“Бодь”-ийн 110 сая ам.долларын авлигаар анх сэтгүүлч Н.Өнөрцэцэг шүгэл үлээж байжээ...

оруулсан Алсын Хараа

Хятадын коммунист удирдагч Мао Зэдун: Ард нийт бол цагаан цаас, тэрэн дээр юу ч бичиж болно гэж хэлсэн. Энэ нь: Ард нийтийг удирдан чиглүүлж, хүссэнээрээ хэлбэржүүлж болно гэсэн үзэл санаа. Монголд ч улстөрчид энийг хэрэгжүүлдэг. Тэрний нэг кэйс нь сэтгүүлч Н.Өнөрцэцэгийнх. Н.Өнөрцэцэгийг буруутган шүүж, ял оноосон хэргүүдийн дунд: Төрийн нууцыг хадгалсан гэж байсан. Шүүгдэж яллагдах үед нь өмөөрсөн талууд: Сэтгүүлч хүн төрийн нууцыг хамгаалах үүрэггүй, хадгалж болно. Хамгаалах үүрэгтэй албан тушаалтнууд нь буруудах ёстой гэж байв. Харин: Н.Өнөрцэцэг төрийн ямар нууцыг хадгалж байсан бэ гэдгийг илрүүлэн гаргаж чадаагүй юм.

Гэтэл нь: Цаг хугацаа бол мундаг шүүгч байдаг. Эдүгээгээс өнгөрснийг буцаагаад харахул энэ кейс шалтгаан нөхцөл нь тодорч өгч байна.

Н.Өнөрцэцэг 2023 оны 11 дүгээр сард "Өдрийн сонин"-д ярилцлага өгөхдөө: Өчигдөр яллагдагчаар татагдсан тогтоолтойгоо танилцлаа. Яллагдагчаар татагдсан тогтоолыг эсэргүүцэж өргөдөл гаргалаа. Горьдлогын мөр гэдэг шиг гомдол гаргаад л үзье. Ер нь хууль дүрмийн дагуу явдаг улсад хууль дүрмийн дагуу шалгуулахад надад айдас алга. Гэхдээ үүн дээр яалт ч үгүй Н.Өнөрцэцэгийг дуугүй болгоё. Сонгууль ч дөхөж байна, ер нь сэтгүүлчдийн амыг барья гэдэг айдсыг надаар дамжуулж өгье гэж эрх баригчид улайраад байгаад санаа зовж байна. Уг нь нүүрсний хэргээр хамгийн түрүүнд шалгагдах хүмүүс бол тухайн үеийн ҮАБЗ-ийн гишүүд болох Ерөнхийлөгч асан Х.Баттулга, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, оффтейк гэрээ байгуулсан Голомт банкны захирал Д.Баясгалан нар шүү дээ гэж ярьсан.

2024 оны долдугаар сарын 19-нд шүүх хурлын завсарлагаар гарч ирэн: Намайг төрийн нууцыг хадгалсан гэж буруутгаж байгаа юм. Гэтэл төрийн нууцыг задруулсан дарга, сайд нь яагаад буруудахгүй байгаа юм бэ. Нэг талд нь нууц хадгалсан бол тэр нууцыг задруулсан хүн байх ёстой биз дээ гэсэн.

2023 оны арванхоёрдугаар сарын 2-нд: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна гэж ярьсан.

2023 оны арванхоёрдугаар сарын 13-нд: Үгэнд ор, үгүй бол шоронд ор гэх сүрдүүлгийг маш аймшигтайгаар шуурхай гүйцэтгэж буй шат шатны хууль хяналтын байгууллагуудын улайм цайм үйлдлийг Ерөнхий шүүгч, УЕП, ЦЕГ-ын дарга нар анхааралдаа авч, шударга ёсны талд зогсож өгнө үү гэж Цагдан хорих байрнаас захидал бичсэн.

2024 оны арваннэгдүгээр сарын 5-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: Н.Өнөрцэцэгт холбогдох төрийн маш нууцын зэрэглэлтэй мэдээлэл, баримт хавсаргасан хавтаст хэрэг нь бүхэлдээ дээрх хуульд заасны дагуу буюу маш нууцын зэрэглэлд хамаарах тул шүүх хуралдааны зарим хэсгийг нээлттэй явуулах хууль зүйн боломжгүй болно гэж мэдэгдсэн.

