гоё тоглоно, байгаа бичвэрийг ямар шинэ зохиомжоор задлах тухай асуудал. Угаасаа хүн болгоны дотор тэр бичвэр нь явж байгаа. Хүн болгоны дотор үгүй байгаа бичвэрийг гаргасан зохиол гэж ер нь байхгүй. Жишээ нь, XX зуунд хамгийн их алдар олсон роман бол “Зуун жилийн ганцаардал”. Энэ ерөөсөө л библи. Библийг гэхдээ ямар гоё өөрөөр харуулаа вэ бодохоор бидний  бичвэр үү гэдэг асуулт ургана. Чи сая Алунгоог  ярилаа. МНТ чинь өөрөө яг ийм оролдлого. Бэлэн байсан бичвэрийг ахиад задалсан.

Алунгоо Чингис хааны ес дэх үеийн дээд эмэг мөн үү, мөн. Энэ бол факт. Гэхдээ Алунгоо Добу мэргэнийг нас барахад таван хүүхдээ цуглуулж, таван сум багцлаад өгсөн тухай энэ бүхнийг ярьсан уу гэдэг нь зохиол. Энэ бол түүх биш.

Яагаад гэвэл яг энэ зохиол Сяньбийн үеийн судар дотор байж байгаа. Сяньбийн нэг зонхилогч арван зургаа ч билүү хүүтэй, намайг үхэхээр л миний улс бутрах юм байна, эднийг ер нь яах вэ гэж бодно. Тэгээд 16 хүүхдээ цуглуулаад бүгдэд нь нэг мөс өгч хугалуулаад, 16 мөсөө багцлаад бас өгнө. Энд хамгийн гайхамшигтай нь юу гээч? МНТ-ыг бичсэн хүн аль хоёрдугаар зууны үед байсан Сянбийн домгийг яаж 900-гаад оны үед мэдэв?  Энэ монголчуудын өв соёлын асар том хэлхээг харуулж байгаа жишээ. Монголчууд ямар ч байсан Жужанаас өмнөх үеийн түүхийг мэддэг байжээ гэдэг нь Чанчун бумбад бичсэн захиандаа Чингис хаан “Манай шанью” хэмээн тодотгосноос гадна тэр эртний Сяньби хааны гэрээслэлийг Алунгоо эх хүүхдүүддээ хэлж байгаа болгосон МНТ-ы зохиолчийн зохиомжоос харагдана. Тэгэхээр МНТ маш олон зүйлийн залгаас болж байгаа бичвэр юм. Өнөөдрийн орчин үеийн уран зохиолд байгаа эх бичвэрийг өөрийнхөөрөө болгож зохиомжилдог энэ аргыг 13 дугаар зууны эхэн үед монгол бичгийн хүн МНТ-д ашиглаж байсан. Энэ чинь өөрөө бас үнэ цэнийг нь тодорхойлж буй жишээ.

-Та сүүлийн 20 гаруй жил арав гаруй роман бичсэн. Ялангуяа та монголчуудад одоо харийн юм шиг санагддаг болсон зүйлсийг бэдэрч зохиол бичсэн. Жишээлбэл, тууль хайлах тухай уламжлалын талаар “Хар, цагаан, улаан” роман байна. “Бөөгийн домог” романд бөөгийн сэтгэлгээний тухай хөнддөг. Уламжлалт анагаахын тухай ч асуудал хөндсөн роман, Буддизмын хоёрдмол шүтээний тухай роман ч бичжээ. Гэтэл “Дурлалгүй ертөнцийн блюз” шиг орчин үеийн сэдэвтэй уран бүтээл мөд гаргах уу?

-Одоогоор миний хамгийн сүүлд хэвлүүлсэн “Тэдний сүүдэр, бидний сэтгэлээс урт” гэдэг роман бол яг л одоо үеийн дүр байгаа. Түүний өмнөх “Сүнсний томьёо” роман бас л бидний үеийн тухай өгүүлдэг. “Сүнсний томьёог” би үүний өмнөх романтай нь холбох гээд сүнс нь юу байх вэ, томьёолол нь юу байхав гээд Инжинашийг оруулж ирээд нөгөө уламжлалт сэдэв рүүгээ гишгэсэн тал байгаа. Гэхдээ ерөнхийдөө бүгдээрээ л өнөө үеийн хүмүүс яагаад дандаа өнөө үед байхгүй зүйл рүү яваад байгаа юм бэ гэдэг асуултад төвлөрнө. Хүмүүс асууж байсан л даа. Монгол хүний дотор нэг тийм сонин код байдаг. Бид нүүдэлчин амьдралаас салаад удаагүйтэй холбоотой байж магадгүй. Яг үнэндээ барууныхан бид нараас илүү, анхдагч ахуйгаасаа бүр тасраад явчихсан хүмүүс биш шүү дээ. Яг л  адилхан. Тэр ч битгий хэл барууныхан загалмайтны аян дайнаас өмнө усанд ч орж мэддэггүй хүмүүс байсан. Европынхон шиг ерөнхийдөө хоцрогдсон хүмүүс дундад зуунд байгаагүй. Дундад зууны үед дорно дахин цэцэглэчихсэн байсан. Ганц нэг үлдсэн архитекторын дурсгалаар үзэхэд л илт. Англид байгаа келтүүдийн дурсгал нь эртний шүтлэгийн шинжтэй байхад, тэр үед исламын шашин аль хэдийн цэцэглэчихсэн байсан. Тэгэхээр хүн төрөлхтөн юмыг яаж харж байгаагаасаа болоод оюун сэтгэлгээний хүндийн төвүүд нь шилжиж байдаг.

