Уулын Карабахад болж буй зэвсэгт мөргөлдөөнийг цэргийн шинжээчид “дронуудын дайн” гэж нэрлэж байгаа бөгөөд байлдагч талууд дайсны газар дээрх байнуудыг устгахын тулд нисгэгчгүй төхөөрөмжүүдийг өргөн ашиглаж байгаа нь өнөө үед байлдааны ажиллагаа явуулах арга тактик эрс өөрчлөгдсөнийг харууллаа.
Цэрэг зэвсгийн хүчээр ойролцоо хоёр улс түүхэнд анх удаа нисгэгчгүй онгоцуудыг байлдааны ажиллагаанд өргөнөөр хэрэглэснийг харвал, ойрын ирээдүйд дэгдэж болзошгүй зэвсэгт мөргөлдөөнд дронууд чухал үүрэг гүйцэтгэх нь тодорхой болж байна.
Агаарын орон зайд дронууд давамгайлснаар эсрэг талын хамгаалалтыг сэтэлж, дайсны пуужин харвах төхөөргүүд, танк, хуягт техникүүдийг устгах төдийгүй давшилтын ажиллагааг дэмжих боломжтой болно. Ирээдүйд 6 байлдааны онгоц агаарт хөөрлөө гэж бодоход, тэдгээрийн 2 нь л нисгэгчтэй онгоц, бусад нь дронууд байх болно гэж цэргийн шинжээчид таамаглаж байна.
Дронууд нь ажиглалтын, тагнуулын ба цохилтын гэсэн 3 үндсэн зориулалттай. Түүнчлэн камиказе-дрон гэж байдаг бөгөөд энэ нь байг бөмбөгддөггүй, пуужингаар харвадаггүй, харин байг илрүүлсэн даруйдаа дээрээс нь унаж дэлбэлдэг “амиа золиослогч дрон” юм.
Арменийн тал дотооддоо үйлдвэрлэсэн, голдуу тагнуулын зориулалтай хөнгөн дронуудыг ашигладаг. Гэхдээ Крунк-25−1 гэх мэт цохилтын дронууд бий. “Крунк”-ийн цохилтын хүч нь төдийлөн их биш, тээж буй бөмбөгнийх нь дэлбэрэлтийн хүч нь бага, 15-20 кг тротилтой тэнцэх ба дээд хурд нь 140 км/цаг. Дайсны танк, хуягт техникүүдийг устгаж чадах боловч тооны хувьд Азербайжаныхаас хамаагүй цөөн.
Азербайжаны арми Израильд үйлдвэрлэсэн Aerostar, Hermes, Heron, Harop, Orbiter 2M, мөн Туркэд үйлдвэрлэсэн Bayraktar ТВ2 дронуудыг ашиглаж байгаа нь Армений танкуудыг устгаж буйг харуулсан дүрс бичлэгүүдээс тодорхой боллоо. Азербайжаны тал өмнө нь голдуу “амиа хорлогч” камиказе дронуудыг хэрэглэж байсан бол энэ удаагийн зэвсэгт мөргөлдөөнд пуужин болон бөмбөг тээгч цохилтын дронуудыг өргөнөөр ашиглаж байна.
Сүүлийн жилүүдэд сөргөлдөгч талуудын хүчний харьцаа Азербайжаны талд ашигтайгаар эргэсэн. Учир нь, 7 тэрбум баррель газрын тосны болон үлэмж хэмжээний байгалийн хийн батлагдсан нөөцтэй тус улс түүхий эдийн үнийн өсөлтөөс ихээхэн ашиг олж, батлан хамгаалах хүчин чадлаа эрс зузаатгажээ.
Хоёр тал цөөнгүй тооны сөнөөгч, бөмбөгдөгч онгоцуудтай боловч тэдгээрийгээ байлдааны талбарт ашиглахгүй байгаа нь Уулын Карабахын районд агаарын довтолгооноос хамгаалах хэрэгслүүд, тэдгээрийн дотор Оросод үйлдвэрлэсэн С-300 цогцолборууд маш шигүү байрласан учраас нисэх онгоцуудаа алдахаас болгоомжилсон хэрэг. Мөн Армений хил дээр Оросоос худалдан авсан С-400 цогцолбор байрлаж, Карабахын агаарын орон зайг хянаж байдаг. Нөгөөтэйгүүр, уулын бүсэд болж буй тулалдаанд нисэх хүчин ашиглах нь үр дүн муутай. Эдгээр шалтгаанаас үүдэн фронт дээр танкийн ба танк эсэргүүцэх анги нэгтгэлүүдийн хооронд гол тулалдаан явагдаж, байлдагч талууд эсрэг талынхаа танк, хуягт техник, пуужин харвах төхөөргүүдийг устгахын тулд дронуудыг өргөн ашиглаж байна.
