Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

оруулсан Алсын Хараа

Б.ДАМДИН-ОЧИР

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой үйл явдлууд бараг сар орчим үргэлжилж байна.

Өнгөрсөн хугацаанд огт сонсогдож байгаагүй баримтууд хөврөв. Эх сурвалжууд, учир мэдэх хүмүүсийн үе үе ярьж хэлсээр ирсэн “таамаг”-ууд ч дахив. Дахихдаа батлагдах маягтай болж эхлэв.

Гол нь энэ сар орчмын хугацаанд “...С.Зоригийг хөнөөсөн нь улс төрийн шалтгаантай байсан” гэдэг нь бараг тодорхой болж байх шиг байна. Гэхдээ хууль хяналтынхан тодорхой алхам хийж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа юм. Магадгүй, мэдээлэхгүй байгаа болохоос мөрдөн шалгах зэрэг бусад үйл ажиллагаанууд нь явагдаж байгаа биз ээ.

Ямартай ч “…С.Зориг тухайн үед Ерөнхий сайд болох гэж байсан, тэгээд алагдсан”, “…Энэ хэргийн шалтгаан үндэслэл нь Эрдэнэт байсан”, “…Сүүлд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг энэ хэргийг нэн яаралтай хаах зорилгоор эрүүдэн шүүж ялласан” гэсэн дүгнэлт  гэх үү, ойлголт гэх үү, тийм зүйл бий боллоо.

Эндээс Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудлыг илүү анхаарах шаардлагатай болж байна. Ингэхээс ч өөр арга байхгүй юм.

Нэгдүгээрт, Монгол Улс ардчилсан нийгэмд шилжээд 20 гаруй жил болж байхад ийм эрүүдэн шүүлт явагдсан. Бараг л хоёр зууны өмнөх Манжийн есөн эрүүтэй ижил шинжтэй залхаан цээрлүүлэлт өнөөгийн Монголд үйлдэгдсэн нь маш ноцтой юм.

Хоёрдугаарт, “...Хөвөрсөн утасны үзүүрийг хөөж олдог” гэдэг шиг “…Эднийг яагаад эрүүдэн шүүж хэргийг хүлээлгэсэн бэ” гэдгийг эхлээд тогтоох нь 1998 оны аравдугаар сарын 2-ны тэр аймшигт хэргийг илрүүлэхэд дөхнө.

Иймээс эрүүдэн шүүсэн нь С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэхэд ч, өнөөгийн ардчилсан Монгол Улс дахь хүний эрхийн хэм хэмжээний тухайд ч онцгой анхаарах асуудал болж байна.

Арваад жилийн өмнө эхлээд долоон жилийн өмнө “дууссан” дээрх үйл явдлаас сануулахад, 2016 оны нэгдүгээр сарын 16-нд Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат “…Үндэслэл байсан учраас хэргийг сэргээн шалгаж байна” гэсэн товчхон хариултыг анх өгч байв. Тэрээр МҮОНТВ-д энэ хэргийн талаар “...Ноцтой баримт илэрлээ” гэж ярилцлага өгсөн. Ингэхдээ “…Энэ хэргийн нотлох баримт дотор ил байдлаар нотлогдож байгаа олон зүйл бий. “...1998 оны аравдугаар сарын 1-ний өдөр ийм хүнийг харсан. Ийм зүс царайтай хүн С.Зоригийн гэрийг асууж, сураглаад явж байсан. Гэрийнх нь гадуур сэжигтэйгээр олон удаа эргэлдсэн. Ийм зүс царайтай хүн байсан” гээд тухайн үед мэдүүлэг өгсөн гэрчээс хуулийн дагуу дахин гэрчийн мэдүүлэг авсан. Гэрчүүдээс өөр өөр орон зай, цаг хугацаанд “...Таны ярьж байсан хүн эдгээр хүмүүс дунд байна уу” гэхээр олон хүний дундаас гэмт этгээдүүдийг эргэлзэх юмгүй зааж байсан. Хуульд заасан аргуудын нэг энэ л дээ” гэж ярьсан. Ингээд холбогдогч Ц.Амгаланбаатарыг С.Зориг агсны амьдарч байсан гэх байрны 00-ын өрөөнд оруулж байгаад авсан бичлэгийг олон нийтэд үзүүлж байв.

