Бага тэнгэрийнхэн: Жакийг зайлуулаад 27 оныхоо замыг засна гэжээ...

оруулсан Алсын Хараа

Эхэнд нь нэг тодруулга: Улс төрд яваа хүмүүс бие биеийнхээ нэрийг товчлон дуудах нь элбэгшиж. Уул нь: Дуудах нэр нь хүний нэгэн насны аман хишиг, буян заяад нөлөөтэй байдаг гэх. Тиймийн учраас: Монголчууд хүний нэрийг бүтэн дуудахыг эрхэмлэнэ. Нэрийг таслан, товчлон дуудахыг уламжлалт ёсонд сайндаа үздэггүй. Монголчууд гэр бүл дотроо Улаанаа, Бороо гэх мэтээр хүүхэд байхад нь дууддаг гэрийн нэртэй байх нь цөөн бус. Тэр нь: Гэрийнхэн нь хайрлаж ээнэгшин, эсхүл хүүхэд тогтдоггүй айл нэрийг нь сольж дуудах замаар муу юмыг төөрөгдүүлэх арга монгол уламжлалд байж. Тэр лүгээ: Одооны улс төрд төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хэдийгээ Хүк, Эби, Женко, Ми, Жу, Сайхнаа, Учка, Оюук, Зандка гэх зэргээр дуудаж ярьдаг болоод удаж. Эдгээрийн ард хэн хэнийг дуудаж буйг та бэлхнээ мэдэх буй за. Хавраас хойш нэг яриа ордны тамхины цэгээс салахгүй байгаа, МАН-тай холбоотой. Юу юм гэхлээр: Эднийхнээс 27 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг сонирхогчид бишгүй олон байгаа юм байх. 50 хүрсэн баахан “к”-гаар төгссөн нэртэй хүмүүс сонсдоод байгаа. Тэдний дунд хэн нь 27 оны Ерөнхийлөгчийн сонгуульд үсэрчих вэ гээд тэрүүхэндээ дажин болж байгаа даг. Тэрнээс нэг мэдээ хэдэн сар тамхины цэгийн ховнуудыг хачирлаж байгаа. Бага тэнгэрийн амнаас: Жакийг зайлуулаад зам гаргана гээд үзэж тарж байгаа гэх. Энэхүү амнаас өмнө ховч муужгайг холдуулж дөнгөж. Одоо Жакийг зайлуулбал зам нь гарч, заяа нь тэгшрээд 27 онд Ерөнхийлөгчтэй болно гээд гүрийж байгаа гэх. Бага тэнгэрийн амныхан Жак төлөвлөгөөгөө идэвхжүүлээд эхэлж. Жак гэдэг нь Болдын Жавхлан. Эдүгээ УИХ-д Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга хийж байгаа. Сангийн сайд байснаар нь бүгдээрээ мэднэ. Эх орондоо их сургуульд сурч банкны эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Дараагаар нь ХХБ-ны дэд ерөнхийлөгчөө өгөөд АНУ-ын Калифорнийн их сургуулийн ривер сайдын хэлний сургууль, мөнхүү Индианагийн их сургууль төгсөж. Ажилласан нь: 97-99 онд Монголбанкны хянан шалгагч, 99-2000 онд Монголбанкнаас Хаан банкинд тавигдсан БЭТ, 2000-4 онд Монголбанкны ахлах хянан шалгагч, 4-6 онд ХХБ-ны үйл ажиллагаа эрхэлсэн захирал, 6-7 онд ХХБ-ны дэд ерөнхийлөгч, 10-16 онд Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч байгаад 16 онд Дархандаа нэр дэвшиж гишүүн болсон. Тэрнээс хойш тувтан сонгогдсон. Тэр хооронд: 20-21 онд Төсвийн байнгын хорооны дарга, 22-26 онд Сангийн сайдаар ажиллаж. Эднүүсийг ингээд өрсөн нь: Жак бол эдийн засаг, санхүүгийн салбарт дороос нь дээш мерит зарчим гээчээр өгсөж ирсэн боловсон хүчин гэдгийг тодруулж буй хэрэг. Уулаасаа улс төрд орсон болгоны хүртдэг шүүмжлэл болон муу нэрийг Жак алгасаагүй, хүртээд л явж буй. Мөнхүү: Сангийн сайдаар дөрвөн жил гаруй ажилласан улстөрч дан сайн нэртэй байх боломж эдүгээгийн Монголд -100 хувь. Гэлээ гэхдээ: Жак бол Хөгжлийн банкийг дампуурлаас гаргахад, хэдэн засаг дамжсан бондуудаас төсөв, татвараа чөлөөлөхөд, саарал жагсаалтаас хар жагсаалт руу гулсаж буй эдийн засгийг эерэг дүнтэй болгоход гар бие оролцсон Сангийн сайд. Өнөөдөндөө өөрөө улс төрд ид дундаа яваа учир тэр нь гавьяа хэмээн яригдахгүй. Улстөрчийн үзэх ёстой тавилан энэ. Гэхнээ: Жак Сангийн сайдаар Оюук, Зандка хоёрын засагт