УДЭТ-ын жүжигчдийн тоглосон “Тамгагүй төр” жүжгийг англи хэлнээ орчуулан Их Британийн Лондон хотын Колесиум театрт “Монгол хаан” нэртэйгээр гаргаж эхэлсэн. Тодруулбал Монгол Улс, Их Британи улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Лондон хотноо энэ сарын 17-ны өдрөөс ирэх сарын 3 хүртэл толилуулах юм.
Монголын түүх, соёлыг сурталчлах нэг хэлбэр болж буй тус жүжиг англи үзэгчдийн хүртээл болсонтой зэрэгцэн тус улсын хэвлэлүүдээр жүжгийн тухай шүүмжүүд гарч эхэллээ.
“The Telegraph” сайтад нийтэлсэн шүүмжээс дурдвал:
Энэ жүжгийн талаар хамгийн түрүүнд мэдэх ёстой зүйл бол жүжигт гарч буй хаан нь Чингис хаан биш. Жүжгийг хоёр улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан гаргаж байгаа. Ийм сонирхолтой үндэслэлээр тоглогдож буй 70 хүчирхэг жүжигчинтэй энэ жүжиг харамсалтай нь тун уйтгартай.
"Төрийг" ард иргэдээс дээгүүр тавьсан суртал ухуулгын шинжтэй
Бавуугийн Лхагвасүрэнгийн 1998 онд бичсэн уг зохиолд хааны их, бага хатад зэрэг хүү төрүүлдэг. Гэхдээ их хатных нь хүүхэд хааных биш түүний туслахын хүүхэд байдаг. Хаан бага хатнаас нь төрсөн хүүг өв залгамжлагчаа болгохоор шийдэхэд туслах нь хүүхдүүдийг сольдог.
Энэ үйл явдлыг ердөө нэг үзэгдэлд багтаах хангалттай боломжтой ч эхний хагас тэр чигтээ үргэлжилсэн. Мөн жүжигчдийн харилцан ярианы орчуулгад зүйрлэлийг хэтрүүлэн ашигласан. Хоёрдугаар хагаст аллагатай хэсэг гардаг бөгөөд энэ хэсэг их эмгэнэлтэй байх ёстой. Гэтэл дүрийн хөгжүүлэлтийг маш бага хийсэн.
Дипломат харилцаан дээр үндэслэсэн соёлын солилцоог ямагт дэмжих ч "төрийг" ард иргэдээс дээгүүр тавьсан суртал ухуулгын шинжтэй энэ жүжиг үзэгчдийг баясгана гэдэгт эргэлзэж байна хэмээн бичжээ.
"The Guardian" сайтад нийтэлсэн шүүмжээс дурдвал:
Өв залгамжлалын тухай харуулсан гайхалтай тууль. 2000-аад жилийн өмнө буюу Чингис хаан Төв Азийг эзэгнэхээс өмнөх үйл явдлын талаар өгүүлнэ. Энэ жүжгийн зохиол нь их хүнд ч гэсэн дуучин, бүжигчин, уран нугараач гэх мэт 70 хүний бүрэлдэхүүн үнэхээр гайхалтай ажилласан.
Хэдийгээр хаан өөрийгөө хэрхэн золионд гаргаж буй талаар өгүүлдэг ч эмэгтэйчүүдийн үүрэг илүү сэтгэл хөдөлгөм. Эх хүнд тохиох эмгэнэлт үйл явдал болоод тэдний золиосны тухай харуулдаг. Монголын соёлын түүхийг өгүүлэх Гладиаторын хувилбар ч юм шиг.
Бүжигчдийн уусан нэгдсэн байдал жүжгийн гол хэсэг гэж болно. Тэдний гарын чичирхийлэл бүр нь тухайн үзэгдлийн сэтгэл хөдлөлийг шингээсэн. Уламжлалт исгэрэлт, хөөмий зэргийг орчин үеийн хүнд басс хэмнэлтэй хослуулсан нь яг л аварга биетнүүд тайз донсолгож байгаа мэт.
Өмнө нь энэ жүжгийг Өвөр Монголд тоглох гэж байсан ч эрх баригчид үндсэрхэг болон салан тусгаарлах үзлийг нэмэгдүүлнэ хэмээн эмээж тоглуулахаас татгалзаад цуцалж байсан юм. Гэхдээ уг жүжиг Лондоны тайзан дээр огт өөр утга агуулж байна. Соёлын түүхийг арилжааны байдлаар шингээсэн мэт харагдаж байна.
Зарим талаараа Монголын соёлын түүхийг өгүүлэх Гладиаторын хувилбар ч юм шиг. Гэхдээ ийм гайхалтай байхад хэнд хамаатай гэж? гэсэн байна.