“Дэлхийн мисс-20234” тэмцээнд Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин, соёлын тэргүүний ажилтан Б.Болор эх орноо төлөөлөн оролцоно.
Тэрбээр өчигдөр Энэтхэгийн Нью Дели хотыг зорьжээ. Түүний хувьд “Монголын сайхан бүсгүй” тэмцээний Алтан эрдэнийн титэмт, “Miss world Mongolia 2023” тэмцээний Үндэсний ялагч юм.
Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Б.Болор 2018 онд Монгол Улсын Консерваторыг “Бүжгийн жүжигчин”, 2023 онд СУИС-ийг “Бүжиг дэглээч, найруулагч” мэргэжлээр тус тус төгссөн юм. 2018 оноос хойш Үндэсний урлагийн их театрт бүжигчнээр ажиллаж байна.
Гоо үзэсгэлэнгийн олимп гэж нэрлэгддэг 71 дэх удаагийн “Miss World” тэмцээн маргааш Энэтхэгийн Нью Делид эхлэх бөгөөд дэлхийн 130 гаруй орны гоо бүсгүй оролцохоор болсон байна. “Дэлхийн мисс” тэмцээн нь дэлхий дахины энх тайван, эв нэгдлийг сурталчлах, хүмүүнлэгийн далайцтай том ажлуудыг хийх, мөн улс үндэстнүүдийн соёлыг дэлхий дахинд сурталчлан таниулахад чухал үүрэг гүйцэтгэдэг онцлогтой.
Тэгвэл эх орноо төлөөлөн оролцож буй Үндэсний ялагч Б.Болор нь 21 аймгийн 100 гаруй сумын өсвөр насны охид, хөвгүүдэд чиглэсэн “Нандин” төслийг хэрэгжүүлж эхлээд хоёр жил болжээ. Энэхүү төслийн гол зорилго нь “Охид, эмэгтэйчүүдийн хувьд ариун цэврийн хэрэглэл ичих зүйл биш шүү” гэдгийг уриалах юм. Мөн агуулгаар дамжуулан дунд сургуулийн сурагчдад ёс суртахуун, эрүүл мэндийн боловсрол олгож, зөв монгол иргэн төлөвшүүлэхийг зорьж байгаа аж.
“Дэлхийн мисс” тэмцээн 20 хоног үргэлжилж, эцсийн шатны шалгаруулалт ирэх сарын 9-нд болох бөгөөд монголчууд MNC телевизээр шууд хүлээн авч үзэх боломжтой юм байна.