“Бурханы гараар” оруулсан гоолын бөмбөгийг 3.3 сая доллароор заржээ

оруулсан Алсын Хараа

Аргентины шигшээ багийн ахлагч Диего Марадонагийн гараараа Английн хаалганд оруулсан гоолын бөмбөг Heritage Auctions дуудлага худалдааны ордонд үнэ хаялцуулах үеэр 3 сая 300 мянган доллароор зарагджээ. Анхандаа бөмбөг 10 саяар зарагдана гэж тооцож байв.

Уг гоолыг Марадона 1986 оны ДАШТ-ий шөвгийн 8-ын тоглолтын үеэр оруулсан бөгөөд тэрбээр дубль хийснээр аргентинчууд 2:1-ээр хожсон юм.

Тоглолтыг шүүсэн Тунисын шүүгч Али Бин Нассер уг бөмбөгийг 30 гаруй жилийн турш гэртээ хадгалсан бөгөөд тоглолтод ашигласан цорын ганц бөмбөг мөн гэдгийг баталсныг хожим нь шинжээчид баталгаажуулсан байна.

Тэрбээр 2022 онд бөмбөгийг 2.3 сая доллароор зарсан бөгөөд худалдан авсан хүн 2023 онд дахиад дуудлага худалдаанд тавьсан боловч зарагдаагүй ажээ. Харин дээрх тоглолтонд Марадонагийн өмсөж байсан футболк 2022 онд болсон дуудлага худалдаагаар 9.6 сая долларын үнэд хүрсэн байна.

Ташрамд дурдахад, 1986 оны ДАШТ-ий үеэр Марадонагийн зүүж байсан багийн ахлагчийн тууз дуудлага худалдаагаар 512 мянган доллароор зарагджээ.

Сэтгэгдэл бичих