Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлын хүрээнд “Хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг баталлаа.
Тус тогтоолын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч нас барсан 132,203 иргэний нэр дээр бүртгэлтэй 111.2 сая ширхэг хувьцаа болон тэдгээрт ногдох 66.4 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хууль ёсны өв залгамжлагчид нь өвлөн авах эрх нээгдэж байна.
Засгийн газрын тогтоол 2026 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Үүнтэй холбогдуулан иргэд уг хугацаанаас өмнө нас барсан гэр бүлийн гишүүний нэр дээр “Эрдэнэс Тавантолгой ХК”-ийн хувьцаа бүртгэлтэй эсэх, өвлөн авах боломжтой хувьцааны тоо хэмжээ, түүнд ногдох ногдол ашгийн мэдээллийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын Нотариатчдын танхим, “Эрдэнэс Тавантолгой” ХК болон холбогдох брокерын компаниудаас тодруулж, Иргэний хуулийн дагуу өв хүлээн авахад шаардлагатай баримт бичиг, бүрдүүлэх материал, шат дарааллын талаарх мэдээллийг авах, түүнчлэн үнэт цаасны дансгүй тохиолдолд данс нээлгэх бэлтгэл ажлыг хангах боломжтой юм.
Хувьцаа болон ногдол ашгийг өвлөн авснаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1,072 хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэх үед нийт хувьцаа эзэмшигчид ижил нөхцөл, нэгэн гараанаас хөрөнгийн зах зээлд оролцох боломж бүрдэх юм.