Утааг шийдсэн Х.Нямбаатар үлдэж чадвал Улаанбаатарын түгжрэлийг өлхөн шийднэ

оруулсан Алсын Хараа

Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудал утаа, түгжрэл гэж бид сүүлийн хориод жил ярьж ирсэн. Тэгвэл өнгөрсөн жил Улаанбаатарын утаа бараг байхгүйтэй адил өвөлжсөн. Тун сийрэг байсныг бид бүгдээрээ харсан. Ирэх өвөл ч үргэлжлүүлэн утаан дээр ажил хийнэ гэж хотын дарга хэлж байна. Ерөнхийдөө Улаанбаатарын утаа ийнхүү хотын дарга Х.Нямбаатарын шийдэмгий арга хэмжээний үр дүнд шийдэгдэж байна. Тэгвэл үлдэж байгаа тулгамдсан асуудал болох хотын түгжрэлийг ч мөн шийдэхээр хамцуй шамлан орсон нь мөнөөх “Туулын хурдны зам” хэмээх төсөл юм. Энэ замыг энгийнээр хэлэх юм бол, баруунаас зүүн сунасан хотын хоёр дахь гол урсгал л гэсэн үг юм. Эхний ийм гол урсгал нь “Энх тайвны өргөн чөлөө” гэдгийг та бүхэн мэдэх биз. Үүнийг л хөндлөн замуудаараа хөдөлгөөнийг нь татаж хурдны замд хийгээд уулзвар гэрэлгүйгээр шууд баруун, зүүн тийш нь урсгах эд л дээ. Ингэвэл эхний ээлжинд түгжрэл 30 хувь буурах, дагаад хоёр дугаар тойрог зам нь орвол 50 буурна. Дугаарын тэгш, сондгойгоор явахад ямар байдаг билээ, тийм л болно гэсэн тооцоололтой зам. Гэвч энэ замыг бариулахгүйн төлөө улс төрийн бүх намууд болон голын эргийн иргэд нийлэн тэмцэж байна.Тэр талаар хотын дарга Х.Нямбаатар өчигдөр мэдэгдэл хийсэн юм. Тэр хэлэхдээ:

...Би ТЭЦ 5, Хурдны зам, Сэлбэ сити гээд хэнийх нь ч босгож чадаагүй төслүүдийг босгоод ирэхээр АН, МАН-гүй бухимдал нь төрцгөөжээ. Өчигдрийн Цагдаагийн бууны нохой илт худал мэдээ тараагаад хүмүүсийг хэвлэлээр яллаж байсан. Болд генерал аа, чи энийгээ залруулаарай. Туулын замтай холбоотой нэг ч үйлдэл холбогдол тогтоогоогүй. Залруулахгүй бол би ирэх долоо хоногт танай дээр очиж чамаас шаардана. Цагдаа хүртэл АН, МАН-тай бүх улс төрийн хүчин, институцитэй нийлээд ганц хүнийг их зодож байна.

Эцэст нь нийт хүмүүст хандаж хэлье. "Үнэн гутлаа өмсөх зуурт худал гэдэг уул даваад явах" юм аа. Ядаж байхад би гэдэг амьтан ганцаараа олон ч жил зодуулж, доромжлуулж, гүтгүүлж, хүчирхийлүүлж байна. Нөгөө талаараа би их буянтай юм. Энэ хэдэн гүтгэгч луйварчдыг тэжээх юм. Миний эсрэг дуугарах хүн бүр байнга мөнгөөр угжуулж байна даа, хөөрхий… гэсэн. Үүнээс харахад намууд дээр нэмэгдээд цагдаа хүртэл худал мэдээлэл цацаж улстөржиж байгаа аж. Эргээд харж байхад яагаад монголчууд ингэж айхтар тэмцээд байгаагийн учрыг ойлгох хүн байна уу. За яах вэ, нам дотроо бол энэ их ажлын биш, ажил хийх дүр үзүүлээд мөнгийг нь хулгайлах гэж байгаа болов уу. Тэдэнд ажил хийж байж мөнгө бий болдог гэдгийг мэддэг хүн байхгүй юм чинь шууд л хулгайлахад амар, бас их мөнгө гэж харагдаад байгаа. Ардчилсан намын хувьд бол дараагийн сонгуулиар ялахад туйлын хүнд байдалд орно гэж эмээгээд байна. Голын эрэг дагуух иргэд бол байр сууцны тохь тух алдагдана. Үнэ өртөг унана гэснээс болсон байх. Нийт иргэд бас дургүй байгаа нь юу ч билээ. Түгжрэлгүй л болж байвал хотод амьдрах хэчнээн амар болоод зугаатай билээ дээ. Эдийн засгийн болоод цаг хугацааны ямар ч гарзгүй болох биш юм уу. Утааг шийдэж чадсан Х.Нямбаатар Улаанбаатарын түгжрэлийг өлхөн шийднэ гэж бодогдохгүй байна уу.

Ө.Тулга

"Өдрийн сонин" /2026.05.01/

Сэтгэгдэл бичих