XIX, ХХ зууны Орос, Монголын түүхчид “өвөг Монголчуудыг XI-XII зуунд анх бүрэлдсэн шинэ залуу угсаатан юм” гээд Монголчуудын гарвал, түүхийг Чингис хааны үеэс л эхлүүлэн үзэх болсноор олон олон гажуудлын үүд хаалгыг нээжээ. Түүхийн шинжлэх ухаан худлаар дүүрчээ. Монгол угсааны овог, аймгийн НТӨ II мянганы дунд үед нэгдэж Хүннү улсыг анх байгуулсан гэх аваас Монгол төр улсын түүхийн 65 орчим хувь нь орхигдож байв. Өөрөөр хэлбэл Бөртэй-чино, Гуа Марал хоёр Бурхан Халдун ууланд ирэхээс өмнөх үеийн Монголын түүх бүрэн хаягдаж байлаа.
Нууц товчоонд дурдагдсан Чингис хааны ургийн бичиг нь VIII зууны дунд хүрээд (758 оны орчимд) тасардаг билээ. Ингэхлээр нэн эртнээс нт VIII зууны дунд үе хүртлэх өвөг Монголчуудын түүх түүхчдийн анхаарлын гадна үлдчихэж байгаа юм. Энэ нь НТ-гоос өмнө ч Монголчууд байсангүй, бас нт VIII зууны дунд хүртэл ч Монголчууд мөн байсангүй гэсэн үг болж байлаа.
Монголчууд бол XI-XII зуунд шинээр буй болсон угсаатан болох тул Монголын их мандал бадрал нь харь орны зөвлөхүүдийн ачаар хийгдсэн гэж бичиж байв. Тэр ч бүү хэл Чингис хаан бол хүн биш, дорой, бүдүүлэг Монголын нийгмийн бүтээгдэхүүн биш гэж ч ярих болжээ.
Монголчуудын уугуул газар нутаг НТӨ болон хойно өөр хэлтэй харь угсаатнуудын нутаг байсан мэтээр ч үзэх бичих болов. Дурдсан цаг үеийн “Монголын өндөрлөгийн эздүүд” ч тодрох маягтай болж иржээ. Дөрвөлжин булш хадны сүг зураг, буган чулуун хөшөө, хүрэл болон төмрийн эхэн үеийн бүх олдвор, дурсгал Монголчуудын хувьд ямар ч холбогдолгүй болох шахжээ. Хүннүгийн эзэнт гүрний бүрэлдэхүүнд хүртэл Монголчууд огт байгаагүй мэт болж түүх ер бусаар гажуудаж эхэлсэн байна. Гэвч дэлхийн Монгол судлаачдаас олон эрдэмтэн мөнхүү гажуудлыг олж харж шүүмжилж байжээ. Жишээ нь, Хүннүг Монгол гаралтай гэдэг саналыг хятад судлаач Н.Я Бичурин дэвшүүлж, хятад эх сурвалжууддаа түшиглэн хамгаалсаар байв (Собрание сведений о народах, обитавших в сренддей Азийн в древнае времена. Т.I-II.М.Л.,1950г). Хүннү улс анх НТӨ II мянганы дунд хэрд үүссэн ба харин Монгол гэдэг нэр НТ III зууны үеэс л хятад сурвалжид тэмдэглэгдэх болжээ. Мын-ва, Мэ-гэ, Мон-гу-лун, Ман-гу-зы, Ман-гу гэх мэт олон янзаар дурдагджээ. Хятадын түүхч Ту-Чи энэ олон тэмдэглээг (дүрс үсгүүд) ерөнхийлөн орчуулах аваас бүгд л Монгол гэсэн утга. Гэхдээ махчилсан утга нь “хуучин бүдүүлэгчүүд” гэсэн үг. Энэ нь эртний, дээр үеийн Ху нар гэсэн утга. Дээр үеийн Ху нар бол Ди, Жүн...нар буюу МЭӨ II мянганы үед бол Хүн нар (Хүннүчүүд), Хянь Юнь зэрэг нүүдэлчид болнo” гэжээ. Монгол гэдэг нэр III зууны үеэс л хятад сурвалжид ийнхүү дурдагдах болсон нь энэ нэр тэр зуунд, мөн тэрнээс өмнөхөн үүссэн гэсэн үг биш болно. МЭӨ I мянганы үед ч, тэрнээс өмнө ч ийм нэр байсан байж болох юм. Гэхдээ тэр нэр хятад сурвалжид дурдагдаж үлдээгүй байж болно. Ингэж үзэх нь л зүйд нийцэх хандлага. Гэхдээ аль ч улс угсаатан 3,000 гаруй жилийн туршид нэгэн нэртэй хэвээрээ үлдсэн нь тун цөөхөн юм шүү дээ. XX зууны Орос-Зөвлөлтийн болон Монголын улстөржсөн түүхчид өвөг Монголчуудын талаар хэтэрхий гэхээр ташаа ойлголттой байсан бол Чингис хаан өөрийн өвөг дээдсээ Хүннүчүүд мөн болохыг мэдэж байжээ. Баруун Ази, Зүүн Европын чигт хийсэн аян дайнаа Өмнөд Азируу үргэлжлүүлэх болно гэдгийгээ мэдэж, төлөвлөж байсан Чингис хаан тэр цаг үед мэргэн цэцнээрээ алдаршаад байсан Чан Чун Бумыг ашиглан нэр нөлөө, суу алдраа Хятад даяарт урьдчилан хүргэх, сурталчлахыг зорьжээ. Тэрээр Чан Чун Бумбад захидал хүргэж, урьж уулзжээ.
