“Jade Gas” Монголын байгалийн хийг зах зээлд гаргах $762 саяын хөрөнгө оруулалт татахад ойртоод байна

оруулсан Алсын Хараа

1.1 тэрбум австрали долларын дүнтэй хамтын ажиллагааны хэлцэл эхлүүлээд буй “Jade Gas
Holdings” компани ирэх есдүгээр сард багтаан санхүүжилтийн эцсийн гэрээ байгуулбал
Монгол дахь Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн төслийнхөө "Улаан нуур" талбай
дахь үйлдвэрлэлийн өрөмдлөгийг 2027 оны эхээр эхлүүлэхээр зорьж байгаагаа мэдээллээ.
БНХАУ-ын “PT Beijing Energy Linking”, “PetroChina”, “Hunan Geology & Mining Technology”
компаниудаас бүрдсэн консорциум өнгөрсөн сард “Jade Gas Holdings”-той хамтын
ажиллагааны хэлцэлд хүрч, төслийн эхэн шатны хөгжүүлэлтэд шаардагдах 762.5 сая
ам.доллар буюу 1.1 тэрбум австрали долларын санхүүжилтийг бүрэн хариуцах санал
тавьсан байна. Уг хэлцэл нь "non-binding" буюу талууд заавал биелүүлэх хууль ёсны үүрэг
хүлээгээгүй тул санхүүжилт олгох баталгаа биш болохыг “Jade Gas Holdings” мэдэгдэлдээ
онцолжээ.

Талууд энэ улирлын эцэс гэхэд гэрээгээ эцэслэхийг зорьж буй бөгөөд хэрэв амжилттай
хэрэгжвэл инженерчлэл, логистик, бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг 2026 онд багтаан
эхлүүлэх боломжтой аж. Өрөмдлөгийн хөтөлбөрийн нэгдүгээр үе шатанд 175 олборлолтын
цооног өрөмдөхөөр тооцоолж, энэ хүрээнд 2027 оны II-III сард төслийн талбайд 10 хүртэлх
тооны өрөмдлөгийн машин байршуулахаар төлөвлөжээ.
Үүнээс гадна талууд “Улаан нуур” талбайгаас эхний ээлжид 40 гаруй цооногийн хийг
боловсруулах шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) үйлдвэр байгуулахаар судалж байгааг
мэдээллээ. Үйлдвэрийг модуляр бүтэцтэй буюу хийн олборлолт нэмэгдэх хэрээр хүчин
чадлыг нь үе шаттайгаар нэмэгдүүлэх боломжтой байдлаар загварчилж барих аж.
Хөрөнгө оруулалтын гэрээнд санал болгож буй бүтцээр төслийн эзэмшил “Jade Gas
Holdings”-д хадгалагдах бол “PT Beijing Energy Linking”-ийн консорциум метан хийн
борлуулалтын орлогоос хөрөнгө оруулалтаа нөхөхөөр тусгажээ. Тодруулбал: хөгжүүлэлтийн
зардал эргэн төлөгдөх хүртэл “PT Beijing Energy Linking” улсын татвар, роялти төлбөрийн
дараах борлуулалтын орлогын 80 хувийг хүлээн авах юм байна. Харин цооногуудын
олборлолтын үлдсэн хугацаанд “Jade Gas Holdings”-д орлогын 70 хувь нь, “PT Beijing Energy
Linking”-д 30 хувь нь ногдохоор хуваарилжээ.
8/4/26, 11:27 PM Bloomberg TV Mongolia
https://bloombergtv.mn/news/mse8v1?fbclid=IwY2xjawTe47JleHRuA2FlbQIxMABicmlkETFkNURHcDFEejNSOXp4bFNoc3J0YwZhcHBfaWQQMjIyMD… 2/3
175 цооногоос бүрдсэн эхэн шатны хөтөлбөр нь “Jade Gas Holdings”-ийн урт хугацааны
төлөвлөгөөний ердөө багахан хэсэг нь аж. Хөгжүүлэлтийн хоёрдугаар шатанд цооногийн тоог
400-д, гуравдугаар шатанд 800 хүргэх бөгөөд урьдчилсан судалгаа, хайгуулын ажлын үр
дүнгээс харвал “Улаан нуур” талбайд 1400 хүртэлх тооны цооног гаргах боломжтой гэж
тооцоолжээ.
“Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын байгалийн хийг зах зээлд дорвитой хэмжээгээр
нийлүүлэх замыг засах юм” хэмээн “Jade Gas Holdings”-ийн Гүйцэтгэх захирал Жо Бёрк
онцолсон байна.
Үүний зэрэгцээ “Jade Gas Holdings” нэгж бүр нь 12 австрали центийн үнэтэй 91.7 сая ширхэг
хувьцаа хаалттай хүрээнд гаргаж, 11 сая австрали доллар амжилттай татан төвлөрүүлснээ
мэдээллээ. Шинэ санхүүжилтийг төслийн хөгжүүлэлтийн бэлтгэл ажил, удирдлагын багийн
өргөтгөлийн зардал болон Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй болох зорилтоо
ахиулахад тус тус зарцуулахаа мэдээлжээ.
Тус компани өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсад анх удаа байгалийн хийн нөөцийг
албан ёсоор бүртгүүлж, хайгуулаас хөгжүүлэлтийн шат руу шилжсэн юм.

Сэтгэгдэл бичих