Арилжааны 7 банк “Шинэ хоршоо”-ны зээлийг гаргахаар болов

оруулсан Алсын Хараа

Арилжааны 7 банк “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг дэмжин хөрөнгө оруулалтын зээл өгөх боломжтойгоо илэрхийлэн санхүүжилтийн ерөнхий гэрээнд гарын үсэг зурав. Гарын үсэг зурах ёслол өнөөдөр Монголбанкны төв байранд болсон бөгөөд ёслолд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оролцов.

сонин mn

Зээлийн ерөнхий гэрээнд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал С.Цогтсайхан, Хаан банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр, Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Голомт банкны гүйцэтгэх захирлын орлогч А.Одонбаатар, Хас банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч бөгөөд санхүү хариуцсан захирал Г.Эрдэнэбаяр, Ариг банкны гүйцэтгэх захирал О.Хүрэлбаатар, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нар гарын үсэг зурсан юм.

Хоршооны санхүүжилтийг дэмжин банкууд гэрээ байгуулсан талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан байр сууриа илэрхийлэв.

Тэрээр:

-ЗГХЭГ, ХХААХҮЯ, Сангийн яам, Зээлийн батлан даалтын сан, Монголбанк, арилжааны банкуудын төлөөлөл зээлийн ерөнхий гэрээнд гарын үсэг зурж хоршооны гишүүн малчны зээл албан ёсоор олгогдох нь баталгаажиж байна.

Арилжааны банкууд энэхүү хөдөлгөөнийг дэмжиж, өөрийн эх үүсвэрээр хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрч байна гэсэн үг. Хүүгийн татаасыг Засгийн газар хариуцана. Жилийн 6 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай зээл олгохоор болж байна. Арилжааны банкууд энэхүү зээлийг маш оновчтой хөрөнгө оруулалтын хэлбэр гэж дүгнэж байна. Зөвхөн Хаан, Төрийн банк биш арилжааны 7 банк хүлээн зөвшөөрсөн байна.

Хөдөө орон нутагт нийт хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байгаа. Тийшээ арилжааны банкуудын хөрөнгө оруулалтын зээл маш бага хэмжээтэй гардаг. Мөн хөдөө аж ахуйн салбарын ДНБ-д үзүүлж буй нөлөөлөл нь 10-15 хувьтай байна. Энэ салбарыг нийт олгож буй хөрөнгө оруулалтын зээлийн тавхан хувь нь дэмждэг байна. Гэтэл уул уурхай, худалдаа хөгжил, барилгын салбарт арилжааны банкнаас олгож буй зээлийн 95 хувийг эзэлж байна. Тэгэхээр арилжааны банкууд орон нутагт хөрөнгө оруулалтын зээл олгох боломжийг нэмэгдүүлэхийг сонирхон дэмжиж байна. Арилжааны банкнаас зээл авч буй зээлдэгчдийн 20 хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт оногддог байж тэнцвэртэй хөгжих боломж бүрдэнэ. Тэгэхээр Засгийн газраас санаачилсан “Шинэ хоршоо” хөдөлгөөн амьдрал дээр хэрэгжих боломжтой банк, санхүүгийн секторын хүлээн зөвшөөрч дэмжиж буй нэг сайн үзүүлэлт юм.

сонин mn

Мөн хоршооны гишүүн малчны зээлийг бодитой болгосноор нийт ажиллах хүчний 24 хувийг эзэлж байгаа мал аж ахуйн салбарын ажилтан, хөдөлмөр эрхлэгчдийн амьдралын чанар сайжрах боломжийг бүрдүүлж өгч байна. Мал аж ахуйн салбарынхны сарын дундаж орлого 1.5 сая, сарын зарлага 2.1 сая буюу сар тутамд алдагдалтай ажиллаж, амьдарч байна. Иймд энэхүү хөрөнгө оруулалтын зээлийг олгосноор илүү чинээлэг мал аж ахуйн салбарыг бий болгох, энэ салбарт ажиллаж буй 4 хүн тутмын нэг нь илүү чинээлэг амьдралын чанартай болох боломжтой гэж Засгийн газар үзэж байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр таван жилийн хугацаанд бидний хүсэж буй үр дүн гарна. Энэ нь амьдралын чанарыг гурав дахин нэмэгдүүлэх, ДНБ-д үзүүлэх нөлөөллийг мөн гурав дахин сайжруулах боломж бүрдэнэ хэмээн Засгийн газраас үзэж байна гэв.

Сэтгэгдэл бичих