Казахстаны Астана хотод энэ сарын 10-нд жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн эхэлнэ. Зуны олимпын өмнөх сүүлчийн “Их дуулга” гэдгээрээ онцлогтой тус тэмцээнд 88 орны 493 жүдоч (272 эрэгтэй, 211 эмэгтэй) өрсөлдөхөөр бүртгүүлжээ. “Их дуулга”-д түрүүлсэн тамирчин чансаандаа 1000, мөнгөн медаль хүртвэл 700, хүрэл авбал 500 оноо авах юм. Нийлбэр чансааны оноогоор дээгүүрт бичигдсэн тамирчид “Парис 2024” олимпын эрхээ авах билээ.
Манай улсаас эрэгтэй зургаа, эмэгтэй таван тамирчин зодоглоно. Тодруулбал, 60 кг-д Н.Мэндсайхан, 66 кг-д Л.Сумъяа, 73 кг-д Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр, 81 кг-д Г.Болор-Очир, 90 кг-д Г.Алтанбагана нар барилдах юм. Харин эмэгтэйчүүдийн 52 кг-д Б.Уранзаяа, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д Д.Номинзул нар өрсөлдөнө.