Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням уржигдар шатахуун түгээх станцуудаар явлаа. Тэрбээр мэдээж оочер дараалалтай байгаа гэдгийг харсан. Ер нь бол сайд станцуудаар яваад яах билээ дээ. Ямар ч мэдэлгүй хэдэн түгээгч ирсэн бензинийг нь түгээгээд л зогсож байгаа. Ирээгүй бол тэд юугаа түгээх билээ. Ямар шээсээ түгээлтэй нь биш. Бөөн уур унтуу болсон хэдэн халтар жолооч бас ам хэлээ билүүдээд угтаа биз. За яах вэ ганц хошуугаар тараалаа, дизель энэ тэрээ удаан түгээсэн гэх мэтхэн нь л байгаа. Тэгээд сайд маань бухимдаж дараах мэдэгдлийг хийсэн. “Ерөнхий сайд, АҮЭБ-ийн сайд, төрийн бүх агентлагууд шатахуун импортлогчдыг гадаад улсаас төрийн шугамаар хөөцөлдөж экспортын квот авч өгөхөөс аваад татвар, гааль, тээвэр гээд дэмжиж болох бүх талаар дэмжиж байна. Гэтэл зарим аж ахуйн нэгж шатахуунтай байж зарахгүй, 24 цагаар ажиллахгүй, ганцхан хошуугаар олгож ард иргэдийг бухимдуулж байна. Хямралын үед онцгой горимоор ажиллаж төрийн өмнө ард иргэдэд үйлчлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй бол торгоно, тусгай зөвшөөрлүүдийг нь цуцална” гэлээ. Бухимдсан сайд энэ мэтээр үглэж арай л үсээ үгтээж харуулсангүй. Харин тэр хэлсэн үгэн дотор “Зарим аж ахуйн нэгж шатахуунтай байж зарахгүй байна” гэдэг үг их содон дуулдаж байв. Ард түмэн горьдсондоо ч юм уу үнэхээр тийм ч байгаа юм уу “бензин байна, өгөхгүй байна” гэж ярих нь олширсон. Зарим хэвлэл дээр “хот тойрсон, томоохон аймгийн агуулахууд олон улсад нэрээ дуурсгасан “нефтийн магнат”-ын мэдэлд очсон. 2-3 жилийн өмнө худалдаад авчихсан. Тэр л тэдгээр савандаа шатахуун хадгалж байгаа гэх мэдээлэл гадуур дотуур яригдаад байгаа юм. Тэр этгээд зарим том компанийг ч өөрийн болгосон. Үнэ нэмэх, татвар тэглэх, агуулах барих бүгд түүнд ашигтай. Ер нь бол Монголын нийт импортын шатахууныг дээр хэлснээс гадна 2-3 хүн л мэддэг. Тэд аятайхан байвал үнэ тогтвортой, хангамж хэвийн байна. Хэрэв дургүй нь хүрвэл өнөөдрийн энэ эмгэнэлт байдал үүснэ” гэж мэдээлжээ. Тэр олон улсад “нэрээ дуурсгасан магнат” гэж аль компанийг хэлээд байгаа юм бол гэсэн бодол орж ирж байгаа биз. Энэ бүгдээс эргээд харж байхад АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням шатахуун түгээх станцуудаар явж байхаар шатахууны агуулах савуудад АТГ-аа дагуулаад ард түмний төлөөлөл,хэвлэл мэдээлэлтэй яваад шалгалт хийсэн бол дээр байж дээ гэж бодогдож байна. Байгаа онохгүй л сандчаад байх шиг харагдах юм. Мэдээлэл өгч байна, гэхдээ тал. Яг юу болоод байгааг нь нуучхаад байх юм. Оросоос ирээд Хятад явлаа гэхээр хойноос юм ирэх нь дутуу ч юм уу найдваргүй гэсэн ч үг юм уу. Бүүр муудвал гээд даатгал хийж байгаа ч юм уу. Бүү мэддээ, мэдэж байгаагаас шатахуун олдохгүй л байгааг мэдэж байна.
Ө.Тулга
"Өдрийн сонин"
/2026.08.19/