Шулуухандаа: Засаг огцрохоо больж. Сайд нар зургаан өдрийн өмнө Монгол Улсын 2026 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай тухай хуулийн төслүүд, эдгээр хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг УИХ-д мэдүүлсэн.
Тэр үеэр сайд нар: Төрийн өмчит компаниудын дансанд хуримтлуулсан мөнгийг төсөв рүү оруулж ирж, УИХ-ын гишүүдэд яаж зарцуулах эрх мэдлийг нь шилжүүлж байна гэж байсан. Сайд нарыг тийнхүү хэлэхэд зарим нь: Засаг амар юм болох нь ээ, хэзээ байхдаа засаг нь УИХ-д эрх шилжүүлж байсан юм, УИХ л засагт эрх олгодог, засаг давраад өөртөө Төрийн эрх барих дээд байгууллага цол хайрлах нь дутуу болж гэх чимхээ болсон. Энийг ярихдаа гол юмыг нь олж хараагүй байж. Далдуур учраас харах ч алба, бололцоо хомс. Ар дахь гол юм нь: Засаг огцруулна гэж орилоод байгаа гишүүдэд тойргийг нь услах маягаар мөнгө хаяна шүү гэх санаа байж. Уг суурь нь: АН хаврын туршид засаг огцруулахаар гишүүдийнхээ мутрын тэмдгийг цуглуулсанд. Тэр нь 40 хүрч.
АН-ын дарга тэрийгээ ярьж: Энэндээ хатуу бат зогсоно гэсэн. Бүлгийн гишүүд нь ч дэмжиж. Уулаасаа: АН сөрөг хүчин, сөрөг хүчний цор гагц улс төр эрх баригчдын засгийг огцруулах. Энэ бол дэлхийн улс төрийн жишиг. Муу засгийг удааж болохгүй. Сайн байсан ч энэхүү огцруулах сэдэл байнга гарах жишигтэй. Засаг тэрэнд сандарч. Яг нарийндаа: Эдүгээ засаг огцруулах эсэх бол дан гагц АН-аас болохгүй. МАН-аас л болно. АН: Огцруулъя гээд өргөсөн ч МАН-ын 65 авч үлдэх бүрэн чадалтай. Гэвчиг: МАН доторх 30 ба 33-ын хагарал аниагүй, ангархай хэвээр гэх. Тиймийн учраас: МАН-ын 30-ын бүлэг АН-ын бичигт дөрөөлж хуньчих гээд байж. Тэгээд л засаг АН-ын өргөх бичигнээс бажга авч. Сандраад МАН-ынхаа гишүүдээс: АН-ын эсрэг, засаг огцруулахгүй гэж мутрын тэмдэг цуглуулж өгөөч, мутрын тэмдгээ хайрласан гишүүн болгонд тойргийнх нь төсөвтэй уяад асуудал шийдэж өгье гэж гуйж. Тэр нь бүтэлгүйтсэн байх. Тэгмэгцээ: Төрийн өмчит компаниудын дансанд хуримтлуулсан мөнгийг төсөв рүү оруулж ирж, УИХ-ын гишүүдэд яаж зарцуулах эрх мэдлийг нь шилжүүлэхээр шийдэж. Гэтэл нь: Мутрын тэмдгээ хайрлаагүй нэг гишүүн: Яахаараа МАН-ын засгийг огцруулах гээд байгаа юм, юу нь болохоо байчхаав гэж ирээд намын даргаасаа эхлээд, намын бүлгийнхнээ навс загнав шүү, уржигдар. Монголын байтугай дэлхийн улс төрийн түүхнээ сөрөг хүчин нь эрх баригчдаа өмгөөлж ийнхүү амь биеэ үл хайрлан тэмцсэн нь үгүй билээ. Машид содон үзэгдэл. Тэрхүү гишүүн хөөрхий аргагүй байж. Сархад, шатахууны бизнестэй спонсор компани нь уул уурхайн олон толгой ордын нэгийг авахаар тохирч, улс төрийн үйл хэргийг тэрхүү гишүүн хэрэгжүүлж. Аварга тосонгийн тунхаг нэртэй айхавтар томдсон нэртэй, сайд гишүүн гэх хоёрхон хүний хонон өнжсөн уулзалтаас гарсан шийд. Тэрхүү шийд нь олон толгой бүлэг ордын нэгийг эзэмших байснаас энэхүү Аварга тосонгийн тунхаг гэх айхавтар том нэр төрсөн гэх. Засаг зүгээс энэхүү гагц гишүүнээс тусдаа хүний, өөрийн гишүүдтэй нэлд нь ажиллаж. Тойрогт чинь хөрөнгө оруулалт маягаар шийдье, хэд хэрэгтэй вэ гээд гишүүдийг ганцаарчилсан уулзалтаар барьж авч. Дургүйцэж, хаяж гарсан гишүүн ховор байж. Тамхины цэгийн явган мэдээгээр: Засаг тэрхүү мөнгийг нээрээ л төрийн өмчит компаниас гаргаад УИХ-ын мэдэлд шилжүүлж. Оюутолгойгоос орж ирсэн 1.5 тэрбум доллар ийнхүү засгийн амийг хамгаалах үйлсэд яваад өгч буй гэх. Өнгөрөгч 5 сард засаг мэдээллээрээ: Засаг Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг хоёр дахин багасгаж, төлбөрийн давхардал арилгах тохиролцоонд хүрч чадлаа. Үр дүнд нь 2.2 тэрбум долларын зардал буурч, Монгол Улсын өгөөж 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэсэн. Тэрхүү мөнгийг төсөв рүү хийгээд, тэрнийгээ амиа аврахад ашиглаж.
Базах нь ээ: “Засгаа аврах сайд нарын панаал, гишүүд панз” гэх төсөл амжилттай хэрэгжиж. Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч. Оюутолгойгоос бойкот хийж олж авсан 1.5 тэрбум ам.доллараа хэрэглэж. Тамхины цэгийн явган мэдээ шүү, энэ.
Энэхүү явган мэдээ үнэн бол АН нэгэнтээ 40-өөс дээш тооны гишүүн нь мутрын тэмдгээ хайрласан засгийг огцруулах бичгээ УИХ-д өргөнө. Тэрэнтэй нь зэрэгцээд засгийн панаалд орж, мутрын тэмдгээрээ панз хийсэн гишүүд хүний өөрийнгүй: Гадагшаа ниснэ, эсхүл: Бие өвдлөө, эмнэлэгт хэвтэнэ гэх дэг. Зугтаж буй нь тэр. Энэнээс гадна: Тунчиг удалгүй сархадын компанид уул уурхайн бүлэг орд эзэмшүүлэх засгийн шийд гарна...
Ө.Батбилэг
"Өдрийн сонин"
/2026.08.26/