Захидал 1219 онд бичигдсэн ба тэд 3 жилийн дараа уулзжээ. Уулзах үед Чингис хаан 60 настай, Бумба 74-тэй байлаа. Хоёул 5 жилийн дараа (1227 онд) нас барцгаажээ. Чингис (1162-1227), Чан Чун (1148-1227) хоёр 14 насны зөрөөтэй, Чингис 65, Бумба 79 насалжээ.
Бумба Чингис хаантай уулзаад буцах замд нь байнга хамт явж байсан шавь Ли Чжичаны замын турш хөтөлсөн дэлгэрэнгүй тэмдэглэл 570 жил дарагдаж байгаад 1795 онд Даогийн нэгэн сүмээс олджээ. Тэмдэглэл 2001онд Хөх хотод хэвлэгджээ. Чингис хааны захидалд “…Хаан би 7 жилийн дотор их үйлийг бүтээж 5 өнгө, 4 харь улсыг нэг жолоонд атгав... Мөнх тэнгэрийн ивээлээр их сууриныг хаан надад соёрхон, өмнөдөд Жоу овогтой Сүн улс луугаа зах залган, умардад Уйгур лугаа хил нийлж, дорно өрний улс цөм алба өргөн харьяат болов. Энэ нь манай эртний Шаньюйгийн улсаас нааш олон зуунд тохиогоогүй...” гэхчилэн дурджээ. Манай эртний Шаньюй гэж аль үеийг онцолсон бэ? Түүх сударт нийтдээ 52 Шаньюй нэрлэгддэг (Хүннү улс, Хүннү гүрний үеийн 29 Шаньюй, НТ 46 оноос хоошхи үеийн 23 Шаньюй), тэрнээс хамгийн их алдартай нь Модун шаньюй (МЭӨ 209- МЭӨ 174 оны хооронд 35 жил хаанчилсан) билээ. Монголчууд эртнээс нааш өөрсдийгөө хүннүчүүдийн удам судар гэж үзсээр иржээ. Хятадын түүхчид ч үүнийг ер няцааж байсангүй. Тэдний хувьд хүннүчүүд хэн болох нь сонин биш, харин умрын нүүдэлчид Хятадаас үүсэл, гарвалтай гэж өөртөө хамаатуулах нь л чухал байжээ. Дурдсан захидал бичигдэж, илгээгдэж байх үед Чингис хаан 57 настай, 1185-1206 оны хооронд гэхэд л Их Монгол улсыг цогцлоохын төлөө 32 удаагийн дайн тулаан хийчихсэн, Хамаг Монголын ханлигаас эхлээд бусад Монгол аймгуудын гарал, байдлыг таньчихсан, баруунруу хийсэн аян дайн нь ялалтнаас ялалтанд хүрчихсэн, оюунлаг шилдэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлчихсэн байсан цаг билээ.
Хүннү улс, Хүннү гүрэн, Шаньюй нарын талаар ч сонссон, дуулсан нь их байсан нь тодорхой. Чан Чун Бумба ч Хүннүгийн эзэнт гүрэн, Монголчуудын тухай, Шаньюй нарын талаар тухайн үедээ л томдоо орох мэдлэгтэн байсан нь эргэлзээгүй. Юм үзэж нүд тайлсан, гарал, түүхээ ч сайн таньчихсан, өнгөрсөн түүхийн юугаар, хэнээр бахархахаа ч ойлгочихсон, хаадын хаан гэгдэх болсон Чингис хаан “Монголчууд нийт түүхийнхээ ээлжит нэгэн ноён оргилыг бүтээж байгааг” Чан Чун Бумбад мэдээлжээ дээ...
Чингис хааны жанжины чадвар, улс төрчийн байр суурь, хаанчлах ур ухаан, гүн алсуур бодох, тооцох урлаг, даяарчлах шаардлагын зөн мэдрэмж, зорьсондоо хүрэх, төлөвлөснөө хэрэгжүүлэх хийгүй нарийн арга барил, шашин бүхнийг хүндэтгэн үзэж, адил тэгш харьцдаг ижилгүй соёл зэргийг Чан Чун Бумба Хятадын зон олон эерэг талаас нь сурталчилсаар насан өөд болсон түүхтэй. Чингис хаан ингэж л маргаашийн зам мөрөө гаргаж, “сэтгэлийг нь эзэмдэж чадвал бие нь хаа холдох” хэмээсэн үзлээ мөрдөж, хийгүй сайн хэрэгжүүлсээр байжээ.
Чингис хааны суу билгийн ачаар, хатуу хийгээд зөөлөн олон хэлбэртэй бодлогын нь ачаар Хятад, Энэтхэг, Газар дундын тэнгэсийн олон орныг холбосон Төв Их Зам, түүнээс салбарласан, түүнд ирж нийлсэн олон салаа замуудын дагуух холбоо, харилцаа, худалдаа, солилцоо, мэдээллийн сүлжээг Монголын эзэнт гүрэн эрхшээж, хамгаалж, тухайн цаг үедээ таарсан энх тайван амьдралыг харьцангуй удаан хугацаанд тогтоож чадсан нь нэгэн гайхамшиг байлаа.
Судлаач, профессор Д.Чулуунжав