Авлигатай тэмцэх газрын (АТГ) Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс хийсэн шалгалтын дүнд төрд учирсан 721,1 сая төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулсан талаар мэдээллээ.
Авлигын эсрэг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу албан үүрэг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулахад Засгийн газрын 2013 оны 250 дугаар тогтоолын хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17 тэрбум төгрөг, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 6 тэрбум төгрөг, нийт 23 тэрбум төгрөгийг Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл эрхлэгч нарт зориулж эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл хэлбэрээр олгохоор шийдвэрлэсэн бөгөөд улмаар Хөдөлмөрийн сайд болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд нар 2013 онд “Дамжуулан зээлдүүлэх гэрээ”-г байгуулж, дээрх 23 тэрбум төгрөгийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас Оёдлын нэгдсэн холбоо руу шилжүүлсэн байна. Оёдлын нэгдсэн холбоо нь 18 аж ахуйн нэгжтэй эргэн төлөгдөх нөхцөл бүхий зээлийн гэрээ байгуулж санхүүжилт олгосон ч 2025 оны наймдугаар сарын байдлаар 15,6 тэрбум төгрөг төлөгдөөгүй байжээ.