Тэгж шүүгээд ял оноосон.

Тэгэхнээ: Н.Өнөрцэцэгийн хэвлэлүүдэд өгсөн удаа дараагийн ярилцлага, шүүхийн мэдэгдэл зэргийг эш баримт болговоос түүний хадгалсан төрийн нууц юу байв гэдгийг ойлгож болохоор болчихов. Дээр: Цаг хугацаа бол мундаг шүүгч гэсэн нь энэ.

Тодруулах нь ээ: Н.Өнөрцэцэг нүүрсний хулгай ярьсан. Тэрэндээ оффтейк гэрээг онцолсон. Тэгэхдээ тэр үеийн ҮАБЗ-ийн гишүүдийг нэг бүрчлэн дурдсан.

Гэтэл нь: Нүүрсний хулгайн голлох баримт болох оффтейк гэрээнүүд 2022 оны арванхоёрдугаар сард ил болчихсон. Гагцхүү: Тавантолгойгоос Гашуунсухайтын төмөр замыг барих зөвшөөрөл олгосон ҮАБЗ-ийн зөвлөмж нууцдаа үлдсэн. Эдүгээ ч нууцдаа байна. Тэрхүү: ҮАБЗ-ийн 2019 оны нууц зөвлөмжөөр Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Бодь" компанитай байгуулсан гэрээг өөрчлөх, санхүүжилтийг Эрдэнэс Тавантолгой ХК-иар шийдвэрлэхийг нууцад оруулахыг чиглүүлсэн тухай эх сурвалжууд мэдээлж. Цаашаагаа: Энэ чиглэлийн дагуу Засгийн газар, Эрдэнэс Тавантолгой гүйцэтгэл явуулсан. Тэгэх үедээ: Ажлын урьдчилсан гүйцэтгэл байхгүй, гэрээ албан ёсоор байгуулагдаагүй байхад урьдчилгаа төлбөр болох 110 сая ам.долларыг "Бодь" компанид шилжүүлсэн. Мөнхүү: Урьдчилгаа төлбөрийг шилжүүлэхдээ уг санхүүжилтийн хүрээнд хийгдэх барилгын ажлын захиалагчийн хяналтын зардал болох 2827 749.38 ам.долларыг хасах байсан ч нийт 110 сая ам.долларыг 2019 оны аравдугаар сарын 11, 23-ны өдрүүдэд хоёр хуваан шилжүүлсэн.

Базах нь ээ: 26 оны 3 дугаар сард Л.Оюун-Эрдэнээс АТГ-т: "Бодь" компанийн оффтейк гэрээ нь 600 сая ам.доллар байсан нь 1.3 тэрбум болон нэмэгдэж, анхны гэрээ байгуулагдсан өдөр Тавантолгой төмөр зам компанийн Голомт банкинд байрших 8145100943 данснаас "Бодь" компанийн Голомт банканд байрших 8154100935 тоот дансанд 110 сая доллар буюу тухайн үеийн ханшаар ойролцоогоор 293.700.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Хожим нь уг дансыг устгасан. Түүнийгээ Голомт финаншиал группээр дамжуулан валют арилжаа гэсэн гүйлгээний утгаар бэлнээр гаргаж, хүүхдийн парк, саун, зочид буудал, төрийн тусгай хамгаалалттай байгууламжуудад гэрээ байгуулахад оролцсон нэр бүхий улстөрчдөд тус мөнгийг бэлнээр тараасан. Энэнд холбогдох хоёр гэрчийн хувийн мэдээлэл, хоёр цагийн видео бичлэг, 10 минутын аудио бичлэг, гар утасны бичлэг болон зарим татаж авсан зургуудын хамт хүргүүлж байна гэсэн гомдол гаргасан. Энийг хэвлэлүүд, ард нийт: Л.Оюун-Эрдэнэ "Бодь"-ийн 110 сая ам.долларын авлигаар шүгэл үлээлээ гээд байгаа юм. Гэтэл нь: Сэтгүүлч Н.Өнөрцэцэг анх шүгэлдэж, тэрнийхээ төлөө шоронд орсон нь эдүгээ тодрон тайлагдаж байна…

Ө.Билэг

"Өдрийн сонин"

/2026.04.16/

Сэтгэгдэл бичих