ажиллаад Учкагийнханд ороогүй. Яагаад гэхнээ: Учкагийн сонгосон сайд нар дунд Жакийг завсаргүй мэрж суудаг сайд байгаагаас болоод буусан гэх. Басхүү: Төсөв хүндэрч, тэрнээс гарахын тулд Ирээдүйн өв санг хэрэглэх дээр санал нийлээгүй гэх. Энэ хоёроос өөрөөр: Эв таарвал 27 онд явчихсан ч яахав гэж байгаа гэх. 27 онд явах шанс Жак-д байгаа. Тэрээр хаанаас ч дэмжүүлэх улс төрийн геополитик сайтай. Увс, Говь- Алтай, Сүхбаатар, Дархан, бүгд түүний нутаг. Тиймийн учраас: Эдгээрийн аль аль нь үнэнтэй дүйж л сонсдоно. Гэсэн нь: Бага тэнгэрээс Жак-д зориулсан хөтөлбөр гаргаж. Жакийг Ерөнхий сайдаар залаад 27 оныхоо замыг засна гэж үзэж. Энэ завсраар харах нь ээ: МАН дахь засгаараа оролдох томоохон хагарлын чулууг Бага тэнгэрээс шидэж байгаа гэж болох нь. Бодит дээр: Бага тэнгэрийнхэн санасандаа хүрч Жак-ийг Ерөнхий сайд руу шидсэн ч ард нийтийн эрх ашгийн үүднээсээ алдаа болохгүй. Яагаад гэх нь ээ: Эдүгээ Жакийг Сангийн сайдаас бууснаас хойш Монголын эдийн засаг, тэр бүү хэл төсөв хүртэл хэцүүхэн болж. Хэдэн тоо харлаа. Нийгэм, эдийн засгийн үзүүлэлт бодож, тоо дэлгэдэг төрийн байгууллагын мэдээллээр 26 оны эхний хоёр улирал болон 7 сарын гол мэдээнүүдийг гаргаж. Тэрүүгээр: Инфляци 26 оны 7 сарын байдлаар жилийн 13 хувьд хүртэл өсөж. Энэнээс: Хүнсний инфляци 2 5 .5 хувьд хүрч, тэр нь шатахуун тасалдсан шок гол нөлөө үзүүлж. Өрхийн бодит орлого, зарлагыг өнгөрөгч онтой харьцуулахад 4 . 8 хувиар буурч. Үзүүлэлт бодсон хугацаанд өрхийн нэрлэсэн орлого өмнөх улирлаас 0.2 хувь өсөж, хэрэглээ -3.5 хувиар буурч. Энэ нь хэрэглээ талдаа эдийн засгийн идэвхжил бодитой суларсныг харуулна. Мөнгөний нийлүүлэлт 7 сарын байдлаар 53.1 их наяд төгрөг болж өнгөрөгч оны ийм үеэс 25.2 хувиар, зээлийн үлдэгдэл 48.2 их наяд төгрөг болж, 13.0 хувиар өсөж. Эдийн засгийн өсөлт 7.7 хувиар өссөн дүнтэй, ковидоос хойших өсөлтийн түвшинг хадгалж байгаа гэх боловч энүүний 3.9 нэгж хувийг уул уурхай бүрдүүлж, худалдааны салбарын бодит өсөлт 0 зааж. Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого оны эхний 7 сард 17.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.7 их наяд төгрөг буюу 11.0 хувиар, зарлага 19.5 их наяд төгрөг болж, 2.6 их наяд төгрөг буюу 15.5 хувиар өсөж. Энэхүү дүнд хүрсний улмаас төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарч. Төсвийн орлого нэмэгдэхэд ААНОАТ- ын 241 тэрбум, ХХОАТ-ын 205 тэрбум, нийгмийн даатгалын орлогын 479 тэрбум, НӨАТ-ын 401 тэрбум төгрөгийн нэмэгдэл нөлөөлж. Гэвчиг зарлага 2.6 их наядаар нэмэгдсэн нь цалингийн зардал 995 тэрбум төгрөг буюу 26.6 хувь, урсгал шилжүүлэг 551 тэрбум буюу 8 хувь, хөрөнгийн зардал 859 тэрбум буюу 31.8 хувиар нэмэгдсэн нь нөлөөлж. Басхүү: Орон сууцны үнэ 7 сард өнгөрөгч оныхоо ийм үеэс 6.2 хувиар өсөж. Дундаж үнэ нь Улаанбаатарт хотод м2 нь 4.7 сая төгрөг болж. Эдгээр тоог уншдагууд нь хараад мэднэ, эдийн засаг маань юу болж вэ гэдгийг. Тиймийн учраас: Төсөв, тоо мэддэг Жакийг Бага тэнгэрийнхний түлхээсээр хүссэн ажилд нь оччиход: Шал дэмий юм гэх аргагүй нь. Дэмтэй хэрэг болно. Тийшээ биш ч 27 онд үзэлцэж байгаад сонгогдсон ч ард нийт лав алдахгүй. Яагаад гэх нь ээ: Эдийн засгийн мэдлэгтэй, төсвийн туршлагатай хүн төрийг тэргүүлж, гүйцэтгэх засаглалыг удирдах нь Монголын эдүгээ цагийн эдийн засгийн хийгээд нийгмийн захиалгат шаардлага болж…

Ө.БАТБИЛЭГ

Сэтгэгдэл бичих