Архангайн хүчтэнүүд шөвгийн дөрөвт шалгарлаа

оруулсан Алсын Хараа

Монголын үндэсний бөхийн холбоо, “Премьер спортс нэтворк” сувагтай хамтран зохион байгуулж буй үндэсний “Алтан цом”-ын төлөөх шигшээ найман багийн барилдаан эхэллээ.

1/4 шигшээгийн салхийг Архангай-Төв аймгийн баг хагалсан. Уг барилдаанд архангайчууд бөхийн өлгий нутаг гэдгээ харуулан 18:7-гоор ялснаар шөвгийн дөрөвт шалгарч байна. Архангайн багаас улсын харцага Б.Зоригтбаатар ганцаараа нэг ч унаагүй бол харцага С.Сүхбат, аймгийн арслан Д.Ням-Очир нар дөрөв, аймгийн арслан Э.Мөнхжаргал, цэргийн заан Ө.Батсуурь нар хоёр, сэлгээнээс улсын арслан Р.Пүрэвдагва нэг давжээ. Харин улсын харцага О.Мөнх-Эрдэнэ бэртлийн улмаас барилдааныг үзэгчийн суудлаас үзсэн юм.

Тэгвэл Төв аймгийн хүчтэнүүдээс улсын начин Д.Хүдэрбулга дөрвөн даваагаар багийнхаа амжилтын тавин хувийг ганцаараа биелүүлсэн бол түүнд аймгийн арслан Л.Даваажамц хоёр, Н.Дашдаваа нэг даваагаар тус хүргэв. Харин хурц арслан Э.Төгөлдөр, аймгийн арслан Л.Энхтүвшин нар энэ удаа нэг ч давсангүй. Хоёр багийн бүрэлдэхүүн илт ялгаатай байсан ч хол зөрүүтэй ялагдах гол шалтгаан байлаа.

Ялсан Архангай аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарснаар 20 сая төгрөгийн шагналын болзол биелүүлсэн бол ялагдсан Төв аймгийнхан таван сая төгрөгийн бай гардав.

Өнөөдөр 19:45 цагаас Өвөрхангай аймгийн хүчтэнүүд Өмнөговийн багтай барилдана.

Сэтгэгдэл бичих