Б.Амаржаргал: Зүрхийг зөвхөн эм биш, амьдралын зөв хэв маяг, хэмнэл хамгаалдаг

оруулсан Алсын Хараа

"Washington Post" сонины саяхны дугаарт нэгэн сонирхолтой судалгааг нийтэлжээ. Зүрх судасны эрүүл мэндэд дасгал хөдөлгөөн чухал ч гэлээ эерэг, өөдрөг байх нь хамгаас чухал гэсэн судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулсан аж. Энэхүү сэдвийн хүрээнд Зүрх судасны их эмч, АУ-ны доктор, профессор Б.Амаржаргалтай ярилцлаа.


-Дасгал хөдөлгөөнөөс илүү эерэг өөдрөг байдал, талархлын дадалтай байх нь зүрх судасны эрүүл мэндэд ашиг тустай гэсэн байх юм. Энэ хэр бодит вэ?

-“Дасгал хэрэггүй, зөвхөн өөдрөг байхад болно” гэж ойлгож болохгүй. Харин хүний сэтгэл санаа, амьдралын хандлага зүрх судасны эрүүл мэндэд үнэхээр нөлөөлдөг гэдгийг орчин үеийн анагаах ухаан улам их хүлээн зөвшөөрч байна. Өөдрөг, эерэг амьдралын хандлага нь зүрх судасны эрүүл мэндэд бодит хамгаалах нөлөөтэй байж болох бөгөөд энэ нь зөвхөн сэтгэл зүйн биш, биологийн түвшинд нөлөөлдөг.

Өөдрөг, идэвхтэй амьдралын хэв маягтай хүмүүс дасгал хөдөлгөөнөө тогтмол хийдэг, нойр нь илүү сайн байдаг, стрессээ арай зөв зохицуулдаг, эмчилгээ, дэглэмээ илүү сайн баримталдаг, хүмүүстэй харилцаа холбоо сайтай байдаг.Энэ бүхэн нийлээд зүрх судасны өвчнөөс сэргийлэхэд тусалдаг.Ер нь эерэг хандлагатай хүмүүсийн зүрхний эмгэг, харвалт, эрт нас баралтын эрсдэл бага байж болох талаар олон судалгаа гарч байгаа л даа. Мөн хүн аливаад эерэгээр хандах үед бие махбодод “сайхан мэдрэмж”-тэй холбоотой биологийн бодисуудын ялгаралт сайжирч, дотоод эрч хүч, амьдрах идэвхийг дэмждэг.

Эдгээр бодисууд нь үрэвслийн эсрэг, дархлаа сайжруулах, тайвшруулах, зүрх судасны үйл ажиллагааг тогтворжуулахад оролцдог. Зүрхний хэмийг жигд болгох, артерийн даралтыг тогтворжуулахад нөлөөтэй. Харин удаан хугацааны стресс, бухимдал нь биеийг байнга ядарсан, ачаалалтай байдалд оруулж, зүрх судасны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болдог. Тиймээс урт, чанартай амьдрахад зөвхөн эмчилгээ бус, өдөр тутмын зөв дадал, тайван сэтгэл зүй, амьдралын эрч хүч маш чухал гэж үзэх болсон.

-Анагаахын шинжлэх ухаанд оюун тархи, зүрх хоёр харилцан хамааралтай гэж үздэг үү?

-Тийм ээ. Өнөөдөр анагаах ухаан хүний сэтгэл санаа, стресс, амьдралын хэв маяг зүрхэнд шууд нөлөөлдөг гэдгийг маш их судалж байна. Америкийн Зүрхний Нийгэмлэг 2021 онд ‘’mind-heart-body connection’’ буюу сэтгэл зүй-зүрх-биеийн холбоог чухал гэж албан ёсоор онцолсон байдаг. Хүн байнга айдас, бухимдал, ядаргаатай явах үед зүрхний цохилт хурдсах, даралт хэлбэлзэх, нойр муудах, биеийн ачаалал нэмэгдэх хандлагатай байдаг

Харин илүү өөдрөг хүмүүсийн зүрх судасны эмгэгт өртөх эрсдэл 35 хувь бага байсан талаар эрдэмтэд ч дурдсан байдаг. Орчин үеийн кардиологи зүрхийг ганц эрхтэн биш, хүний бүхэл амьдралын тусгал гэж харж эхэлж байна.

