Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар төрийн айлчлал хийж байна.
Ерөнхийлөгч БНФУ-ын Парис, Нант хотод айлчлах бөгөөд энэ үеэр Монгол Улсын Морин хуурын чуулгын “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолт, "Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэн, “Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа”, “Чингис хаан ба их талын нүүдэлчдийн эзэнт гүрнүүд” эрдэм шинжилгээний хурал зэрэг олон талт соёл, урлагийн үйл ажиллагаа зохион байгуулна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Морин хуурын чуулга Франц Улсын Версалийн хааны ордны Дуурийн театр, Нант хотын Консерваторын Дебюсси танхимд Монгол үндэстний онцлог уламжлал, төрийн хүндэтгэл бэлгэдлийг агуулсан “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо олон улсын өндөр зэрэглэлийн тайзнаа тоглох юм.
Хоёр орны ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын Чингис хаан Үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Хархорум музейн болон дэлхийн нэр хүнд бүхий Лувр /Louvre/, Сэвр /Sevres/, Азийн урлагийн Гимэй /Guimet/, Брэнли /Quai Branly/ музей болон Европын Холбооны улсын 20 музейн шилдэг үзмэрээс бүрдсэн "Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэн 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Франц Улсын Нант хотын Бретанийн Гүнгийн ордон буюу Түүхийн музейд нээлтээ хийнэ.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийг сурталчлах, соёлын өвд суурилсан бүтээгдэхүүнийг таниулах, олон улсын зах зээлд нэвтрүүлэх зорилгоор Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг Бретанийн Гүнгийн ордон буюу Түүхийн музейн талбайд зохион байгуулна.
Үзэсгэлэн худалдаанд үндэсний аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ноолууран хувцас хэрэглэл, арьсан эдлэл, эсгий бүтээгдэхүүн, монгол уран зураг, уран хатгамал бүхий эдлэл, шатар, үнэт эдлэл, үндэсний хувцас, бэлэг дурсгал, органик ахуйн хэрэглээний 8000 гаруй бараа бүтээгдэхүүнийг танилцуулах юм. Тус үзэсгэлэнгийн онцлог нь Нүүдэлчдийн ахуй соёлын илэрхийлэл, ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн “Монгол гэр”-ийг үзүүлэн таниулна.
Түүнчлэн Чингис хаан болон монголын эзэнт гүрний үеийн түүх соёлыг судлах, судалгааны эргэлтэд оруулах, эрдэм шинжилгээний ажлыг шинэ түвшинд хүргэж, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёлын дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор Чингис хаан Үндэсний музей, Нантерын их сургууль, МУИС, Нантын түүхийн музей хамтран “Монголчууд болон дэлхийн тэлэлт” эрдэм шинжилгээний хурлыг тус тус зохион байгуулах аж.