Аваргуудын лигийн хагас шигшээгийн эхний тоглолтод “Байерн Мюнхен” баг талбайдаа “Реал Мадрид”-тай тэнцлээ.
"Альянц Арена" цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр болсон тоглолт 2:2 харьцаатай дуусжээ. Талбайн эзэн багаас Лерой Сане (53 дахь минут), Харри Кейн (57 дахь минутад торгуулийн цохилтоос) нар гоолдсон бол зочин багийн бразил довтлогч Винисиус Жуниор (24, 83 дахь минут) хоёр гоол оруулсан байна. Тэрбээр 11 метрийн торгуулийн цохилтоос хоёр дахь гоолоо оруулжээ. Хариу тоглолт Мадридад тавдугаар сарын 8-нд болно.
Харри Кейн энэ улиралд Аваргуудын лигт 11 оноо (8 гоол+3 оновчтой дамжуулалт) авч, англичуудын дунд дээд амжилт тогтоосон байна. Өмнө нь Дэвид Бекхэм (1998/1999 Манчестер Юнайтед), Стивен Жеррард (2007/2008 Ливерпүүл) нар нэг улиралд тус бүр 10 оноо авч байжээ.
Томас Мюллер тус тэмцээнд “Байерн”-ы бүрэлдэхүүнд 150 дахь тоглолтдоо оролцлоо. Тэрбээр Аваргуудын лигийн түүхэнд Шави (Барсагийн төлөө 151), Икер Касильяс (Реал Мадридын төлөө 150) нарын дараа нэг багийн төлөө 150+ тоглолтод оролцсон гурав дахь тоглогч боллоо.
“Реал Мадрид”-ийн хагас хамгаалагч, Хорватын хөлбөмбөгчин Лука Модрич тоглолтын 75 дахь минутад сэлгээгээр талбайд гарч, Аваргуудын лигийн хагас шигшээд оролцсон гурав дахь хамгийн ахмад тоглогч (38 нас 234 хоног) болсон байна. Тус тэмцээнийн хагас шигшээд оролцож байсан хамгийн ахмад тоглогчид бол Италийн “Милан” багийн Алессандро Костакурта (40 нас 2 хоног, 2006 он), Паоло Мальдини (38 нас 302 хоног, 2007он) нар юм.