-Сүүлийн үед хүмүүс нас харгалзахгүй унтаад сэрэхгүй байна, зүрх нь хаагджээ гэж их ярьж, бичиж байна?

-Гэнэтийн нас баралт бол маш эмзэг бөгөөд олон шалтгаантай асуудал.Дэлхийн хүн амын нийт нас баралтын 10-15 хувийг гэнэтийн нас баралт эзэлдэг. Гэнэт нас баралтын 88 хувь нь зүрхний шалтгаантай гэсэн статистик мэдээ байдаг. Зарим хүмүүст төрөлхийн эмгэг, зүрх судасны өвчин байж болно. Мөн эпилепси, харвалт, уушгины эмболи ч үлдсэн шалтгаанд ордог. Залуу хүмүүс, тамирчдын дунд гэнэт нас баралт 100000 хүнд 1-2 тохиолдол гардаг. Манайд ам дамжсан яриа биш бодит судалгаа, тоо баримт хэрэгтэй. Мөн архаг стресс, нойр дутуу явах,тамхи, вэйп, архины хэрэглээ, хөдөлгөөний дутагдал, байнгын ядаргаа зэрэг нь ч эрсдэлийг нэмэгдүүлдэг. Сүүлийн үед хүмүүсийн амьдралын хэмнэл маш их алдагдаж байна. Оройтож унтах, дэлгэц удаан ширтэх, стресс ихтэй амьдрах нь биеийг байнга ачаалалтай байдалд оруулдаг. Гэхдээ хүмүүсийг айлгах биш, харин эрт үзлэгт хамрагдах, өөрийн биеийн дохиог анзаарах нь хамгийн чухал. Ялангуяа амархан зүрх дэлсэх, ухаан балартах, цээжээр өвдөх, амьсгаадах, гэр бүлд гэнэтийн нас баралт байсан бол зүрхний үзлэг хийлгэх хэрэгтэй. Зүрхийг зөвхөн эм биш, амьдралын зөв хэв маяг, хэмнэл хамгаалдаг. Хөдөлгөөн, нойр, тайван оюун санаа, хүний харилцаа бүгд зүрхний эрүүл мэндийн нэг хэсэг юм. Орчин үеийн кардиологи зүрхийг ганц эрхтэн биш, хүний бүхэл амьдралын тусгал гэж харж эхэлж байна шүү дээ.

Б.УУГАНЦЭЦЭГ: ЭРҮҮЛ ӨӨДРӨГ БАЙДАЛ ГЭДЭГ НЬ БОДИТ БАЙДЛЫГ ҮГҮЙСГЭХ БИШ, ХАРИН ХҮНДРЭЛ БАЙГАА Ч ТҮҮНИЙГ ДАВАН ТУУЛАХ БОЛОМЖ, СОНГОЛТ, ДЭМЖЛЭГ, АРГА ЗАМ БИЙ ГЭЖ ХАРАХ СЭТГЭЛЗҮЙН ЧАДВАР ЮМ

Сэтгэл судлалын үндэсний төвийн үүсгэн байгуулагч, сэтгэл судлаач Б.Ууганцэцэгтэй эерэг, өөдрөг хандлага зүрх судасны эрүүл мэндэд нөлөөлөх боломжтой эсэх талаар ярилцлаа.


-Эерэг, өөдрөг хандлага зүрх судасны эрүүл мэндэд нөлөөлөх боломжтой, дасгалаас ч чухал гэж “Washington Post” сонинд онцолжээ. Сэтгэл судлалын шинжлэх ухааны үүднээс бидэнд энэ талаар зөв ойлголтыг өгөхгүй юу?

