Өнгөрсөн онд Лондон хотын Уэст Эндийн Колизум театрт 17 удаа тоглож, 42 мянга гаруй үзэгчдэд толилуулсан “Монгол хаан” жүжиг олон улсын аялан тоглолтондоо бэлтгэж байгаа бөгөөд Ази тивийн нээлтээ энэ оны 10 дугаар сарын 17-нд Сингапур улсаас эхлүүлэхээр болжээ.
Сингапурын соёлын тэргүүлэх компани Base Entertainment “Монгол хаан” жүжгийг Сингапур улсад хамтран продюсерлаж, хөрөнгө оруулахаар тохиролцож, 3 дугаар сарын 19-нд талууд гэрээгээ албан ёсоор үзэглэжээ.
Base Entertainment-ын гүйцэтгэх захирал Chantal Prud’homme “Бродвэйн түвшний чанартай Азийн шилдэг бүтээлийг Сингапурт авчрахыг бид удаан хугацаанд мөрөөдсөн. Өнгөрсөн 11 дүгээр сард Лондонгийн Колизумд энэхүү гайхалтай жүжгийг үзсэнийхээ дараа энэ бол бидний хайж байсан зүйл мөн гэдгийг шууд ойлгосон” гэж онцолсон байна.
Энэ жил Марина Бэй Сэндс цогцолборын Сэндс театр нь Matilda, Hamilton, Miss Saigon, Монгол Хаан гэсэн дэлхийн театрын дөрвөн томоохон уран бүтээлийг тоглуулахаар сонгожээ.
Сингапур улсад, тус цогцолборт анх удаа Азийн жүжгийг дөрвөн долоо хоногийн турш толилуулахаар болсон нь жүжгийн өгүүлэмж, илэрхийлэл нь ямарваа нэгэн үндэстэн, соёл, шашин шүтлэгээс үл хамааран дэлхийн нийт үзэгчдийн таалалд нийцэхийг илэрхийлж байна. Жилд 45 сая хүн зочилдог, дэлхийн аялал жуулчлалын чухал төвүүдийн нэг Марина Бэй Сэндс цогцолборт анх удаа Монгол жүжиг дөрвөн долоо хоногийн турш олон улсын зах зээлийн зарчмаар тоглох болсон нь дэлхийд Монгол Улсын соёлын томоохон сурталчилгаа болохын зэрэгцээ Монголын театрын урлагийн шинэ эринийг тунхаглаж, дэлхийн тавцанд гарч ирж буйгаа зарласан явдал болж байна. “Diplomat” сэтгүүл “Монгол хаан жүжиг бол Монгол Улсын нэрийн өмнөөс соёлын зөөлөн хүчний бодлого явуулж буйн тод томруун жишээ” гэж онцолжээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжиг Хэро Баатарын шинэчилсэн найруулга болох “Монгол хаан” нэртэйгээр Монголдоо 151 удаа тоглож, 75 мянга орчим үзэгчдэд хүрсэн бол 2023 оны 11-12 сард 2500 суудал бүхий Лондонгийн Колизум театрт 15 өдөрт 17 удаа тоглон 40 гаруй мянган үзэгчдэд толилуулсан билээ.
Time, Telegraph, Guardian, CNN зэрэг 40 гаруй хэвлэл “Монгол хаан” жүжгийн талаар нийтлэл бичиж, Broadway world, London review, Art desk зэрэг мэргэжлийн урлагийн шүүмж хэвлэлүүд 4-5 одын үнэлгээ өгсөн юм.
"Монгол хаан" жүжгийн Сингапур дахь аялан тоглолтын тасалбар энэ оны 4 дүгээр сарын 25-наас эхлэн худалдаанд гарч, Сингапурын үзэгчдэд Хүннү гүрэн хэрхэн сүр жавхлантайгаар тайзнаа амилсныг гэрчлэх боломжийг олгоно.
“Монгол хаан” жүжиг Ази, Европ, Арабын Булангийн орнуудад гаргаж, олон улсын аялан тоглолт хийхээр жүжгийн продюсерын баг ажиллаж байгаа бөгөөд удахгүй шинэ мэдээллүүдийг хүргэх болно.
Сингапур дахь тоглолтын тасалбар захиалахыг хүсвэл 4 дүгээр сарын 25-ны өдрөөс дараахь сайтад зочилно уу.