МАН ялагчдаа "барьж идээд" дуусгаж байна, сүүлчийнх нь Х.Нямбаатар...

оруулсан Алсын Хараа

Хүн ер нь арчаагүй. МАН-ын байж байгаа үүний сонгодог кейс. Ерөөс: Төрийн албан тушаалтан мөнгө мэддэг, хөрөнгө хөдөлгөдөг эрх мэдэлгүй байх ёстойг МАН-ынхан Монголын ард нийтэд ухаарууллаа. Хүн, тэр дунд МАН-ынхан албан тушаал, эд мөнгөний төлөө нүдээ ухахаас өмнө нөхдөө барьж идэж байна. Уул нь: Авлига, албан тушаалын хэрэг илэрч, гэм бурууг хүлээлгэх нь зөв. Гэвчиг: Зарим тохиолдолд энүүгээр халхавчилсан хэлмэгдүүлэлт яваад байх шиг. Ард нь эднийхээ албан тушаалыг авч эрх мэдэлд хүрэх гэсэн шунал л байна. Дэндүү ил юм, тэр нь.

МАН 24 оны УИХ-д ялж олонх болсон. Ард нийт энэ намыг сонгосон гэсэн үг. Гэвчиг: Сонгуулиас 10 сарын дараа сонгогчдын өгсөн саналыг өөрчилсөн. Намын дарга, Ерөнхий сайдаа сольсон. Уул нь: Хуулийн жинхэнэ хэлээр энэ нь төрийн эрхийг сонгуулийн бус буюу хууль бусаар шилжүүлэн авсан явдал. Төрийн эрхийг сонгуулийн бус аргаар авах нь Монгол Улсын Үндсэн хуулиар хориглогдсон. Үндсэн хуулийн 3 дугаар зүйлд: Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно гэж заасан. Энэ нь: Ардчилсан ёсны үндсэн зарчим. Зөвхөн бүх ард нийтийн сонгуулиар дамжуулж л төрийн эрхийг барих эрх үүсдэг. Тиймийн учраас: Энэ бол Эрүүгийн ноцтой гэмт хэрэгт тооцогддог үйлдэл. Гэтэл нь: Ийнхүү хэлүүлэхгүйн тулд 24 оны сонгуульд МАН-ыг удирдаж орсон гол хүмүүсээ гэмт хэрэг, ёс зүйтэй холбоотой юмнуудаар булж, сошиалд нүдэж байгаад буулгаж авдаг болж.

МАН-ыг 24 оны сонгуульд удирдсан гол хүмүүс нь МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар гурав нь юм. 24 оны сонгуулийн өмнө Л.Оюун-Эрдэнийнх нь нэр хүнд сайн байсан. Ард нийт ерөнхийдөө МАН-аас уйдан залхах талдаа орсон байсан ч Л.Оюун-Эрдэнийн явуулсан мега төслүүд, Баялгийн сан, И-Монгол болон ковидыг давсан, авлигатай тэмцсэн зэргийг сонгуулиар дэмжсэн. Энэнтэй маргаад хэрэггүй байх. Мөнхүү: Сонгуулийн хуулийн шинэ зарчмаар намын жагсаалт орж ирэхэд намчин биш, нийгмийн бүлгүүдийг багтаасан. МАН-ын дарга нь өөрөө тойрогт нэр дэвшсэн. Гээд ялалтаасаа 10 сарын дараа албан тушаалаасаа мулт үсэрсэн. Бэрийн цүнхний юмаар огцруулсан. Тэрнээс хойш дахин 10 сар өнгөрлөө. Одоо бүх МАН-аараа өнөөх Л.Оюун-Эрдэнийгээ дэвсэлж байна. МАН-ыг 24 оны сонгуульд ялуулсан бас нэг гол хүн бол Д.Амарбаясгалан. Тэрээр Ерөнхий нарийн бичгийн дарга нь байсан. Ерөнхийд нь тэр хүнийг цаг хугацааны нөөцөд байсан МАН-ын дарга гэж олон хүн тодорхойлохыг сонсож ирсэн. МАН-д гурван ялалт дараалж авчирсан ялалтын менежер ч гэж намынхан нь өргөмжилдөг байсан, санаж байвал. Тэр байгаагүй бол МАН үнэндээ ялахгүй байсан гэдэг юм. Гол нь МАН-ынхан Д.Амарбаясгалангаа Ерөнхий нарийн бичгийн дарга байхад цул бодлоготой, эв нэгдэлтэй байсан нь одоо харагддаг. Тэрээр МАН-ын гурав дахь ялалтын дараа УИХ-ын дарга болсон. Л.Оюун-Эрдэнийгээ огцорсны дараа МАН-ын даргад өрсөлдсөн. Тэгээд хэрэг үүсгүүлсэн. Хүн амь, Бор тээгийг авсан гэдэг хэргүүдийг сошиалаар тохсон. Гэвчиг: Тэр бүгд нь гүтгэлэгдүү юм болж хувирсан. Гүтгээд байсан амнууд одоо дуугаа хурааж, таг. Ийнхүү Л.Оюун-Эрдэнийгээ, Д.Амарбаясгалангаа дарж аваад одоо Х.Нямбаатар руугаа бууны хошуу, сэлэмний ирийг чиглүүлж. Ерөөс: МАН-ыг 24 онд ялуулсан гурвын сүүлчийнх нь Х.Нямбаатар нь. Тэрээр Нийслэлийн МАН-ын дарга болсон нь 24 оны сонгуульд энэ нам ялахад гол үүргийг гүйцэтгэсэн. Үнэмлэхүй ялсан. Энэнтэй бас л маргах аргагүй. Гэтэл нь Туулын хурдны зам төслөөр дамжуулан Х.Нямбаатарынхаа багийг намнаж эхэллээ. Сонгуулийн дараа МАН-ын толгойд заларсан дарга, эздэд тэр таалагдахгүй байгаа. Х.Нямбаатарынх нь нэр хүнд өндөр, дарга болон эзнээсээ дээш. Тэрний хэр хэмжээгээр зогсохгүй явдаг улстөрч. Ямар ч толгой улстөрч өөрөөсөө дээш гардаг улстөрчийг доороо явуулдаггүй. Тэрнээс болоод Л.Оюун-Эрдэнэтэйгээ, Д.Амарбаясгалантайгаа, эдүгээ Х.Нямбаатартайгаа дайтаж буй. Гэлээ гэхдээ: Улс төрийн дайндаа мега төслөө татан оруулж балладаг нь ч яаж байгаа юм, энэ маш муу. Тэрээр өчигдөр өглөө сошиал хуудсандаа: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна. Манай залуучуудыг ээлж дараалан 48 цаг баривчилж байна. Гэмт хэрэгт хэнийг ч сэжиглэж, шалгаж болно. Жишээ нь: Т.Даваадалай орлогч дуудахад нь очсон. Гэрийн хаягтай, оргон зайлаагүй, мөрдөгчийг айлган сүрдүүлээгүй, нотлох баримт устгаад дахин гэмт хэрэг үйлдсэн гэх зүйлгүй байхад амралтын өдөр өдөржин байлгаж байгаад шөнө дунд айдас төрүүлэн 48 цагаар баривчилсан байх юм. Хэрэг хянан шийдвэрлэх хуулийн ажлын хэсгийг ахалж байсан хүний хувьд мөрдөн шалгах ажиллагааг хорьж мөрдөж хөтөлж явуулдаг аргачлалаас нь өөрчлөх гэж хуулийг нь батлуулсан. Харамсалтай нь яг хүн байвал хэрэг нь олдоно, хорьж мөрдөж хүлээлгэнэ гэдэг тактик хэвээр оршсоор байна. Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга. Албан тушаал, эрх мэдэл солилцдог уг нь хоёр арга бий. 1: Намын хурлаар, 2: Хонгилоор. Мэдээж 2 дахийг сонгосон бол тойруулж буудаж олон хүн хэлмэгдүүлж байхаар намайг дуудаж шалга гэж бичжээ. Энэ зөв. Онилж чиглэсэн хүнээ биш, яг ажил хийж байгаа залуусыг нухаад байхаар энэ улсад ажил хийх хүн ховор боллоо. Энэ бүгдээс нэхэхэд: МАН-д 100 жилийн өмнө зүүнтний нугалаа гэж 1 юм болж байсан. Өмнө энийг дурдсан. Тэрхүү зүүнтний нугалаа нь: Коминтернийн заавраар Сталины загварын бодлогыг хэрэгжүүлэх буюу хүчээр социализмд шилжүүлэх хүч хэрэглэсэн туршилж байсан гэж түүхчид үздэг. Тэр яг ингэж явсан. Хэдэн хүн хэлмэгдсэн. Улсын эдийн засагт том хохирол учирсан. Тэр нь МАН-д дахиж.

Базах нь ээ: Энэ гурвын тухай МАН-д хайртайдаа бичиж байгаа юм биш. Гагцхүү: МАН-ын энэ тогтоож буй жишээ сурвалж бол Монголын төрд цаашаагаа гай болно гэдгийг сануулах гэж байгаа төдий. Гайд автсан төрөөс юу ч хүлээх хэрэггүй. Эдийн засгаа яг энэ Туулын хурдны замын төсөл шиг нураана. Тэгэхлээр: Улстөрчид тогтолцоо ярих цаг ирж. Ядах нь ээ: Сонгуулиар өгсөн ард нийтийн саналыг сонгуулийн дараа өөрчилдгийг зогсоох шаардлагатай болж. Нэмээд: Төрийн өмчтэй үйлдвэр, компаниуд цөөлөх нь зөв. Тэгэхгүйгээс: Сонгуулийн үеэр нэг дүр, сонгуулийн дараа ард нийтийн хүсээгүй дүр хүчээр гарч ирээд төр барьдаг эмгэнэлт тавилан руу Монгол нэгэнтээ орлоо. Жишээ нь: 25 оны 6 дугаар сараас 26 оны 3 дугаар сар хүртэл суусан Г.Занданшатар нь, 3 дугаар сараас хойш сар шахуу болж байгаа Н.Учрал нь ард нийтийн хүсээгүй Ерөнхий сайд нар. 24 оны сонгуулиар сонгоогүй Ерөнхий сайд нар гэсэн үг. Ийм байхад иргэд, ард нийт: Төрөө сонгож байна гээд сонгууль өгөөд маргааш нь хулхидуулах хэрэг байгаа юм уу? Тэгэхлээр: Хүсээгүй Ерөнхий сайд нарыг ээлж дараалж тавиулаад байхгүйн төлөөнөө Ерөнхий сайд огцорч байгаа бол УИХ тарж, сонгуулийг дахин хийдэг тогтолцоо руу ордог ч юм уу орох нь зүйн хэрэг. Энэ хэвээрээ яваад байж болохгүй л болж. Яагаад гэхнээ: Эд нар жоомнуудаа алж байхдаа байшингаа шатаачих шиг болох юм … Тэр байшин нь Монгол Улс.

Ө.Батбилэг

"Өдрийн сонин"

/2026.04.28/

Сэтгэгдэл бичих