VOA: АНУ-аас Монгол Улс руу “Pfizer”-ын 899 730 тун вакцин илгээсэн байна

оруулсан Алсын Хараа

АНУ-аас Монгол Улс руу илгээх “Pfizer” компанийн “COVID-19”-ийн 900 мянга орчим тун вакциныг тус улс лхагва гарагт хүлээн авах төлөвтэй байна гэж Цагаан ордны төлөөлөгч Америкийн дуу хоолой /VOA/ агентлагт мэдээлэв.

“Монголд аюулгүй, үр дүнтэй вакциныг шуурхай хүргэхийн тулд хоёр орны шинжлэх ухааны баг, хуулийн болон захиргааны байгууллагууд хамтран ажилласан” гэж уг төлөөлөгч хэлжээ.

“Gavi” вакцины холбоо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Цар тахалтай тэмцэх инновацын эвслийн /CEPI/ хамтран санаачилсан “COVAX” хөтөлбөрийн шугамаар 899 730 тун вакциныг Монгол Улсад есдүгээр сард хандивласан “Pfizer”-ын 188 370 тун вакцин дээр нэмж илгээх ажээ. Мөн АНУ тус улсын цар тахалтай тэмцэх үйлсэд 4 сая гаруй ам.долларын дэмжлэг үзүүлээд байгаа юм.

Вакцин үйлдвэрлэгч БНХАУ, ОХУ-тай хил залгаа оршдог бага орлоготой орон болох Монгол Улс нь олон сая тун вакцин татан авсны дийлэнхийг Москва, Бээжинтэй байгуулсан гэрээний хүрээнд хүлээн авчээ. Монголын Эрүүл мэндийн яамны  мэдээллээр, улсын хэмжээнд “COVID-19”-ийн вакцины 4 389 409 тунг тариад байна. Нэг хүнд хоёр тунг хийх тооцоогоор энэ нь хүн амын 68 орчим хувьд хүрэлцэх юм.

Тийнхүү халдварын үзүүлэлтүүд буурч, өдөрт дунджаар 2230 тохиолдол шинээр илэрч байгаа нь есдүгээр сарын 6-нд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлтийн 60 хувьтай тэнцэж байна. Цар тахал дэгдсэнээс хойш улсын хэмжээнд халдварын 312 376 тохиолдол илэрч, 1347 хүн нас баржээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “AstraZeneca/Oxford”-ын вакцины эхний тунг 2021 оны хоёрдугаар сарын 23-нд нийслэл Улаанбаатар хотын эмнэлэгт хийлгэж байна

Вакцины тэгш бус хүртээмж

Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд вакцины тэгш бус хүртээмжийг зохицуулахын төлөө чинээлэг орнууд илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэж үзэж байна.

“Дэлхийн хэмжээнд вакцин хэрхэн хуваарилагдаад буйг авч үзвэл, чинээлэг орнуудад 80 хувь нь, бага орлоготой орнуудад ердөө 0.5 хувь нь ногдоод байна” гэж “Oxfam America” байгууллагын ахлах мэргэжилтэн Робби Сильверман хэлэв.

Дэлхийн зарим улс оронд эрсдэлтэй бүлгийн хүн ам нь ч эхний тунг хийлгээгүй байхад АНУ хүн амынхаа тодорхой бүлгүүдийг вакцины нэмэлт тунд хамруулахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн нь шүүмжлэл дагуулсан юм.

Харин Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа америкчуудын эрүүл мэндийг хамгаалахын сацуу дэлхий нийтийг вакцинжуулахад хувь нэмрээ оруулах бололцоотой гэдгээ мэдэгдсэн билээ.

“Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн Америк “COVID-19”-ийн эсрэг тэмцэлд вакцины сан байх болно” гэж Цагаан ордны төлөөлөгч “VOA”-д мягмар гарагт мэдээлжээ.

Ж.Байден есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд зохион байгуулсан “COVID-19”-ийн асуудлаарх цахим дээд хэмжээний уулзалтын үеэр “Pfizer”-ын 500 сая тун вакциныг бага, бага-дунд орлоготой орнуудад нэмж хандивлахаа мэдэгдсэнээр тус улсын амласан вакцины хандивын хэмжээ 1.1 тэрбумд хүрсэн юм.

АНУ амласан хийгээд нийлүүлсэн вакцины тунгийнхаа хэмжээгээр дэлхийд тэргүүлж буйг “Duke” их сургуулийн Дэлхийн эрүүл мэндийн инновацын төвийн тоон мэдээлэл харуулж байна.

Гэвч 10 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар АНУ хандивлахаар амласан 1.1 тэрбум тун вакциныхаа ердөө 15 хувийг нийлүүлжээ. Үүнийг БНХАУ /46 хувь/, Япон /30 хувь/, Европын Холбоо /25 хувь/ зэрэг АНУ-аас бага хандив амласан орнуудынхтай харьцуулахад хол хоцорч байна.

Сэтгэгдэл бичих