Өмгөөлөгч Г.Батбаяр нас барсан хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр энэ үеэр : "Иргэнээс ирсэн гомдол мэдээллийн дагуу эрэн сурвалжлах ажиллагааг улсын хэмжээнд зарлаж, эхлүүлсэн байдаг.
Эрэн сурвалжлах ажиллагааны хүрээнд энэ оны 4-р сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 26-р хороо, Богдхаан амралтын гадаа зогсоол орчмоос өмгөөлөгч Г.Батбаярын унаж явсан автомашин олдсон. Автомашинд үзлэг хийхэд Г.Батбаяр нь машины арын суудал дээрээ нас барсан байдалтай олдсон.
Хэргийн газрын үзлэгээр Г.Батбаярын өөрийн нэр дээр бүртгүүлсэн галт зэвсэг, галт зэвсгийн сум, хонгио, гар утас зэргийг бэхжүүлэн авч, шүүхийн шинжилгээний газарт хүргүүлээд байна. Энэ үйл ажиллагааг дуу дүрсээр тасралтгүй давхар баталгаажуулсан.
Энэ үед хэргийн газраас ямар нэгэн гэрээслэл, бичиг баримт олдоогүй. Энэ талаар иргэн Б.Цэгмидийн хэвлэлийн бага хурал хийж байгаа бичлэгийг бид үзсэн. Энэ бол буруу ташаа мэдээлэл юм. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байхад шалгалтын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, иргэд олон нийтэд буруу ташаа мэдээлэл тараах нь хууль бус гэдгийг хэлье. " гэв.