Ж.Байден сонгуульд ялалт байгуулснаа мэдэгдлээ

оруулсан Алсын Хараа

Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаа зарлаж, америкчуудыг нэгдмэл байхыг уриалж буйгаа “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

“Энэ агуу Америк улсыг удирдуулахаар намайг сонгосон нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Бидний өмнө хүндхэн ажил байгаа хэдий ч миний төлөө саналаа өгсөн, эс өгсөн бүх америкийн ерөнхийлөгч болохоо би амлаж байна. Сонгуулийн кампанит ажил өндөрлөж, америкчууд уур хилэн, хатуу мэдэгдлүүдээ мартаж, нэгдэх цаг нь иржээ” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэв.

CNN”, “NBC”, “Fox News” телевиз, “Associated Press” агентлагийн таамаглаж буйгаар, Ж.Байден сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Д.Трампыг ялахад шаардлагатай сонгогчдын коллегийн 270 гишүүний саналыг авчээ.

Америкийн хэвлэлүүд Ж.Байден ялсныг зарлав

АНУ-ын ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден Цагаан ордны төлөөх өрсөлдөөнд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампыг ялахад шаардагдах сонгогчдын коллегийн 270 гишүүний саналыг авчээ.

"CNN", "NBC", "Fox News" телевиз болон “Associated Press” агентлагийн мэдээлснээр, Ж.Байден Пенсильвани муж улсад ялалт байгуулжээ.  “NBC” телевизийн тооцоолсноор, тэрбээр сонгогчдын коллегийн 273 гишүүний саналыг авсан бол одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп 213 санал авсан байна.

“Fox News” телевизийн мэдээлснээр, Ж.Байден мөн Невада муж улсад ялалт байгуулжээ. “CNN” телевиз Ж.Байденыг АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдлоо хэмээн мэдээлсэн байна. Харин “AP” агентлаг мэдээлэхдээ Ж.Байден Д.Трампыг яллаа гэжээ.

Д.Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ

"АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден ялалт байгуулсан нь тодорхой болж байна" хэмээн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсний дараа тус улсын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ.

“Ж.Байден яагаад өөрийгөө ялагч болсон мэт дүр үзүүлэх гэж яарч, түүний холбоотнууд болох олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөрт нь туслахыг оролдож байгааг бид бүгд мэднэ. Тэд үнэн илчлэгдээсэй гэж хүсээгүй юм. Бодит байдал дээр сонгууль мөд дуусах болоогүй байгаа билээ. Ж.Байден зарим нэг муж улс, дахин тооллого явуулж буй маргаантай муж улсууд эсвэл бидний үндэслэлтэй, хууль ёсны дагуу эцсийн ялагчийг тодорхойлох шүүхийн үйл явцыг эхлүүлсэн муж улсуудад албан ёсоор ялагч болсон нь батлагдаагүй” хэмээн тэрбээр мэдэгдэлдээ дурдсан байна.

Даваа гаргаас сонгуулийн штаб нь сонгуулийн тухай хуулиудыг бүрэн хэрэгжүүлэх, хууль ёсны ялагчийг Цагаан ордонд байлгахын тулд шүүхэд байр сууриа хамгаална гэдгийг Д.Трамп онцлов.

Ж.Байден ард түмэндээ хандан үг хэлжээ

АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдсон Жозеф Байден Делавэр муж улсад ард түмэндээ хандан үг хэлжээ.

“Fox News” телевиз, “Associated Press” агентлагийн мэдээлснээр, тэрбээр сонгогчдын коллегийн 290 гишүүний саналыг авсан бол одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп 214 санал авчээ. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд аливаа нэр дэвшигч сонгогчдын коллегийн 270 гишүүний саналыг авах шаардлагатай юм. Ж.Байден сонгуульд ялалт байгуулсан тухайгаа өмнө нь зарласан. Харин Д.Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд санал хураалтын дүнгийн асуудлаар шүүхэд байр сууриа хамгаална гэдгээ мэдэгдсэн юм.

