Б.Гантулга: Жолооч нар “Цаг хэмнэнэ” гээд өдөржин, шөнөжин давхидаг. Энэ нь аюул тулгарсан үед самбаачлах чадваргүй, хяналтгүйгээр нойрмоглох зэрэг эрсдэлтэй

оруулсан Алсын Хараа

Баяр наадмын амралтын үеэр Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт зам тээврийн ноцтой осол гарч гурван хүн харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Мөн энэ үеэр орон нутгийн замын хөдөлгөөн ихэсч, осол аваар бүртгэгдсэн талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Гантулгаас тодрууллаа.


-Улсын баяр наадмын үеэр орон нутгийн замд гарсан ноцтой хэрэг, зөрчлүүдэд ямар шалтгаан давамгайлж байна гэж үзэж байгаа вэ?

-Энэ жил улсын баяр наадмын амралт урт болсонтой холбоотойгоор хөдөө орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн нэлээд их байлаа. Орон нутгийн замд гарсан ослын ихэнх шалтгаан нөхцөл нь хурд хэтрүүлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх гэх мэт зөрчил давамгайлж байна.

Долдугаар сарын 9-18-ны өдрүүдэд орон нутагт зам тээврийн ослын улмаас 18 хүн нас барж, 29 хүн гэмтсэн харамсалтай мэдээтэй байна. Эдгээр шалтгаан нөхцөл дээр жолооч нар маань зорчигчийн аюулгүй байдлыг хангадаггүй. Нэг ёсондоо хамгаалалтын бүс зүүлгэдэггүй, хүүхдийг зориулалтын бусаар тээвэрлэдэг зөрчлүүдээс үүдэж зам тээврийн ослын улмаас зорчигч хүнд гэмтэх, цаашлаад амь насаа алдах харамсалтай тохиолдлууд гарч байна.

-Зам тээврийн хөдөлгөөнд тулгарч байсан бэрхшээл юу байв?

-Жолооч нар маань анхааруулсаар байтал хэт ядарсан буюу сайн амраагүй үедээ хөдөлгөөнд оролцдог. Мөн хэт олон цагаар жолоо барьдаг. Нэг газар очихдоо цаг хэмнэж байна гээд өдөржин шөнөжин давхидаг. Энэ нь аюул тулгарсан үед самбаачлах чадваргүй байх, хяналтгүйгээр нойрмоглох зэрэг эрсдэлтэй. Түүнчлэн шөнийн цагт явахдаа гэрлээ шилжүүлдэггүй тохиолдол маш их байна. Энэ жил "Амраад аюулгүй аялъя" нэртэй аяныг зохион байгуулсан. Мөн жолооч нар маань тээврийн хэрэгслээ хол замд явахын өмнө шалгадаггүй. Ялангуяа запас дугуйн хий, бүрэн бүтэн байдлыг шалгахгүй гарах, эсвэл өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцдог. Энэ нь өөрөө эргээд дугуй буудах, осол гарах гол шалтгаан болдог. Мөн орон нутгийн замд зорчихдоо замын нөхцөл байдалд хурдаа тохируулж явах хэрэгтэй байна.

-Баяр наадам дууссан ч долоо, наймдугаар сар амралтын үе байдаг болохоор орон нутгийн замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Цаашид иргэд юун дээр анхаарах шаардлагатай байна?

-Улсын баяр наадам дууссан ч гэсэн аймгуудын ой, ургийн баяр гэх мэтчилэн баярууд зохион байгуулагдаж орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн үргэлжилсээр байдаг. Хол замд явж байгаа учраас та бүхэн маань тээврийн хэрэгслийн гэрэл, дугуй, хамгаалах бүс, тос масло, дагалдах хэрэгсэл зэрэг зүйлсийг сайтар шалгах хэрэгтэй. Бүрэн бус тээврийн хэрэгсэл гэдэг ганцхан өөрт биш, бусдад аюул учруулах хамгийн том хүчин зүйл юм шүү. Зөвхөн жолооч гэлтгүй зорчигч нар хамгаалах бүсээ зүүж хэвших хэрэгтэй. Замын хөдөлгөөнд оролцохдоо нэгдүгээрт, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн л бол огт тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх. Хоёрдугаарт, заагдсан дээд хурдыг хэтрүүлэхгүй байх. Ер нь “Сайн яваад ирэв үү” гэж асуудгаас “Хурдан яваад ирэв үү” гэж асуудаггүй шүү дээ. Дараагийн дугаарт, бидний хэлээд байгаа гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон газруудад огт хийхгүй байх. Жолооч та аялал, амралтдаа хамгийн хайртай хүмүүсээ хажуудаа суулгаад тээвэрлэж яваа учраас өөрөөс гадна зорчигчийнхоо аюулгүй байдлыг сайтар хангах үүрэгтэй. Зам тээврийн осол бол санамсар болгоомжгүйгээс үүдэлтэй учраас эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа сайтар хангаарай гэж зөвлөмөөр байна.

-Иргэд хурдны хэм хэмжээний талаар орон нутгийн замын хөдөлгөөнд 60-70км/ц -аас бага хурдтай явж байгаа машинуудаас болж гүйцэж түрүүлэх шаардлага үүсдгээс хэрэг зөрчил гарч байгаа гэх мэт сошиал орчинд маргаан үүсгэсэн байсан. Мэргэжлийн байгууллагаас энэ тал дээр ямар зөвлөмж өгөх вэ?

-Тухайн зам дагуу байршсан тэмдгийн заалтыг сайтар мөрдөж явах нь хамгийн чухал. Замын тэмдэг тэмдэглэгээнд заасан хурдаар хөдөлгөөнд оролцох, бусад үед замын нөхцөл байдалд хурдаа тохируулах хэрэгтэй. Жишээ нь, өгсүүр болон уруу, огцом эргэлттэй замд, үзэгдэх орчин хязгаарлагдмал, гүүр болон төмөр замын гарам зэрэг газруудад гүйцэж түрүүлэхийг хориглодог. Энэ тэмдгүүд байршсан газруудад гүйцэж түрүүлэхгүй байх. Мөн урд яваа тээврийн хэрэгслийн жолооч хойно байгаа тээврийн хэрэгсэлд гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байвал боломжоор хангах, хурдаа дагаж нэмэхгүй байх, боломжтой бол өөдөөс тээврийн хэрэгсэл байхгүй гэдгийг гэрлээрээ дохио өгөх зэрэг нь тухайн тээврийн хэрэгслийн жолоочид маш хэрэгтэй байдаг. Хамгийн гол зүйл бол зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулах нь нэн чухал. Нэг ёсондоо зөвшөөрөгдсөн дээд хурдыг хэтрүүлэхгүй байх, жолооны ард суусан л бол сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Дээрээс нь замын нөхцөл байдал зарим газруудад засвартай, эвдрэлтэй байгаа учраас тэдгээр замд хурдаа тохируулж өөрийн болон зорчигчийн аюулгүй байдлыг хангах нь хамгийн зөв.

Б.ДАРИЙМ

Сэтгэгдэл бичих