-Сэтгэл судлалын шинжлэх ухааны үүднээс авч үзвэл “Эерэг, өөдрөг хандлага зүрх судасны эрүүл мэндэд нөлөөлөх боломжтой” гэдэг нь бодитой үндэслэлтэй. Гэхдээ үүнийг “Дасгал хөдөлгөөнөөс илүү чухал” гэж шууд, нэг талтай ойлгож болохгүй. Илүү зөв дүгнэлт өөдрөг хандлага нь зүрх судасны эрүүл мэндийг дэмжих сэтгэл зүй биологийн чухал хүчин зүйл боловч дасгал хөдөлгөөн, хооллолт, нойр, эмчилгээ, амьдралын хэв маягийг орлохгүй. Харин тэдгээрийн үр нөлөөг дэмждэг нэмэлт хамгаалах хүчин зүйл юм. “Washington Post”-ийн онцолсон сүүлийн нийтлэлд өөдрөг байдал, талархлын дадал, mindfulness, зорилго тодорхойлох зэрэг эерэг сэтгэл судлалын интервенцүүд нь зүрх судасны эрсдэлтэй, эсвэл өвчтэй хүмүүст цусны даралт, үрэвслийн үзүүлэлт зэрэг эрсдэлийн хүчин зүйлд эерэг нөлөөтэй байж болох талаар 18 клиник туршилтын дүнг дурдсан байна. Гэхдээ энэ нь “Өөдрөг байх нь дангаараа зүрхийг хамгаална” гэсэн үг биш. Харин тогтмол дадал болгосон эерэг сэтгэл зүйн аргачлал нь эрүүл мэндийн зан үйл, стрессийн зохицуулалттай хамт нөлөөлж болзошгүй гэсэн утгатай. Сэтгэл судлалын хувьд энэ нөлөөг хэд хэдэн механизмаар тайлбарлаж болно. Нэгдүгээрт өөдрөг хүн стрессийг “даван туулах боломжтой сорилт” гэж үнэлэх хандлагатай байдаг. Ингэснээр айдас, найдваргүй байдал, хэт түгшүүрийн физиологийн хариу урвал харьцангуй багасч, кортизол, симпатик мэдрэлийн идэвхжил, үрэвслийн урвал зэрэг зүрх судасны системд ачаалал өгдөг хүчин зүйлс буурах боломжтой. “American Heart Association”-ийн шинжлэх ухааны мэдэгдэлд сэтгэл зүйн эрүүл мэнд нь зүрх судасны эрүүл мэндэд эерэг болон сөрөг аль аль чиглэлээр нөлөөлдөг бөгөөд өөдрөг байдал зэрэг эерэг сэтгэл зүйн төлөв нь илүү эрүүл зүрх, биеийн байдалтай холбоотой гэж дүгнэсэн байдаг. Хоёрдугаарт өөдрөг хүмүүс эрүүл мэндийн зан үйлээ илүү сайн хадгалах магадлалтай. Тэд дасгал хөдөлгөөн хийх, эмчилгээний зөвлөмж дагах, хооллолтдоо анхаарах, тамхи татах зэрэг эрсдэлт зан үйлээс зайлсхийх, эмчид цаг тухайд нь хандах тал дээр илүү идэвхтэй байх нь бий. Иймээс өөдрөг байдал нь зүрхэнд “шууд ид шидийн” нөлөө үзүүлж байна гэхээс илүүтэйгээр хүний өөртөө итгэх итгэл, ирээдүйд чиглэсэн хүлээлт, өөрийгөө зохицуулах чадвар, эрүүл зан үйлийн тогтвортой байдлаар дамжин нөлөөлдөг гэж үзэх нь шинжлэх ухааны хувьд илүү зөв.Гуравдугаарт, өөдрөг хандлага нь нийгмийн харилцаа, дэмжлэг авах чадвартай холбоотой. Өөдрөг хүмүүс бусадтай харилцаа тогтоох, тусламж хүсэх, асуудлыг хамтран шийдэх, ганцаардалд автахгүй байх магадлал илүү байдаг. Харин архаг ганцаардал, сэтгэл гутрал, найдваргүй байдал, удаан үргэлжилсэн стресс нь зүрх судасны эрсдэлтэй холбогддог. Тиймээс эерэг сэтгэл зүйн төлөв нь зөвхөн “сайхан бодол” биш, харин хүний нийгмийн дэмжлэг, даван туулах стратеги, амьдралын хэв маягтай холбогддог өргөн хүрээний хүчин зүйл юм. Гэхдээ энд зайлшгүй анхаарах зүйл бий. Өөдрөг байхыг “Муу мэдрэмжээ үгүйсгээд дандаа эерэг байх ёстой” гэсэн албадмал хандлагатай андуурч болохгүй. Эрүүл өөдрөг байдал гэдэг нь бодит байдлыг үгүйсгэх биш, харин хүндрэл байгаа ч түүнийг даван туулах боломж, сонголт, дэмжлэг, арга зам бий гэж харах сэтгэл зүйн чадвар юм. Харин өвдөлт, айдас, гуниг, бухимдлаа дарж нуух нь эсрэгээрээ стрессийг нэмэгдүүлж болзошгүй.