Дроны хамгийн том давуу тал бол хямд үнэ. Тухайлбал, хамгийн үнэтэйд тооцогддог Израилийн “Hermes” гэдэг цохилтын дрон 20 орчим сая доллар бол тагнуулын Orbiter 2M нисгэгчгүй төхөөрөмжийн үнэ нь 600 мянга орчим доллар. Хамгийн хямд дрон болох Израилийн “Heron” 100 мянган долларын үнэтэй. Сүүлийн хэдэн жилд Азербайжан улс зөвхөн ажиглалтын систем худалдан авахад 36 сая доллар зарцуулжээ.
Түүнээс гадна, азербайжанчуудын худалдан авсан Bayraktar ТВ2 дрон дэлхийн зах зээлд маш их эрэлттэй байна. Хэдэн жилийн өмнө Туркийн Baykar компанид зохион бүтээсэн уг нисгэгчгүй төхөөрөмж нь операторын удирдлагаар эсвэл бие даан ажилладаг ба түүнийг тагнуулын, ажиглалтын ба цохилт хийх зорилгоор хэрэглэдэг. Bayraktar ТВ2 нь 5 мянган метрийн өндөрт нисдэг, 200 км/цагийн хурдтай, агаарт 27 цаг байж чадна. Армений байнуудыг устгаж буй гол зэвсэг нь уг дронд бэхэлсэн 4 ш ухаалаг жижиг пуужин юм.
Bayraktar ТВ2
Пуужингаас гадна МАМ гэдэг лазерын онилуур бүхий алсын удирдлагатай тэсрэх бөмбөгийг тээдэг энэ дроныг Туркийн арми 2020 оны 2 дугаар сард Сирид явуулсан “Хаврын бамбай” ажиллагааны үеэр, мөн Ливид Хафтарын армийн эсрэг амжилттай туршин хэрэглэсэн юм. Ялангуяа Сирийн Идлиб хотод болсон байлдааны дараа Их Британийн армийн удирдлага хуралдаж, дроны цохилтод амархан өртөх “Challenger 2” танкийг цаашид зэвсэглэлд байлгах шаардлагатай юу, үгүй юү гэдэг талаар маргалдаж байв.
Туркийн дронуудыг Азербайжанд экспортолж, тэдгээрийг Уулын Карабахад хэрэглэж байгаа тухай албан ёсны мэдээлэл байхгүй байгаа нь Байрактар-ыг үйлдвэрлэхэд гуравдагч орны технологиудыг ашиглаж байгаатай холбоотой. Тодруулбал, Туркийн дронуудын хөдөлгүүр ба лазерын онилох системийг Канадаас нийлүүлдэг. Туркээс дрон худалдаж авсан Азербайжаны арми түүнийгээ Арменийн эсрэг хэрэглэж байгаад дургүйцсэн Канадын тал дээрх эд ангиудыг нийлүүлэхээ зогсоосон тул Туркийн тал дронуудаа Азербайжанд нийлүүлэх зогсоосон бололтой. Канадын шийдвэрийн хариуд Туркийн Батлан хамгаалах яам мэдэгдэл гаргаж, НАТО-гийн гишүүн Канад улс холбоотны үүргээ биелүүлэхээс зайлсхийж, хоёр нүүр гаргалаа гэж буруутгаж байв. Сүүлийн өдрүүдэд Карабахын тэнгэрч нисэж буй Азербайжаны дронуудын тоо эрс цөөрсөн нь дээрх шийдвэртэй холбоотой болов уу.
Дронуудын довтолгооноос хэрхэн хамгаалах вэ?
Их Британийн цэргийн шинжээч Роб Ли-гийн үзэж байгаагаар, дронуудын дайралтын улмаас Карабах дахь Армений цэрэг ихээхэн хохирол амссан боловч Азербайжаны тал олж авсан тактикийн давуу байдлаа стратегийнх болгож чадах уу гэдэг нь эргэлзээтэй.
Оросын шинжээч В.Мураховский дүгнэхдээ, Уулын Карабахын зэвсэгт хүчний агаарын довтолгооноос хамгаалах систем нь Арменийхтэй харьцуулахад сул учраас Карабахын тэнгэрт Азербайжаны дронууд “дураараа дургисан” ажээ. Карабахын цэргийн байрлалуудад дроноос цохилт өгч буйг харуулсан бичлэгийг интернэтэд тавьсан нь нийгмийн сүлжээнүүдээр тархаж, хүмүүсийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж байна. Гэвч дроны давуу талыг зөвхөн эдгээр бичлэгээр тодорхойлох нь учир дутагдалтай гэдгийг Мураховский онцоллоо.
Дроныг тусгай төрлийн будгаар будсан холимог материалууд, хуванцраар хийдэг ба овор хэмжээ багатай бензин ба цахилгаан хөдөлгүүрүүд нь дулаан, чимээ бараг ялгаруулдаггүй, радарын антениас цацруулж буй долгионыг тун багаар буцаан ойлгодог учраас тэдгээрийг илрүүлэн устгахад хэцүү. Гэсэн хэдий ч дронтой тэмцэх аргууд хэдийнэ бий болжээ.
