Байт харвааны Азийн цомын тэмцээнээс монголчууд хоёр алтан медаль хүртлээ

оруулсан Алсын Хараа

Тайландын Бангкок хотод байт харвааны дэлхийн чансаа тогтоох Азийн цомын тэмцээн болж байна.

18 орны 150 гаруй харваач оролцсон тус тэмцээнд манай улсаас оролцсон үндэсний шигшээ багийн тамирчин спортын мастер Б.Оюун-Эрдэнэ, олон улсын хэмжээний мастер Б.Отгонболд нар холимог хосын төрөлд алтан медаль хүртэж, төрийн дууллаа Бангкокт эгшиглүүлэв. Тэд Тайвань, Хонконг, Малайз, Сингапурыг ялснаар алтан медаль хүртэх эрхтэй болсон юм. Ингэснээр Монгол Улсын баг Азийн цомын тэмцээнээс найман жилийн дараа медаль авч байгаа нь энэ.

Тэгвэл эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд үндэсний шигшээ баг, “Олимпик котинос” клубын тамирчин Б.Оюун-Эрдэнэ мөн түрүүлж, хоёр дахь алтан медалиа гардлаа. Түүний анхны олон улсын медаль нь хос алтан медаль байлаа. Тэрбээр шигшээ харваанд Энэтхэгийн тамирчныг 6:2-оор буулган авсан байна. Б.Оюун-Эрдэнэ Европын холбооны нэрэмжит “Шилдэг залуу тамирчин”-т Монголын байт харвааны холбооноос нэр дэвшсэн бөгөөд Монголын спортын наадмаас хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртжээ.

Сэтгэгдэл бичих