Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон Чингис хаан одонт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн урилгаар Румыны академич, түүхч, яруу найрагч Константин Барбу манай улсад ирж, “Улаанбаатарын үдэш” яруу найргийн наадамд оролцсоноос гадна Монголын тухай өөрийн судалгааны ажлаас танилцуулсан юм.
Монголын тухай 1000 боть хэвлүүлэхээр эх сурвалж байна
Константин Барбу нь Румыны түүхч бөгөөд Румыны нэвтэрхий толь хэмээн алдаршсан дэлхийд алдартай судлаачдын нэг юм. Мөн утга зохиол тэр дундаа яруу найраг сонирхдог бөгөөд Монголын зохиолч Г.Мэнд-Ооёотой анх шүлэг яруу найргаар дамжуулан танилцаж байжээ. Энэ үеэс Монголын түүхийг илүү сонирхож эхэлсэн бөгөөд манай улсын тухай дэлхийн 70 гаруй архивуудаар тарсан, нууцын зэрэглэлтэй байдаг түүхийн эх сурвалжуудыг уншиж, судалсан ажээ. Ялангуяа түүнд Их эзэн Чингис хаан болоод Монголын эзэнт гүрний асар их сурвалж байгаа гэж яруу найрагч Г.Мэнд-ооёо онцолж байсан юм. Түүний судалгааны ажлыг Монголд хэвлүүлбэл 1000 гаруй боть болох төлөвтэй байгаа гэнэ. Жишээлбэл, алдарт Сударын чуулганы бүх гар бичмэл, Марко Пологийн тэмдэглэлүүд, Монголын XVI-XIX зууны үеийн газрын зураг, ном судар. Мөн Хубилай хааны захидлууд зэрэг ховор эх сурвалжуудыг онцолж болох юм. Түүхч Константин Барбу “Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг урьж ярилцаж байгаад баяртай байна. Миний бие Румыны түүхэн эх сурвалжуудыг судалж, цуглуулаад 1000 гаруй боть хэвлүүлсэн. Мөн дэлхийн болон Европын 74 архиваас 24 хэлээр цуглуулсан гар бичмэлүүдийг судалж, судалгааны эргэлтэд оруулах төслийн ажлыг долоон жилийн хугацаанд хийж дуусгалаа. Энэ хугацаандаа Европын бүх номын сан, судалгааны байгууллагууд, их дээд сургуулиар явсан. Энэ үед Монголын эзэнт гүрэн, түүхтэй холбоотой эх сурвалж, түүхэн баримт, гар бичмэлүүд монгол, төвд, санскрит, хятад, перс, япон зэрэг улсын хэл дээр хэвлэгдэн гарч, хадгалагдан байгааг олж мэдээд ихэд гайхаж байсан удаатай. Монгол гэхээр ямар улс болоод ийм их түүхэн эх сурвалж байгааг судлахаар шийдсэн. Ингээд Румыны 1000 ботийг хэвлүүлэх явцдаа судалгаагаа эхлүүлсэн. Гэтэл 1353 онд анх Румыны эзэнт гүрэн байгуулагдсан түүхэн он Монголын эзэнт гүрэн Европоос гарсан үетэй давхцаж байгаа нь их сонирхолтой санагдсан. Зарим эрдэмтэд өнөөгийн Европын орнуудыг энэ ертөнцийг цогцлоосон эзэнт гүрэн гэж үздэг нь няцаашгүй нэг үнэн гэж хэлж болно. Үүгээрээ би юу хэлэх гэж байна гэвэл Их эзэн Чингис хаан болоод Монголын түүхтэй холбоотой их олон сурвалж байгаа учир энэ бүхнийг ном болгож гаргах боломжтой. Дэлхийн болоод ялангуяа Европын орнуудад хадгалагдаж байгаа түүхэн эх сурвалжуудын өнгөт хуулбарыг эмхэтгэн дэвтэрлэж, ном болгож гаргаснаараа судлаачид тэдгээрийг чөлөөтэй үзэж, Монголыг судлах боломж нээгдэнэ” гэв.
