Гавьяат тамирчин Л.Энхрийлэн Азийн хошой аварга боллоо

оруулсан Алсын Хараа

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотноо болж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж, манай улсаас алт, мөнгөн медаль хүртлээ.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өсвөрийн дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер Т.Ариунзаяа БНАСАУ-ын бөхөд ялагдсанаар мөнгөн медалиар энгэрээ мялаав. Тэрбээр ААШТ-днээс  хоёр дахь мөнгөн медалиа ийнхүү авч байна.

Мөн 63 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн алтан медаль хүртэж, төрийн дууллаа Ордос хотын ордонд эгшиглүүллээ. Түүний хувьд Азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахиа түрүүлж байгаа нь энэ. Гурван жил дараалан финалдахдаа хоёр алт, нэг мөнгөн медаль авч байна. Мөн ААШТ-д хоёр түрүүлсэн Монголын тав дахь жүдоч болов. Түүнчлэн хоёр өөр жинд түрүүлсэн Монголын хоёр дахь жүдоч болж байна.

Харин 70 кг-д барилдсан ОУХМС.Лхагвадулам хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн бөхөд дийлдэж, шагналт 5-р байрт шалгарлаа.

Хоёр өдрийн дараах байдлаар Монголын баг гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтайгаар хүснэгтийг тэргүүлж байгаа бол Тажикстан, БНАСАУ удаалж байна.

Маргааш эрэгтэйчүүдийн 90, -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ын жингийн барилдаан болно. Харин ням гарагт багийн барилдаан болсноор ААШТ өндөрлөх ажээ.

Сэтгэгдэл бичих