Монголын нутгаас эртний буган чулуун хөшөөг урласан багаж хэрэгслийг олжээ

оруулсан Алсын Хараа
/ap22.ru/. ОХУ-ын Алтайн Их Сургуулийн археологичид өнгөрсөн есдүгээр сард Монголын нутагт хийсэн экспедицэд оролцжээ. Эрдэмтдийн баг буган чулуун хөшөөний 3D загварыг баримтжуулах зорилгоор экспедиц хийсэн байна. Буган чулуун  хөшөө нь олон жилийн турш МЭӨ хоёрдугаар зууны сүүл, нэгдүгээр  зууны эхэн үед амьдарч байсан эртний нүүдэлчин  овгуудын соёлыг судлах чухал эх сурвалж болж ирсэн билээ. Буган чулуун хөшөөнүүд дээр дүрслэгдсэн сүх, зоос, нум, чинжаал гэх мэт тус тусдаа зургуудыг тодорхойлж харуулах мөн зургийн зохиомжийг бүхэлд нь ойлгоход энэхүү шинэ технологи тус дөхөм болно.
Экспедицийн үеэр эрдэмтэд өмнө нь мэдэгдэж байсан хөшөөнүүдийг бүртгэж, мөн зарим мэдэгдээгүй байсан зургууд, шинэ буган хөшөөнүүдийг олж илрүүлжээ. Гол ажлыг Монголын төв нутагт хийжээ. Тодруулбал, Архангай аймгийн Батцэнгэл сумын нутагт байх дундад зууны эхэн үед түрэгүүдийн устгасан эртний дурсгалын цогцолборт хийсэн байна.
"Хамгийн гол нь бид буган чулуун хөшөөний суурийг анхны байрлалаас нь олсон. Археологийн шинжлэх ухаанд ийм нөхцөл байдалд "in situ" (байран дээр нь буюу байгаль дээрх анхан байдалд нь) хэмээх латин үгийг хэрэглэдэг. Энэ олдворыг бид сайтар баримтжуулж чадлаа. Хөшөөний суурь хэсэгт бамбайн дүрс хадгалагдан үлдсэн бөгөөд суурийн нүхнээс бид гайхалтай ховор олдворуудыг оллоо" гэж Алтайн Их Сургуулийн Археологи, угсаатны зүй, музей судлалын тэнхимийн эрхлэгч, профессор, түүхийн ухааны доктор Алексей Тишкин ярив.
сонин mn
сонин mn
Эртний дурсгалын цогцолборыг барьсан чулуун барималч, сийлбэрчид ажлаа дууссаны дараа багаж хэрэгслээ булсан нь тогтоогджээ. Янз бүрийн нүдүүр, зүлгүүр, төмрөөр хийсэн багаж хэрэгслийг хурцлах билүү, будагны аяга, чулуун бөмбөг, алх болон бусад эд зүйлсийг оролцуулаад 30 гаруй олдвор бүртгэгдсэн байна. Тэдний зарим нь эвдэрсэн боловч ихэнх нь бүрэн бүтэн байжээ.
"Монголоос хэн ч ийм зүйл олж байгаагүй. Хөшөөний дээд хэсгийн дүрсийг бид мөн илрүүлсэн боловч гол хэсгийн зургуудын зөвхөн зарим хэсэг үлдсэн байв. Гэхдээ энэ буган чулуун хөшөөг бүрэн сэргээх боломжтой” гэж Алексей Тишкин нэмж хэлжээ.
Хөшөөний суурийн нүхнээс мөн  шавар эдлэлийн хэлтэрхий, малын яс, адууны шүд олджээ. Тус экспедицийнхэн нийтдээ 100 гаруй буган чулууг бүртгэсэн байна. Судалгааны багийнхан цуглуулсан материалаа боловсруулж, дүн шинжилгээ хийхэд нэг сар гаруй хугацаа шаардагдах ажээ.
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл бичих