Монгол хүн нүүдэлчин ахуй, өнгөц харахад примитив орчинд амьдарч байгаа юм шиг байсан ч оюун санааны хувьд нэлээд өөр тийшээ явчихсан байсан. Үүнийг нь социалист үзэл суртлаар арччихсан учраас биднээс их хол юм шиг харагдаад байна. Хэрэв бид социализм гэдэг өв уламжлалаа шүүлтүүртэй харж байсан 70 жил байгаагүй бол бид зүгээр л адилхан. Миний эмээгийн амьдарч байсан цаг үе XIII зуун бараг адилхан. XIII зуунаас XX зуун хүртэлх 700 жилийн хооронд монголчуудын уламжлалт ахуй ерөөсөө өөрчлөгдөөгүй. Жишээлбэл, МНТ-д Чингис хааныг төрөхөд булган нэхий өгдөг. Булган нэхий гэдэг нь нэхий өлгийтэй адилхан хэрэглэж болох язгууртан хүний ангийн үсэн өлгий. Манайхан тэр үеийн соёлоосоо салчихсан учраас бүгдийг эдүгээчилж харангуутаа төрөхөд нь булган өлгий өгч байгаа учраас Чингис хаан өвөл төрсөн юм гэдэг. Зун төрсөн бол ямар өлгий өгөх гэж? Манай ээж 1943 онд төрсөн. Манай ээжийг төрөхөд ч, бүр 1950-иад оны соёлын довтолгоо болох хүртэл ч монголчууд зун төрсөн хүүхдээ хонины нэхийд өлгийдөж байсан байдаг. Яагаад гэвэл хонины нэхий манай соёлд хүүхдийг өлгийддөг зүйл.

Эх барих хүнийг дуудна. Эх барих хүн элдсэн нэхий бариад хүрч ирнэ. Шөлний хониных нь нэхийг элдээд эх баригчид нэхийнийх нь оронд буцааж өгнө. Энэ чинь нүүдэлчдийн хувьд тогтсон зүйл. Хэдэн мянган, магадгүй Хүннүгийн үед ч ийм байсан байх. Угаасаа л монголчуудад байгаа нь хонины нэхий. Яг үүнтэй адилхан язгууртан болохоор нь бэлэг болгоод булган өлгий өгч байгаа юм. Эх баригчид торго юм уу, зөөлөн даавуу байхгүй. Гэтэл үүнийг шууд л цаг улиралтай холбоод, халуун зунаар төрсөн бол юу гэж нэхийд өлгийдөх вэ гэлцэж байна.

Тэгэхээр бид тексийг зөв ойлгохын тулд эдүгээчилж болохгүй. Бэгтэрийг Тэмүжин, Хасар хоёр харваж алсныг бараг л Чингис хааны харгис шинж гэж ярьдаг.

Өнөө үед эцэг нэгтэй ахыгаа харваад алж байгаа бол тэр хүн мэдээж ял авна. Гэхдээ тэр үед өөр байсан. Өөрөө Боржигон овгийн эзэн болох уу, өөр хүн эзэн болоход дагаад явах уу гэдэг л сонголт. Тэр үеийн монголчууд олон эхнэртэй хүн өөд болоход хүүхдүүд нь эхээсээ бусад эхнэрийг нь татаж, тэжээдэг байсан. Энэ бол уламжлал нь.

Бэгтэр Тэмүүжинээс нэг насаар ах, есөн агтаа бүгдийг нь мэдэж эзэмшдэг, тэр ургийн эзэн нь. Бэгтэр 13-14 нас буюу биологийн насаар бол Өүлэн үжинг татаж авах насанд хүрч байгаа юм. Бэгтэр Өүлэн эхийг хатнаа болговол Тэмүжин хойд эцэгтэйгээ тэрсэлдэх ямар ч аргагүй болно. Түүнээс л урьтсан хэрэг. Энэ чинь маш том ухаан болохоос аллага биш. Османы эзэнт гүрэнд ч хаан суусан нь бүх ах дүү нараа цаазалдаг байж шүү дээ. Тийм харгис ёс монголчуудад байгаагүй. Гэхдээ хэн нь хаан суух вэ гэдэг сонголт дээр бол тэмцэл гарна. Ердийн л тэмцэл, ямар ч нийгэмд байдаг. Энэ бол улс төр. Яг л нэг хүн махинаци явуулж өөрийнхөө бүлгийг хүчирхэгжүүлээд, өрсөлдөгч бүлгээ занганд оруулж байгаатай адил. Тэгэхээр бид бичвэрийг ойлгохдоо өнөөдрийн өнцгөөс харахгүй байх хэрэгтэй.