Буддын шашны холбоотой 20 мянга гаруй гар бичмэл бий
Дэлхийн судлаачдын хувьд архивуудад орж ажиллах нь амаргүй байдаг. Тиймээс эдгээр эх сурвалжийг нэгтгээд ном болгочихвол дэлхий дахин Монголыг сонирхож, олон судлаач эрдэмтэд бидний түүхийг судалж эхэлнэ гэж яруу найрагч Г.Мэнд-Ооёо ярьж байв. Тэрбээр ялангуяа Их эзэн Чингис хаантай холбоотой асар их мэдээлэл, эх сурвалжууд дэлхий дахинаа тархсан байгааг онцлоод, тэдгээр эх сурвалж заавал Монголд ирэх ёстой гэсэн юм. Түүхч Константин Барбу “Хамгийн чухал ач холбогдол нь эдгээр түүхэн бүтээлүүдийг ном болгож, эргэлтэд оруулахад оршиж байна. Хоёрдугаарт, олон сурвалж дунд гадны аялагчдын Монголын тухай бичиж үлдээсэн гар бичмэлүүд тодорхой хувийг эзэлж байгаа юм. Тэдгээрт монголчуудын амьдралын онцлог болоод үнэ цэнийн тухай өгүүлсэн байдаг. Тиймээс эдгээр олон тэмдэглэлийг хооронд нь харьцуулж, аль нь таарч, юу нь зөрж байгааг зэрэгцүүлж үзэх нь судалгааны ач холбогдолтой гэж үзэж байна. Жишээлбэл, алдарт Сударын чуулган гэхэд л хэд хэдэн хувилбар бий гэдэг. Зарим нь зургаан хувилбартай гэдэг ч би одоогоор есийг нь олчихоод байна. Эдгээр хувилбарууд нь дор бүрнээ урлагийн бүтээл гэж хэлж болохоор их уран яруу. Мөн эрдэмтэд Иранд байгаа гэдэг ч өдгөө Парист хадгалагдаж байгаа Чингис хааны алтан ургийн бичиг перс хэлээр бичигдсэн байсныг би эх хувиас нь өнгөт хуулбарыг нь авсан. Түүхээ мэднэ гэдэг нь тухайн улс орон илүү үндэсний дархлаатай, хүчтэй байх үндэс болдог. Тиймээс бид эх сурвалжуудыг өнгөт хэлбэрээр хувилан авснаар хойч үеийн залууст Монгол Улс, Чингис хаан бүх цаг үеийн хамгийн хүчирхэг, том эзэнт гүрнийг байгуулж байсан гэдгийг нотолж үлдээж буй хэрэг юм.
Мөн Чингис хаантай холбоотой эдгээр эх сурвалжуудаас гадна 400 гаруй газрын зураг бий. Үүнээс гадна Буддын шашны холбогдолтой 20 мянга гаруй гар бичмэлийг би цуглуулсан” гэв.
Түүхч Константин Барбу Хубилай хаан Японы эзэн хаанд илгээсэн есөн захидлыг олжээ. Мөн эдгээр томоохон архивуудад байгаа Монголын тухай сурвалжуудыг эх хувиас нь хуулбарласан хэлбэрээр нь авчрах боломж бүрэн байгааг онцгойлон хэлж байсан юм. Тэрбээр эдгээр эх сурвалжийг Монголд хэвлүүлснээр Монгол Улс тухайн цаг үед өнөөгийн дэлхийн дэгийг тогтоосон, хамгийн том эзэнт гүрнийг байгуулж байсан бол энэ цагт дэлхийн соёлын нэгэн чухал төв болох оюун санааны эзэнт гүрнийг байгуулах боломж нээгдэнэ гэж үзэж буйгаа ярилцлагынхаа төгсгөлд онцлов.
Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин