Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлж, Дорноговь удаалжээ

оруулсан Алсын Хараа

Т.САЙХАН

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс өнөөдөр /05.06/ “Аймгуудын өрсөлдөх чадвар-2023” үзүүлэлтийг танилцууллаа. Энэхүү үзүүлэлтээр аймгуудын өрсөлдөх чадвараар Орхон тэргүүлж, Завхан, Говь-Алтай аймгууд сүүл мушгисан байна. Монгол Улсын 21 аймгийн хөгжлийг үнэлэхдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн ашигт ажиллагаа, дэд бүтэц гэсэн үндсэн үзүүлэлтийг гол болгосныг судлаачид онцоллоо.

Сүүлийн хоёр жилд ерөнхий үнэлгээгээрээ нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан Дорноговь аймгийн хувьд нэг эрэмбэ ухарч, хоёрдугаарт эрэмбэлэгдсэн. Харин Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймгууд 3, 4, 5 дугаарт эрэмбэлэгджээ.   Дархан-Уул аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо есөн оноогоор өсөхөд бизнесийн эрх зүй, боловсрол, соёлын үзүүлэлтүүд сайжирсан нь нөлөөлсөн гэж хэлж болно. Дөрөвдүгээрт, эрэмбэлэгдсэн Өмнөговь аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо нь  3,5 оноогоор буурсан. Үүнд институтын тогтолцооны үзүүлэлтүүд суларсан нь голлох нөлөө үзүүлжээ. Харин 21 аймгаас Дундговь, Говь-Алтай, Завхан аймгууд хойгуур эрэмбэлэгдсэн. Бизнесийн үр ашиг үндсэн бүлгийн хувьд бусад аймгуудтай харьцуулахад сул байгаа гэв.

Ерөнхий үнэлгээнээс гадна дөрвөн үндсэн бүлгийн эрэмбэ гаргадаг. Эдийн засгийн тамир тэнхээ үндсэн бүлэгт Дорноговь аймаг нэгдүгээрт, Өмнөговь аймаг хоёрдугаарт эрэмбэлэгдсэн бол Завхан, Дундговь аймгууд хамгийн бага үнэлгээг авчээ.

Засаглалын үр ашиг үндсэн бүлгийн хувьд Орхон аймаг нэгдүгээрт, Дорноговь аймаг хоёрт, хамгийн сүүлд Завхан болон Дундговь аймаг орсон.Бизнесийн үр ашиг үндсэн бүлгийн хувьд Дархан-Уул нэгдүгээрт, Орхон хоёрт, хамгийн бага үнэлгээг Булган, Говь-Алтай аймгууд авсан. Дэд бүтцийн хөгжил үндсэн бүлгээр Орхон аймаг тэргүүлсэн бол Дорноговь аймаг хоёрдугаарт, Говь-Алтай, Архангай аймгууд хамгийн бага үнэлгээг авчээ.

-Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг тасралтгүй 12 жил гаргаж байна гэлээ. Энэ хугацаанд өрсөлдөх чадвартаа огцом өөрчлөлт оруулсан аймаг байгаа юу. Боловсролын төвшин хэр сайжирч байгаа вэ?

Эдийн засагч Б.Лакшми: -Судалгааг 12 жил тасралтгүй хийхэд тогтмол хойгуур эрэмбэлэгддэг таван л аймаг байгаа. Жил бүрийн судалгаагаар байр нь жаахан солигдоод байж байдаг.  Эдгээр таван аймгаас Булган сүүлийн хоёр жилд бусдаасаа харьцангуй сайжирсан. 21 аймгаас хамгийн сүүлд эрэмбэлэгдэж байсан бол 2022 онд 19-д, 2023 онд 18-д эрэмбэлэгдсэн.

Боловсролын хувьд нэг багшид ногдох сурагчийн тоо, хоёрт цэцэрлэгийн хамрагдалт зэрэг үзүүлэлт ордог. Аймгийн өрсөлдөх чадварын судалгааг хийж байхад ажиглагдсан зүйл нь орон нутагт бага ангиа төгстөл суралцаж байгаад дунд ангид ороход сурагчийн тоо эрс багасдаг үзүүлэлт гарсан. Аймаг, суманд амьдарч байгаа ээж аав нь хүүхдээ дунд ангид шилжин суралцах болоход нь Улаанбаатар хот болон суурин газар луу шилждэг зүй тогтол ажиглагдсан. Тэгэхээр орон нутагт зургадугаар ангиас нь боловсролын түвшинг сайжруулах шаардлага байгаа гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Сэтгэгдэл бичих