Мөн Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан 2018 оны аравдугаар сарын 23-нд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр “…С.Зоригийг хөнөөсөн гэж гурван хүнд ял оноосон. Хуулийн хүрээнд шүүхийн шийдвэр нэгэнт гарсан. Шүүхийн эцсийн шийдвэр гарсан учраас энэ гурван хүнийг гэм буруутай гэж үзэж байгаа. Энэ хэрэг 18 жилийн дараа илэрсэн. Цаашид дахин шалгах шаардлагагүй” гэсэн.

ТЕГ-ын дарга Б.Хурц ч 2017 оны аравдугаар сарын 26-нд “…Ц.Нямдорж гэдэг хүн сайд болох бүртээ энэ хэргийг шалгах Ажлын хэсгийг өөрчилж, нийт дөрвөн удаа тараасан байдаг. Ажлын хэсэгт ажиллаж байсан 32 албан хаагчийг сольсон. Одоо бас сайд болонгуут дахиад энэ хэрэг рүү орж байна. Аюулгүйн зөвлөлөөс гарсан зөвлөмжид энэ хэргийн ажлын хэсэгт мэргэжлийн алба хаагчид тогтвортой ажиллах ёстой гэж заасан байдаг. Улс төрийн болон бусад зорилгоор Цэндийн Нямдорж энэ хэрэгт нөлөөлж байна” гэж байв. Харин 2019 оны гуравдугаар сард ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “…С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан яллагдсан хэрэгтнүүдийг эрүүдэн шүүх ажил явагдсан. 1937 оны бүх аргыг хэрэглэсэн. Энэ нь тодорхой болсон” гэж мэдэгдсэн. Удалгүй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж буй ноцтой бичлэгүүд ил болсон. Тэгснээр шүүхээс хууль хүчний байгууллагын ажилтнуудад “...Бусдыг эрүүдэн шүүсэн” хэргээр ял шийтгэсэн. Иймээс “...Шинээр илэрсэн нөхцөл байдал” шалтгаанаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Прокурор хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүх тавдугаар сарын дундуур сулласан. Тэр үеэс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ хэрэгт ихээхэн анхаарал тавьсан байдаг. Нэг үгээр хэлбэл, С.Зоригийг хөнөөсөн хэрэг, тэр дундаа эрүүдэн шүүсэн асуудлаар төр хөдөлж эхэлсэн. Л.Оюун-Эрдэнэ 2021 оны гуравдугаар сарын 8-ны өглөө Засгийн газрыг ээлжит бусаар хуралдуулж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын хамт Хорих 407 дугаар ангид ял эдэлж байсан Т.Чимгээтэй очиж уулзсан. Дараа нь 2021 оны гуравдугаар сарын 31-нд Засгийн газрын ээлжит хуралдаанаар С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн материалыг бүхэлд нь нууцаас гаргах шийдвэрийг гаргасан. Улмаар 2023 оны хавар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох мөрдөх байгууллагын тав дахь удаагийн хүсэлтийг  НПГ хянаж үзээд “…Цугларсан нотлох баримт хангалтгүй, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, эргэлзээ бүхий байна” гэснээр яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон.

Ер нь бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг барьж хориод мөрдөн шалгаж эхлэхээс “…Энэ буруу явчихлаа” гэдгийг хэлж байсан субьектуудын нэг нь сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарынхан байдаг юм.

Тэр дундаа Соёлын гавьяат зүтгэлтэн, нэр сэтгүүлч Г.Жамъян агсан нарын сэтгүүлчид бэхээ дундартал бичсэн дээ.

