АТГ-аас “Ногоон автобусны” гэх тодотголтой гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дуусган, нийт 55 хавтас хэргийн материалыг шүүхэд шилжүүлэх саналтайгаар хүргүүлээд 1.3 жил болж байна. Хэрэгт 134,5 тэрбум төгрөгийн хохирлыг бүрэн төлүүлж барагдуулсан бөгөөд энэ сарын 20-ны өдөр УДШ-д дэнслэхээр тов тогтжээ.
Тодруулбал, “Ногоон автобусны” гэх хэрэгт нийт 27 этгээд яллагдагчаар татагдсаны УИХ-ын гишүүн 1, нийтийн албан тушаалтан 18, гадаад улсын иргэн 4, хувийн аж ахуйн нэгжийн 4 албан тушаалтан байв. Уг хэргийн улмаас учирсан 134,5 тэрбум төгрөгийн хохирлоос 58,0 тэрбум төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлж, 71,7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 59 ширхэг үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн байна. Хэрэг шүүхэд хянан хэлэлцэгдэх явцад эрүүгийн хэрэгт битүүмжилсэн хөрөнгөөр иргэний хариуцагч “Тэнүүн огоо” ХХК нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна.
"Ногоон автобусны" тодотголтой хэрэг 2023 оноос эхтэй. АТГ-аас шалгалт орж, 2024 оны нэгдүгээр сарын 9-нд прокурорт шилжүүлсэн байдаг. Гэсэн ч шүүх хурал нь он дамжиж хойшилсоор |2025.04.09|-нд шийдвэрээ танилцуулсан. Тэр хүртэл дараах процесс өрнөсөн. Урьдчилсан хэлэлцүүлэг гурван удаа, шүүх хурал найман удаа хойшилсон. Эцэст нь |2025.03.13|-нд анхан шатны шүүх хурал эхэлж, 25 хоног хуралдаж, |2025.04.09|-нд танилцуулсан юм.
Ингэхдээ,
- Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ, Г.Мишээлт, Б.Дөлгөөн, Г.Энхтайван нар болон Ж.Эрдэнэбат, БНСУ-ын хоёр иргэн, Ж.Сүхбаатар, Ч.Мөнхбаяр, Б.Алтаншагай, А.Ганхуяг, Ц.Болортуяа нарын хэрэг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.
- Шүүгдэгч А.Ганхуягийг нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил хорих ял оногдуулахаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.2.2 хэсэгт 17.3.2.2 хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жил хорих ял оногдуулах.
- Шүүгдэгч Ж.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сар зорчих эрх хязгаарлах
- Шүүгдэгч С.Баярсүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
- Шүүгдэгч Бямбасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
- Шүүгдэгч Түмэнжаргал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах
- Шүүгдэгч С.Жавхлантбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 3 хорих ял оногдуулах
- Шүүгдэгч А.Чойжилсүрэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сар зорчих эрх хязгаарлах
- Шүүгдэгч Б.Цогбадрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах
- Шүүгдэгч О.Сүхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
- Шүүгдэгч О.Лувсандагвад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
- Шүүгдэгч Э.Баярмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
- Шүүгдэгч Ц.Хадбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
- Шүүгдэгч Б.Мөнхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
- Шүүгдэгч Б.Дөлгөөнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
- Шүүгдэгч О.Хонгорзулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэхээр боллоо хэмээсэн.
Гэтэл |2025.10.30|-нд давж заалдах шүүх болж, дараах шийдвэрүүдийг гаргасан.
- Шүүгдэгч А.Ганхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хугацаагаар хорих ял гэснийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
- Шүүгдэгч н.Бямбасүрэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жил зургаан сар зорчих эрхийг хязгаарлах ялаар
- Шүүгдэгч н.Түмэнжаргал, н.Баярсүх нарыг Эрүүгийн хуулийн холбогдох заалтын дагуу нийтийн албанд ажиллах эрхийг нэг жил хасаж, зургаан сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялаар
- Шүүгдэгч н.Эрдэнэбатад холбогдох хуулийн зүйл заалтаар нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, нэг жил гурван сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялаар
- Шүүгдэгч н.Жавхлантбаатарт нийтийн албан ажиллах эрхийг дөрвөн жил хасаж, гурван жил хорих ял оногдуулсан хэсгийг хэвээр үлдээж
- Шүүгдэгч н.Чойжилсүрэнд нийтийн албанд ажиллах эрхийг нь нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаанд зорчих эрх хязгаарлах ялаар
- Шүүгдэгч н.Мөнхболд, н.Баярмаа, н.Хадбаатар, н.Дөлгөөн, н.Цогтбадрах нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг нэг жил хасаж, тус бүрд нь зургаан сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар
- Шүүгдэгч н.Лувсандагва, н.Сүхбаатар, н.Хонгорзул нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох зүйл хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг нэг жил хасаж, тус бүр 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,торгох ялыг биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмаар хорих ялаар солихыг мэдэгдсэн нэмэлт заалт оруулж шийдвэрлэсэн.
Гэтэл дахин хянан хэлэлцүүлэхээр УДШ-д хандаад байна. Дээр дурдсанчлан 24 хүнд холбогдох "Ногоон автобусны" тодотголтой хэргийг УДШ энэ сарын 20-нд хэлэлцэхээр боллоо.
АТГ-аас
“Тэнүүн огоо” ХХК нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээний дагуу “Евро-5” хөдөлгүүртэй автобус нийлүүлэхээр тохирсон боловч “Евро-2” хөдөлгүүртэй “Daewoo BS106” загварын автобус нийлүүлсэн байна. Түүнээс гадна автобуснууд нь гэрээнд тусгасан техникийн үзүүлэлтийн шаардлагыг хангаагүйг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон байна. Тухайлбал:
- Гүүшин холбоо нь урд, хойд тэнхлэг хийн нум амортизатортай бөгөөд хийн нум тохируулагчтай байхаар захиалсан боловч хавтсан нумтайгаар нийлүүлсэн.
- Дулаацуулгын системийг зорчигчдын зааланд 6-аас доошгүй халаалтын төхөөрөмжтэй, нэмэлмээр пийшин халаагууртай байхаар захиалсан байхад халаалтын 4 төхөөрөмжтэй, жолоочийн хэсэгт 1 халаагчтай байв.
- Автобусны хажуу шил нь дээд болон доод хэсгээс бүрдэх бөгөөд аль нэг хэсэг нь гулсаж онгойдог, бууралттай, цантдаггүй, давхар буюу вакум, аюулгүй шил байх ёстой ч зорчигчийн заалны шил дан, бууруулагч байхгүй.
- Автобусны хана, тааз, шалыг өвөл, зуны улиралд халуун, хүйтнийг тусгаарлах, галд тэсвэртэй материалаар тоноглосон, битүүмжлэл сайтай байх шаардлагыг огт хангаагүй байв.
“Тэнүүн огоо” ХХК-ийн оруулж ирсэн автобуснуудад хөдөлгүүрээс гарах хортой хийн хэмжээг бууруулах “ad blue” гэх төхөөрөмжийн зөвхөн банкийг нь суурилуулсан, өөр ямар нэгэн холболт хийгдээгүй тул ажиллах боломжгүй байсан бөгөөд дээрх төхөөрөмж нь “Евро-2” хөдөлгүүрт ажиллах боломжгүйг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолсон. Автобуснуудыг олон төрлийн эд анги ашиглаж, үйлдвэрийн технологийн бус аргаар хийсэн болохыг шинжээчийн дүгнэлтээр мөн тогтоосон болохыг тодотгож прокурорт хүргүүлсэн билээ.
Шүүхийн шийдвэр хэрхэхийг бид эргэн мэдээлэх болно.
Г.МИШЭЭЛ
Eguur.mn