Мэргэжлийн хяналтын байгууллагаас түүхий нүүрс хот руу оруулахыг завдсан болон хэрэглэсэн тохиолдлуудыг шалгаж байна. Харин нийслэлийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрлийн дагуу 20 гаруй аж ахуйн нэгж түүхий нүүрс хэрэглэж байгаа юм.
Түүхий нүүрсэнд Зөрчлийн тухай хуульд 2020 оны нэгдүгээр сард нэмэлт өөрчлөлт оруулж, уг хуулийн 6.24.2-т Агаарын бохирдлоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой нутаг дэвсгэрт хориглолт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, хориглосон бүсэд түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэсэн, эсхүл нэвтрүүлсэн бол зөрчилтэй эд зүйлийг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан. Тэгвэл 2020 оны есдүгээр сарын 22-ноос аравдугаар сарын 26-ны өдрийн хооронд нийслэл рүү түүхий нүүрс оруулахыг завдсан зургаан тохиолдлыг илрүүлж, иргэн тус бүрийг 100 нэгжээр торгож, нийт 74.1 тонн түүхий нүүрсийг хүраан авч, Амгалан дулааны цахилгаан станцад шилжүүлсэн. Мөн Эмээлтэд мах, түүхий эд боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд түүхий нүүрс ашиглаж байсан найман зөрчил илэрсэн. Нийтдээ 450 тонн түүхий нүүрс хадгалж байсныг илрүүлж, 13 сая төгрөгөөр торгожээ.