ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар Шэньжэн хотод гурван талын уулзалтаа эхлүүлжээ. Гурван улсын удирдагчид түүхэндээ анх удаа ийм хэлэлцээ хийж байгааг ТАСС агентлагийн сурвалжлагч мэдээлсэн байна.
Уулзалт тус бүс нутаг дахь БНХАУ-ын төрийн өргөө болох “Цилинь Шаньжуан” харшид болж байна. Өмнө нь мөн энд Орос, Хятадын дээд түвшний хэлэлцээ болсон юм.
Гурван улсын удирдагч дэлхийн томоохон гүрнүүдийн харилцаа, мөн олон тооны мөргөлдөөн, зөрчлийн улмаас ээдрээтэй болоод буй олон улсын нөхцөл байдлыг тогтворжуулахад хамтран ажиллах асуудлыг хэлэлцэнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков өмнө нь мэдээлсэн байна.
Д.Трамп, В.Путин нар Украины асуудлыг голлон хэлэлцжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалтын гол сэдэв Украины дайн байсан тухай Кремлийн Гадаад бодлогын асуудал хариуцсан туслах Юрий Ушаков пүрэв гарагт мэдэгджээ.
Түүнчлэн хоёр улсын удирдагч хоёр талын харилцаа болон БНХАУ-ын өмнөд нутгийн Шэньжэн хотод болж буй Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) дээд хэмжээний уулзалтын хүрээнд тус улсын удирдагч Ши Жиньпинтэй хийх гурван талын уулзалтын талаар хэлэлцсэн байна.
Уулзалтын дараа В.Путиний сэтгэл санаа “тун өндөр” байсан гэж Ю.Ушаков онцолсон байна. Гэвч Украины дайн, Ираныг тойрсон асуудал, цөмийн зэвсэг болон худалдааны асуудлаар талуудын байр суурь ихээхэн зөрүүтэй байгаа тул цөмийн зэвсэгт хамгийн том гүрнүүдийн удирдагчдын энэхүү дипломат уулзалтаас томоохон тохиролцоонд хүрэх магадлал бага байна гэж шинжээчид үзэж байна.
Цагаан ордны төлөөлөгчдийн мэдээлснээр, Д.Трамп гурван талын уулзалтын үеэр Украины дайны асуудлыг хөндөх төлөвгүй байгаа аж. Гэхдээ Д.Трамп өөрөө энэ асуудлыг хөндөж магадгүй гэдгээ илэрхийлсэн юм. Тэрбээр хамгийн сүүлд 2025 онд Аляскад В.Путинтэй уулзсан боловч тухайн хэлэлцээ дайныг зогсоож чадаагүй юм.
Ши Жиньпин, Д.Трамп нарын уулзалт нэг цаг гаруй үргэлжиллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин нар Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) дээд хэмжээний уулзалтын хүрээнд пүрэв гарагт хоёр талын уулзалт хийлээ.
Уулзалт Шэньжэн хотын баруун хойд хэсгийн толгод дунд, нуурын эрэгт орших төрийн дээд зэрэглэлийн амралтын цогцолборын “Цилинь” (Qilin Shanzhuang) харшид боллоо.
Уулзалтын эхэнд Д.Трамп хэлэлцээ үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, Ши Жиньпинийг найзаа хэмээн нэрлээд, хоёр улсын удирдагчийг “онцгой харилцаа” холбодог гэж мэдэгджээ.
Түүнчлэн энэ оны тавдугаар сард Бээжинд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улсын удирдагчдын байгуулахаар тохиролцсон Худалдааны зөвлөл нь хоёр талын “нэг тал руу хэт хэлбийсэн худалдааны харилцааг харьцангуй тэнцвэржүүлсэн” гэж Д.Трамп онцлоод “Бид гаалийн тарифыг харилцан хуваарилж, маш шударгаар шийдвэрлэсэн” хэмээн мэдэгдсэн байна.
Харин Ши Жиньпин уулалтын эхэнд хэлэхдээ, АНУ, БНХАУ-ын харилцаа ерөнхийдөө тогтвортой, сайжирч байгааг онцлоод, харилцаагаа “зөв голдиролд” оруулахын тулд Д.Трамптай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
“Бид стратегийн тогтвортой байдалд тулгуурласан Хятад, Америкийн бүтээлч харилцааны шинэ тодорхойлолтыг боловсруулж, харилцан хүндэтгэх, харилцан ашигтай, шударга байх зарчимд суурилсан шинэ агуулгаар баяжууллаа” хэмээн Ши Жиньпин мэдэгдэв.
Хоёр улсын удирдагчдын уулзалт нэг цаг гаруй үргэлжилсэн байна.
Ши Жиньпин, Д.Трамп нар энэ онд гурав дахь удаагаа биечлэн уулзсан нь энэ юм. Өмнө нь тэд тавдугаар сард Бээжинд, есдүгээр сард Вашингтон хотноо уулзсан билээ.
Хэлэлцээ хийх үеэрээ хоёр удирдагч хиймэл оюуны дэвшилтэт чипийг Хятадад нийлүүлэхэд АНУ-аас тавьсан хязгаарлалт, чухал ашигт малтмалын экспортод тавьж буй Хятадын хяналтад онцгой анхаарал хандуулсан байна.
Мөн хэд хэдэн удаа сунгаад буй худалдааны түр тохиролцооны хугацаа ирэх оны нэгдүгээр сарын 10-нд дуусах тул энэ асуудал хэлэлцээний чухал сэдвүүдийн нэг байв.
Уулзалт болохоос нэг өдрийн өмнө буюу лхагва гарагт Д.Трампыг БНХАУ-д ёслол төгөлдөр угтан авсан байна. Ши Жиньпин өөрийн биеэр нисэх онгоцны буудалд очиж, АНУ-ын Ерөнхийлөгчийг угтжээ. Ши Жиньпин 2013 онд БНХАУ-ын удирдагчаар сонгогдсоноос хойш гадаад улсын удирдагчийг нисэх онгоцны буудалд анх удаагаа биечлэн угтсан байна.
Угтах ёслолын үеэр хүндэт харуул жагсаж, цэргийн нисэх онгоцууд агаарт үзүүлбэр үзүүлжээ. Энэ нь өнгөрсөн есдүгээр сард БНХАУ-ын удирдагчийг АНУ-д төрийн айлчлал хийхэд Д.Трамп Эндрюсийн цэргийн баазад ёслол төгөлдөр угтсаны хариу болсон байна.
Хоёр талын уулзалтыг Ши Жиньпин, Д.Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын гурван талын уулзалтын өмнө боллоо. Д. Трамп, В.Путин нар мөн Шэньжэн хотод хэлэлцээ хийсэн байна.