Тухайлбал, GPS-ээс дрон руу ирж буй дохиололд саад учруулах, түүнийг дарах байдлаар дроныг төөрүүлэн унагах нэг арга бий. Гэхдээ GPS -ийн байршил тогтоох систем рүү электрон спуфинг дайралт хийх нь илүү үр дүнтэй. Тодруулбал, навигацийн хуурамч өгөгдөл бүхий дохиоллыг дроны хүлээн авагчид өгснөөр тухайн дрон чиглэлээсээ хазайж, хуурамч бай руу довтолдог.
"Красуха-4"
Үүний зэрэгцээ Оросын радио электрон ажиллагааны “Красуха-4” станцийн тусламжтайгаар Туркийн дронуудыг амжилттай устгаж байгаа тухай мэдээлэл ирж байна. Уг станц 300 км-ийн радиус дотор дайсны тагнуулын хиймэл дагуул, газрын радаруудаас дроны хүлээн авагчид ирж буй дохиоллыг саатуулснаар дрон удирдлагагүй болж газарт унадаг. Ийм маягаар хоёр хоногийн дотор Туркийн 9 дроныг устгажээ.
Түүнчлэн Карабахын цэргүүд Зөвлөлтийн үед үйлдвэрлэсэн “Оса”, “Стрела” гэдэг цогцолборуудыг ашиглан Азербайжаны дронуудыг сөнөөсөн гэх мэдээ байна. Түүнээс гадна, фронтын тэргүүн шугамд байгаа Армений цэргүүд мөрөн дээрээс бууддаг зенитийн пуужингийн 9К333 “Верба” цогцолборыг ашиглан хэд хэдэн дроныг сөнөөсөн байна.
Харин Оросын С-300 цогцолбор дроны дайралтыг няцаахад төдийлөн үр дүнтэй биш байсныг хэвлэлүүдэд шүүмжлэн бичжээ. Гэвч учрыг мэдэх цэргийн мэргэжилтнүүдийн ярьснаар, уг цогцолборын хамрах хүрээний радиус нь өргөн, сөнөөгч болон бөмбөгдөгч онгоцууд, пуужинг устгах зориулалттай учраас нам өндөрт нисэж буй овор хэмжээ багатай дронуудыг устгах боломж нь хязгаарлагдмал. Харин “Панцирь-С1” зэрэг хамрах хүрээний радиус багатай зенитийн пуужингийн цогцолбор нь дронтой тэмцэхэд тохиромжтой боловч ийм зэвсэглэл Карабахын цэргүүдэд байгаагүй бололтой.
Гэхдээ агаарын довтолгооноос хамгаалах ба радио электрон ажиллагааны цогцолборууд байхгүй үед халхалттай нуувч барих, цэрэг техникийг тараан байрлуулах, хуурамч байнуудыг байрлуулах нь дроноос хамгаалах үр дүнтэй аргууд юм. Ойрын ирээдүйд лазерын их буу зэвсэглэлд нэвтэрсэнээр дронуудыг асар хямд өртгөөр устгах боломж гарч ирэх нь.
Дэлхийн шилдэг 10 байлдааны дрон
Техникийн үзүүлэлтээр шилдгүүдийн жагсаалтанд Америкийн 5, Хятадын 2, Израиль ба АНЭУ-ын тус бүр 1 дрон, түүнчлэн дээр дурдсан Туркийн Bayraktar TB2 дрон багтсан байна. Тухайлбал, жагсаалтыг тэргүүлж буй Америкийн Predator C Avenger нисгэгчгүй онгоцыг 2009 онд General Atomics Aeronautical Systems компанид зохион бүтээж үйлдвэрлэжээ. Hellfire пуужингууд, хэд хэдэн төрлийн удирдлагатай бөмбөг, лазерын онилууртай бөмбөгөөр зэвсэглэсэн энэ дрон 15 мянган м-ийн өндөрт нисэж чадах ба дээд хурд нь 740 км/цаг, агаарт 20 цаг байх чадвартай.
Predator C Avenger
Харин 5 дугаарт бичигдсэн, дунд өндөрт нисдэг тагнуул-цохилтын хосолсон зориулалттай Хятадын CH-5 дрон агаарт 60 цаг тогтох чадвартай аж. Түүний ард бичигдсэн Yabhon United 40 гэдэг тагнуул-цохилтын дроныг АНЭУ-д зохион бүтээсэн бөгөөд агаарт 5 хоног хүртэлх хугацаагаар байж чадна. Харин 2 дугаарт бичигдсэн Израилийн Heron TP дрон агаарт 36 цаг тогтож, нэгэн зэрэг 6 байг онилдог гэх мэт үзүүлэлтээрээ ялгаатай.
Б.Адъяахүү
Эх сурвалжууд:bbc.com, zen.yandex.ru, inosmi.ru/politic, svpressa.ru