Ж.Байдены ард түмэндээ хандан хэлсэн үгийг товч дурдвал:

  • Тэрбээр Америкчуудыг нэгтгэж, дэлхий дахинд АНУ-ын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхийг зорьж буйгаа мэдэгджээ.
  • Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн олон буюу 74 сая санал авсан гэдгээ Ж.Байден мэдэгджээ
  • Өрсөлдөгчиддөө дайсан мэт хандахгүй байхыг дэмжигчиддээ уриалав
  • Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхалтыг үндсээр нь устгах тал дээр ажиллана гэдгээ амлажээ
  • Цар тахалтай тэмцэх төлөвлөгөөг боловсруулах шинжээчдийн бүлгийг томилохоо амлав
  • Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг хяналтандаа авахыг хичээх болно гэдгээ мэдэгдсэн байна

Дэлхийн төр засгийн тэргүүнүүд Б.Байденд баяр хүргэсээр байна

 Дэлхийн төр, засгийн тэргүүнүүд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд нь Жозеф Байденд баяр хүргэжээ.

Санал хураалтын дүн албан ёсоор зарлагдаагүй хэдий ч Америкийн олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ж.Байденыг ерөнхийлөгч болоход шаардагдах тооны саналыг авсан гэж таамаглаж байгаа юм.

Германы канцлер Ангела Меркель сонгуульд ялсанд нь Ж.Байден, Камала Харрис нарт баяр хүргэж, амжилт хүслээ хэмээн тус улсын Засгийн газрын хэвлэлийн алба “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Цаг үеийн сорилтыг даван туулахад хоёр улсын удирдагчдад хийх зүйл олон бий хэмээн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдэж, Ж.Байденд баяр хүргэжээ.

Италийн Ерөнхийлөгч Сержо Маттарелла мэдэгдэхдээ, дэлхий дахины хувьд тун хэцүү байгаа энэ цаг үед АНУ-ыг удирдах боломжийг ард түмэн түүнд өгчээ гэжээ. Түүнчлэн түншүүдийн харилцааг бэхжүүлнэ гэж найдаж буйг тэрбээр илэрхийлсэн байна.

Ж.Байденд хаягласан захидалдаа Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Камала Харрисыг мөн дурдаж, түүхэн амжилт гаргасанд нь баяр хүргэхийн сацуу АНУ-ыг Их Британийн гол холбоотон гэжээ.

“Их Британи, АНУ-ын нөхөрлөлийн харилцаа дэлхийн сайн сайхны хүч байсаар ирсэн хэмээн Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб Ж.Байденд баяр хүргэх үеэрээ мэдэгдэв.

Үүнээс гадна Австрийн канцлер Себастьян Курц, Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси, Испанийн Ерөнхий сайд Педро Санчес, Исландын Засгийн газрын тэргүүн Катрин Якобсдоуттир, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Литва улсын Ерөнхийлөгч Гитанас Науседа нар Ж.Байденд баяр хүргэсэн байна.

К.Харрис сонгуулийн дүнг Америкийн шинэ өдөр гэв

Америкийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн таамаглаж буйгаар дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Камала Харрис сонгууль урьд өмнө нь байгаагүй өндөр ирцтэй байсанд ард иргэддээ талархал илэрхийлжээ.

“Сонгуульд урьд өмнө нь байгаагүй өндөр ирцтэй оролцсонд та бүхэнд баярлалаа. Сүүлийн хэдэн сар уй гашуу, гуниг гутрал, зовлон шаналлаар дүүрсэн хүндхэн үе байсныг би мэднэ. Гэсэн ч бид бүгд эр зориг, тэсвэр хатуужил, өгөөмөр сэтгэлийнхээ гэрч нь боллоо. Та бүхэн Америкийн шинэ өдрийг угтаж байна” хэмээн тэрбээр Делавер муж улсад үг хэлэх үеэрээ мэдэгджээ.

/TASS/

Сэтгэгдэл бичих