Б.Баярбаатар: Эпштейнтэй холбоотой асуудлаар аравдугаар сарын 7-нд сонсгол зохион байгуулна

оруулсан Алсын Хараа

Улсын Их хурлын гишүүн Б.Баярбаатартай ярилцлаа.


-Таны хувьд өнөөдөр/өчигдөр/ иргэдтэй нээлттэй уулзалт хийж байна. Ер нь парламент нээлттэй, ил тод байх тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Юуны өмнө УИХ-ын дарга С.Бямбацогтын санаачилгаар “Нээлттэй парламент” танхим нээгдэж, үйл ажиллагаагаа явуулаад удаагүй байна. Ер нь УИХ-ын гишүүн гэдэг ямар нэгэн дарга биш. Ард түмний төлөөлөл байхгүй юу. УИХ-д гишүүнээр сонгогдоод тангараг өргөхдөө нийт ард түмний элч бөгөөд улс орны эрх ашгийн төлөө ажиллана гэдэг. Тэр агуулгаараа гишүүн хүн гурван үндсэн агуулгыг хэрэгжүүлдэг. Нэгдүгээрт, ард иргэдийг төлөөлдөг. Хоёрдугаарт, хууль тогтоох чиг үүргийг хэрэгжүүлдэг. Гуравдугаарт, хяналтыг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй. Тэгвэл эндээс иргэдийг төлөөлөх гэдэг агуулга маань юу юм гэхээр парламентын зарим гишүүн тойргоос сонгогдсон гэдэг нь тойрог төлөөлж байгаа хэрэг огт биш. Монгол Улсын нийт хүн амыг төлөөлж өнөөдөр хууль тогтоох байгууллагад сууж байгаа гэдгээ хамгийн түрүүнд ойлгох ёстой. Харин хууль тогтоохдоо нийт иргэний ашиг сонирхлыг тухайн хуульд тусгах, гагцхүү Монгол Улсын язгуур эрх ашгийг мөн тусгаж байж тухайн хууль хэрэгжих боломж нь бүрдэнэ. Энэ асуудлаар өнөөдөр бид олон талаас нь ярьдаг. Хууль батлаад байдаг. Хэрэгжилт хангалтгүй, сул, муу байна гээд шүүмжилдэг. Гэтэл углуургаар нь аваад үзэхээр тус хууль маань яг нийт иргэний эрх ашиг, хүсэл эрмэлзэлд нийцсэн эсэхийг бид үнэлж чадахаа больчихсон. Парламентыг олон хууль баталлаа гэдэг. Тэгвэл олон хууль баталснаараа парламентын үйл ажиллагааг дүгнэдэг байж болохгүй. Харин батлагдсан хуулиуд нь амьдрал дээр хэр хэрэгжиж байна вэ гэдгээр л үнэлэх нь чухал гэж үздэг. Тиймээс парламентын үйл ажиллагаа ил тод байх ёстой. Монгол Улс Үндсэн хуулиараа парламентын засаглалтай, төлөөллийн ардчиллыг хангах зарчимтай улс. Тэгэхээр парламентын гишүүн гэдэг ямар нэгэн дарга биш гэж би хэлээд байгаа юм. Иргэдийн төлөөлөл байх ёстой. Тэдний дуу хоолой, хүсэл сонирхлыг сонсож, түүнийгээ хууль тогтоох байгууллагад хүргэж ажиллах хэрэгтэй.

Мөн УИХ-ын гишүүн гэдэг зам барьдаг, сургууль цэцэрлэг байгуулдаг хүн биш. Эсрэгээрээ олон нийтийн дуу хоолойг л хүргэж байх нь чухал гэсэн зарчмыг барих ёстой юм. Өмнө нь байсан 76 гишүүнийг 126 болгож, парламентын гишүүдийн тоо нэмэгдсэнээрээ илүү иргэдийн дуу хоолойг хүргэх байдал нь нэмэгдэж байх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-Ер нь тантай уулзахаар ирсэн хүмүүс ямар асуудлыг түлхүү хөндөж байна вэ?

-Иргэд “Нээлттэй парламент” танхимын үйл ажиллагаанд их талархалтай хандаж байна. Олон нийт маань тэр болгон Төрийн ордонд ороод УИХ-ын гишүүдтэй уулзаад байж чаддаггүй. Мэдээж чуулганы завсарлагааны үеэр гишүүд маань тойрогтоо ажиллаж, иргэдийнхээ дуу хоолойг сонсож, УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажил, батлагдсан хуулиудыг танилцуулдаг. Гэсэн хэдий ч парламент дээр хэлэлцэхээр бэлтгэгдэж байгаа, нэгэнт баталчихсан олон хууль, тогтоомжуудыг сурталчлах байдал нь дутуу дулимаг байна. Үүнээс үүдээд иргэд мэдээллийн хомсдолтой, эргээд эрх нь зөрчигдөх явдал их гарч байгаа. Тиймээс парламент маань аль болох олон нийтээ мэдээллээр хангаж, хууль тогтоомжийн талаар танилцуулж байх шаардлагатай. Өнөөдөр/өчигдөр/ над дээр ирсэн хүмүүс саналаа хэлж байна. Бүр зарим нь бухимдлаа ч илэрхийлж байлаа. Эндээс хамгийн гол нь сонсоод өнгөрөх биш, иргэдийн саналыг ажил хэрэг болгох тал дээр илүү процессжуулж, үйл ажиллагаа, хуульд тусгах шаардлагатай юм байна гэж харлаа.

-Хүмүүс хувийн асуудлаа ярьж байна уу. Эсвэл улс орны ирээдүй, хөгжлийн талаар санал бодлоо хэлж байна уу?

-Аль алиныг нь л ярьж байна. Мэдээж хувь хүн учраас асуудалд хувийн эрх ашгийн үүднээс хандах нь аргагүй. Хоёрдугаарт, нийгмийн харилцаанд болохгүй байгаа зүйлс, улс төрийн нам, улс төрийн зөрчил, маргаан гээд олон зүйл дээр шүүмжлэлтэй хандаж байна. Дээр нь хууль, тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байгааг шүүмжилж байсан. Хуулийн хийдэл, алдааг ашиглаж хууль бус үйл ажиллагаа их явагдаж байгааг ч хэлж байна.

-Таны хувьд Эпштейнтэй холбоотой асуудлаар “Нээлттэй сонсгол” зохион байгуулна гэж байсан. Энэ юу болсон бэ?

-Эхлээд сонсголоо тайлбарлах нь зөв байх. Түр хороо гэж бий. Өнгөрсөн оны төгсгөлд бид Оюу толгойн асуудлаар Түр хороо байгуулж, гэрч дуудаж, мөрдөн шалгах чиг үүргээр ажиллаж байсан. Тэгвэл Ерөнхий хяналтын сонсгол бол нотлох баримтад суурилж, шинжээчид ажиллаад үнэн зөв мэдээллийг нь гаргаж, иргэдэд нээлттэй хүргэдэг. Парламент хяналт хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Үүнийхээ хүрээнд нээлттэй сонсголыг аравдугаар сарын 7-ны өдөр зохион байгуулахаар Хууль зүйн байнгын хорооны тогтоол батлагдсан. Өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллагуудаас гарсан ажлын хэсэг ажиллаад явж байгаа. Анх Эпштейн гэж хүнтэй холбоотой асуудлыг байнгын хорооны хуралдаан дээр би хэлэхэд иргэдэд их хөндий тусаж байсан. Нэгдүгээрт, энэ хүн чинь Монгол Улсын иргэн биш. Хоёрдугаарт, гадаад орчинд үүссэн нөхцөл байдал. Гуравдугаарт, энэ хүн чинь нас барчихсан. Ийм зүйлсийг ярьдаг байсан бол өнөөдөр иргэд арай өөрөөр хандаж байна. Нээрээ судлаад үзсэн чинь ноцтой асуудлууд их байна. Бид анхааралтай ажиглаж байгаа. Сонсголоо амжилттай зохион байгуулаарай гэдэг зүйлийг иргэд хэлж байна. Мөн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж эх орондоо хүрэлцэн ирсэнд би их талархаж байгаа. Ард түмэндээ үнэн зөв байдлыг тодорхой хэлэх хэрэгтэй. Харин худлаа ярих ёсгүй. АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос нотлогдоод гараад ирсэн 3.5 сая файл материалыг тус улсын Хууль зүйн яам нь албан ёсны сайтдаа байршуулсан. Энэ бол нотлох баримт, албан эх сурвалж байхгүй юу. Эндээс өнөөдөр холбогдох материалуудыг ганцхан хууль хяналтын байгууллагынхан биш, хүссэн хүн бүр орж үзэх боломжтой. Орж үзсэн хүмүүс нь надтай холбогдож байна.

-Ер нь ямар, ямар асуудлууд байгаа юм бэ?

-Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл, аюулгүй байдал, газрын доорх байгалийн баялаг, Монгол төрийн сонгууль гээд олон зүйлтэй холбоотой мэдээ мэдээлэл байгаа. Би үндсэндээ гурав ангилсан шүү дээ. Эпштейн гэдэг хүн бол нэгдүгээрт, бага насны хүүхдийг хүчирхийлэгч хүн байсан байна. Хоёрдугаарт, байгалийн баялаг ихтэй ч хөгжил буурай орнуудын улс төрд нөлөө бүхий этгээдэд нөлөөлж, лобби хийж шийдвэр гаргуулах ажлыг хийдэг. Энэ лоббиг хийдэг компаниудынх нь жагсаалтын гуравт Рио тинто буюу Оюу толгой дээр олборлолт хийж байгаа компанийн нэр байгаа. Дубайн гэрээтэй холбоотой байж мэдэх асуудал ч гараад ирсэн байна. Дээр нь үнэ бүхий уран зураг, хаус, үнэт эдлэлүүдийг худалдан борлуулахаар хоорондоо харилцсан и-мэйл, захидлууд нь ил болсон. Өнгөрсөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн мэдээлэл цаг өдөр, процесстойгоо тэр хүн рүү очиж байсан мэдээллүүд нь ч ил болсон. Энэ үед бид чимээгүй хараад өнгөрөх үү. Эсвэл маш нарийн эх сурвалж дээр судалгаа хийж, үнэн зөв мэдээллийг гаргаж ирэх үү гэдэг л асуудал. Магадгүй бид өнөөдөр Оюу толгойгоос ногдол ашиг авч чадахгүй байгаагийн учир нь энд байгаа юм биш биз дээ. Дээр ярьсан гурван асуудал хоорондоо холбоотой байж таараад байгаа юм. Магадгүй Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүн буруу зөрүү алхмаасаа болж бусдад шантаажлуулж төр, ард түмэн, эх орныхоо эсрэг шийдвэр гаргах нөхцөл байдалд орсон байх вий дээ гэдэг асуудал хүртэл байгаа. Үнэн зөв мэдээллийг л өгөх нь чухал. Түүнээс энд хэн нэгнийг буруутгах гээгүй. Хэрэв буруу зөрүү зүйл болсон бол бид цаашдаа ямар арга хэмжээ авч, яаж ажиллах ёстой юм гэдэг дээр Монголын төр бодлого гаргаж ажиллах ёстой. Түүнээс энд улстөржих ямар ч шаардлага байхгүй.

Т.ДАРХАН

"Өдрийн сонин"

/2026.08.20/

Сэтгэгдэл бичих