-Гэнэтийн нас баралт нь цаанаа эрүүл мэндийн шалтгаантай байж болох ч сэтгэл зүйн асуудлууд бас байж болох уу?

-Сэтгэл судлал болон эрүүл мэндийн сэтгэл судлалын үүднээс хүний бодол, сэтгэл хөдлөл, стресс, айдас, өөдрөг байдал зэрэг нь мэдрэлийн тогтолцоо, дааврын зохицуулалт, амьсгал, зүрхний цохилт, цусны даралт зэрэг бие махбодын үйл явцад нөлөөлдөг.Жишээлбэл, хүн удаан хугацаанд стресс, түгшүүр, сэтгэл гутралтай байвал зүрх судасны ачаалал нэмэгдэх, эрүүл бус дадал хэвшил үүсэх эрсдэлтэй. Харин сэтгэл зүйн тогтвортой байдал, өөдрөг хандлага, өөрийгөө зохицуулах чадвар нь зүрх судасны эрүүл мэндийг дэмжих хамгаалах хүчин зүйл болж чадна. Сэтгэл зүйн тулгамдсан асуудал нь зүрх судасны эрсдэлийг шууд бус замаар нэмэгдүүлж болно. Удаан үргэлжилсэн стресс, түгшүүр, сэтгэл гутрал, нойргүйдэл, сэтгэл зүйн дарамт нь хүний мэдрэлийн тогтолцоо, дааврын зохицуулалт, дархлаа, цусны даралт, зүрхний цохилтын хэмнэлд нөлөөлдөг. Хүн олон сар, жилээр ажлын дарамттай, нойр дутуу, байнга түгшүүртэй, сэтгэл гутралтай, ганцаардалтай байвал бие махбод байнгын “аюулын горим”-д ажилладаг. Энэ үед кортизол, адреналин зэрэг стрессийн даавар өндөрсөх, даралт ихсэх, зүрхний цохилт түргэсэх, үрэвслийн идэвх нэмэгдэх, амьдралын буруу дадал үүсэх эрсдэлтэй. Мөн нойр дутуу байх нь зүрхний өвчин, зүрхний шигдээс, сэтгэл гутрал зэрэг эрүүл мэндийн асуудалтай холбоотой. Гэнэт цээжээр өвдөх, амьсгаадах, зүрх дэлсэх, ухаан балартах, хүчтэй ядаргаа, унтаж байхдаа амьсгал тасалдах, чанга хурхирах зэрэг шинж илэрвэл эмчид хандах хэрэгтэй. Сэтгэл зүйн талаас удаан хугацааны нойргүйдэл, сэтгэл гутрал, түгшүүр, ажлын хэт ачаалал, архаг стрессийг “ядаргаанд орлоо” гэж үл тоохгүй байх нь чухал.

-Эрүүл, аз жаргалтай амьдралын хэв маягтай хүн гэж хэнийг хэлэх вэ?

-Эрүүл, аз жаргалтай амьдралын хэв маягтай хүн гэдэг нь биеэ арчилж, сэтгэлээ сонсож, стрессээ зохицуулж, утга учиртай харилцаа бий болгож, амьдралдаа зорилго мэдэрч, өдөр тутмын жижиг дадлуудаараа өөрийн сайн сайхан байдлыг хамгаалж чаддаг хүнийг хэлнэ.

Б.Нандинцэцэг

Сэтгэгдэл бичих