Жүдо бөхийн ААШТ-д манай 18 тамирчин өрсөлдөнө

оруулсан Алсын Хараа

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотод дөрөвдүгээр сарын 16-нд эхэлнэ.

Тэгвэл энэ тэмцээнд оролцох манай  шигшээ багийн бүрэлдэхүүнийг Монголын жүдо бөхийн холбооноос албан ёсоор зарлалаа. Гурван өдөр үргэлжлэх тус тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, П.Нямлхагва, Н.Дагвасүрэн нарын удирдлагад эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчин оролцох аж. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Т.Түмэнжаргал, 66 кг-д К.Ёолк, Ө.Жанцандорж, 73 кг-д О.Уранбаяр, 81 кг-д О.Шинэбаяр, 90 кг-д А.Мөнх-Эрдэнэ, -100 кг-д Ц.Ган-Эрдэнэ, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Ө.Пэрэнлэйжамц нар зодоглоно. Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, 57 кг-д Т.Ариунзаяа, М.Цэндбазар, 63 кг-д Л.Энхрийлэн, 70 кг-д С.Лхагвадулам, -78 кг-д О.Хүслэн, Ж.Урангоо, +78 кг-д А.Адьяасүрэн нар барилдах аж.

Энэхүү тэмцээнд 2026 оны улсын аваргад түрүүлсэн тамирчид оролцох эрхээ авсан бөгөөд 73 кг-д гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, +100 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Гончигсүрэн нар өнжлөө. Тэгвэл энэ жил 66, +100, 57, -78 кг-ын жинд тус бүр хоёр тамирчин сойно.

2024 оны ААШТ-д Б.Эрхэмбаяр, Л.Энхрийлэн, Б.Баасанхүү нар алтан медаль хүртэж, Хонконгийн тэнгэрт төрийн дууллаа гурвантаа эгшиглүүлсэн. Харин өнгөрсөн жилийн Азийн аваргаас эрэгтэйчүүд медальгүй ирсэн бол эмэгтэйчүүдээс Л.Энхрийлэн, Т.Ариунзаяа нар мөнгө, Б.Ням-Эрдэнэ, А.Адъяасүрэн нар хүрэл медаль хүртэж байв. Түүнчлэн сүүлийн хоёр жилийн холимог багийн ААШТ-ээс Монголын жүдочид мөнгө, хүрэл медаль хүртсэн юм.


Сэтгэгдэл бичих