-Та эх орныхоо ирээдүйг хэрхэн төсөөлдөг вэ? Зайлан тойрох хэрэгтэй асуудал, алдаж болохгүй боломж хэзээд, хэнд ч байдаг. Та энэ талаар эргэцүүлдэг үү?

-Монголчууд үргэлж сорилт дунд амьдрах хувь заяатай үндэстэн юм шиг байна. Өнөөдөр монгол үндэстэн 13 дугаар зуунд оройлж давамгайлсан шигээ болох боломж ахиад тохионо гэдэг ер нь бараг худлаа биз. Гэхдээ энэ үндэстнийг саруул ирээдүйтэй авч явах боломж бидэнд байгаа. Үүнийгээ хүн болгон ухамсарлах хэрэгтэй. Би бол зохиолч хүний өнцгөөс ярьж байна. Эдийн засагч хүн, цэрэг хүн, стратегичид дор дороо өөрийнхөө өнцгөөс ярих байх. Харин зохиолч хүн монгол хэлний орон зайд амьдардаг. Монгол хэл орон зай нь агшиж байгаа хэл. Монгол хэл нэгэн цагт хэдэн аймгуудын хүрээний хэл байгаад дараа нь олон улсын хэл болсон түүх бий. Гэвч тэр түүхийг өнөөдөр хэн ч ярьдаггүй. Яагаад гэвэл олон улсын хэл болсон үеийнх нь өвийг хадгалсан хоёр улс өнөөдөр дэлхийн том гүрэн, манай хөршүүд болсон. Тэд өөрийнхөө хамгийн жижигхэн, өөрсдөөс нь хамгийн их хамааралтай хөршөөсөө нэгэн цагт хамааралтай байснаа ярихыг хүсдэггүй.

Энэ олон шалтгааны дунд ямар ч үед хир халдаахгүй эрхэмлэж байх ёстой юм маань юу вэ гэдгийг монгол хүн болгон мэдэж байх ёстой. Энэ бол хамгийн чухал, магадгүй нүүрс зарахаас ч илүү чухал зүйл байж магадгүй. Энэ бол бидний хэл соёл.

Би монгол хэл хамгийн эрчимтэй агшиж байгаа хэл гэж хэлсний учир нь, одоо Өвөрмонголд монгол хэлээр хүн боловсрол олж авах боломжгүй болсон. Яг ийм үзэгдэл урьд нь ЗХУ-д болсон. 1931 оноос эхлээд монгол бичгийг Буриадад огт байхгүй болгосон. Тод бичгийг Халимагт хэрэглэхээ больсон. Тэр ч битгий хэл 1940-өөд онд халимагуудыг цөлсөн. Тэр үед байсан хүн амынхаа тоонд өнөөдөр ч тэд хүрээгүй байна. Энэ бол бидэнд хамаагүй зүйл биш. Хэрэв дэлхий дээрх бүх улсыг ангилахад хүрвэл нэлээд чухлаар яригдах зүйл бол “үндэстэн улс” гэх ойлголт. Үндэстэн улсын төрийн бодлого нь үндэстнийхээ өв соёлыг хадгалж, уламжилж, хөгжүүлэхэд оршдог. Хятад, Орос бол үндэстэн улс мөн.  Орос ч холбооны статустай, Хятад ч өөртөө засах мужуудтай. Гэхдээ Монгол яг адилхан үндэстэн улсын статустай мөртлөө үндэстэндээ санаа зовдоггүй. Эдийн засгийн боломжоос болж үндэстний бодлого явуулж болохгүй гэж байгаа бол үндэстэн улс байх хэрэггүй.

Тэгэхлээр би Монголын ирээдүйг үндэстнийх нь ирээдүйн хувьд жаахан хэцүү, тусгаар тогтносон Монгол Улсын ирээдүй бол асуудалгүй гэж боддог. XX зуунд хэдийгээр бид түүхэн орон зайнхаа 40 орчим хувьд л тусгаар тогтносон ч энэ бол маш том ололт. Тэгэхлээр Монгол Улсын ирээдүй бол баталгаатай. Түүнд би санаа зовдоггүй.

-Хоёр төрлийн л яриа байдаг. Дуусдаг яриа, дуусдаггүй яриа. Энэ яриа дуусдаггүй яриа юм байна. Тэгэхээр энэ хэсгийг нь энд хүрээд өндөрлөе. Зохиолч Г.Аюурзаны энэ яриа өөрийнх нь сүүлийн үед хэвлүүлсэн номнууд дээр хангалттай үргэлжилж байгаа. Түүний 2024 онд гаргасан гурван боть цагаан номыг монгол хүн бүр уншаасай гэж уриалахыг хүсэж байна. Г.Аюурзаны арван харын уншигчид, гурван цагааныг нь ч аль болох олноор хүрээлэн уншаасай, хил давж уншаасай гэсэн ерөөлөөр энэ яриагаа өндөрлөе.

Ярилцсан: Шангас овогт Ядамсүрэнгийн Баяраа

2025 он

Сэтгэгдэл бичих