Америкийн “Стратолонч” компанийн зохион бүтээсэн дуунаас хурдан нисдэг аппаратын (Talon-A, TA-1) туршилт амжилттай болжээ. “ТА-1” нисдэг аппаратын туршилтын загварын анхны нислэгийг амжилттай хийснийг мэдэгдэхэд таатай байна” гэж компанийн цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна.
Туршилтын үеэр уг аппарат 5 Мах (ойролцоогоор 6125 км/цаг) хүртэл хурдалжээ. Техникийн бусад үзүүлэлтүүдийнх нь талаар мэдээлээгүй байна. Туршилтын гол зорилго нь уг аппаратыг “агаараас аюулгүй буулгах, хөдөлгүүрийг асаах, хурдаа авах, өндрөө тогтвортой авах, усан дээр газардуулах" зэрэг байв гэж мэдэгдэлд дурджээ.
"ТА-1" бол хувийн компанийн бүтээсэн ийм өндөр хурдтай, Америкийн анхны нисдэг аппарат юм. “Стратолонч”-ийн мэдээлснээр, 8.5 метр урт, 3.4 метр өргөн, хөөрөх үеийн жин нь 2.72 тонн уг аппарат хөөрсний дараа онгоцноос салж, өөрийн хөдөлгүүрээр нисдэг ажээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг