2027 оны нийслэлийн төсвийн төслийг НИТХ-д өргөн бариад буй. Арванхоёрдугаар сарын 5-ны дотор төслийг батлах хуулийн хугацаатай. Энэ өдрүүдэд төслийг НИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж байна.
Ирэх оны нийслэлийн төсвийн орлогыг ₮4.6 их наяд, зарлагыг ₮4.8 их наяд байхаар тооцоолжээ.
Төсвийн нийт орлого 2 их наяд бөгөөд татвар, торгуулиас дараах байдлаар төвлөрүүлэхээр тусгасан байна.
- ААН-ийн орлогын албан татвар ₮1.4 их наяд
- Авто тээврийн хэрэгслийн албан татвар ₮153.2 тэрбум
- Хотын албан татвар ₮38.6 тэрбум
- Авто зам ашигласны төлбөр ₮110 тэрбум
- Хүүгийн орлого ₮121.3 тэрбум
- Торгуулийн орлого ₮188 тэрбум нийслэлийн төсвийн орлого болно.
Автомашинтай иргэдэд хамгийн их хамааралтай авто зам ашигласны төлбөрөөс энэ онд ₮105 гаруй тэрбумыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн байсан бол ирэх онд ₮110 тэрбум, авто тээврийн хэрэгслийн албан татвар ₮134.9 тэрбум байсныг ₮153.2 тэрбум болгож, нэмэгдүүлжээ. Харин торгуулийн орлогыг энэ онд ₮196.8 тэрбумаар тооцоолсон бол ирэх онд ₮188 тэрбум болгож, бууруулсан байна.