Г.Жамъян сэтгүүлч тэр үед Б.Содномдаржаагийн ээж тэргүүтэй ар гэрийнхнийг нь дагуулаад их явсан. “…Сонины “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал хийлгэе ээ” гээд “Зууны мэдээ” дээр очдог. Тэдний өмнөөс зовлонг нь ярьж, дэмжихийг хүсдэг, “Зууны мэдээ” ч ёсоор нь болгодог байжээ. Ерөөсөө тэр үед сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг “...Хэлмэгдчихлээ” гэдгийг бичиж, бас дээрх байдлаар дэмжиж байв. Ялангуяа Г.Жамъян сэтгүүлч энэ хэргийн талаар их бичсэн. “…Энэ бол улс төрийн аллага”, “…Эд биш шүү дээ” л гэнэ. Их ч хурц бичдэг. Угаасаа 68 жил үзэг барьсан, сэтгүүлчдэдээ “…Үнэнд л захирагд” гэж захидаг байсан хүн л дээ. Товчхондоо, Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч л “манасан” байгаа юм. Тэр утгаар нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар Г.Жамъян сэтгүүлчид талархаж явдаг биз.

Г.Жамъян сэтгүүлчийн бичсэн зарим нийтлэлээс дурдахад “Зууны мэдээ” сонины 2016 оны нэгдүгээр сарын 6-ны дугаарт “С.Зоригийн аллагын жинхэнэ захиалагч амьд байгаа гэцгээх юм”, 2016 оны есдүгээр сарын 28-нд “Тагнуулынхны сум ташаа тусах вий дээ”, 2018 оны тавдугаар сарын 10-нд “С.Зоригийн аллагыг илрүүлэх ээлжит жүжиг”, 2019 оны гуравдугаар сарын 13-ны дугаарт “Улс төрийн аллага №2”, 2021 оны гуравдугаар сарын 17-нд “Гитлер ч зүрхлэмгүй харгислал” зэрэг нийтлэлээ хэвлүүлжээ.

Эдгээр нийтлэлд өнөөдөр төр ярьж, гэрчүүд нь нотлоод батлаад байгаа зүйлүүдийг яг л оноож байсан байгаа юм.

Тухайлбал, тэрээр “С.Зоригийн аллагын жинхэнэ захиалагч амьд байгаа гэцгээх юм” нийтлэлдээ “…С.Зориг бол миний хайртай дүү, Монголын ард түмний хайртай хүү байсан. Түүнд цөөн тооны атаархагчид байсан уу гэхээс, Монгол даяараа хайрлаж хүндэлж байсан. Түүнийг Ерөнхий сайд болж хамгаалалтад орохоос нь өрсөж хөнөөсөн. Улс төрийн аллага гэдгийг нь олон нийт хүлээн зөвшөөрөөд 17 жил болж байна” гэж бичсэн.

“Тагнуулынхны сум ташаа тусах вий дээ” нийтлэлдээ “...Цорын ганц гэрч Б.Булганыг нэг  жил хорьж саатуулаад саяхан суллалаа. Уул нь “С.Зоригийн хэрэг” төвөггүйхэн илэрчих хэрэг юмсан. Сэжигтнийг Б.Булгантай нүүрэлдүүлэхэд л “мөн” “биш” хоёр ялгарна. Энэ удаа Булган маань юу гэж гэрчилсэн юм, мэдэхгүй л байна. Удахгүй тодорхой болно биз. …2016 оны УИХ, аймаг нийслэлийн ИТХ-ыг сонгох сонгуулийн өмнө “С.Зоригийг алсан аллагын хэрэг” илрэх гэж байгаа гээд гэрч Б.Булган, Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Их залуу” багийн малчин Б.Содномдаржаа, Эрдэнэтийн ГОК-ын гуанзны тогооч Т.Чимгээ нарыг баривчлаад хорьчихсон байгаа. Би уулзаж л болох бүх хүнтэй уулзсан.

… “С.Зоригийн хэрэг”-ийн сэжигтнүүдэд прокурор ялын тогтоолоо үйлдэн, тун удахгүй шүү¬хээр шийдэх юм байна. Уул нь дээрээс тэнгэр, дэргэдээс бурхан харж л баймаар юм даа. Сэтгүүлч би төдийгүй, Монголын ард түмэн, олон сонгуулийн өмнө хууртаж хаширсан байгаа шүү. Олон ч хүн хилсээр хохирсон. Тиймээс энэ удаад хэн нэгний юмуу, хэсэг бүлэг хүний тулгалтаар биш, гарцаагүй нотлох баримтаар энэ хэргийг үнэн зөв шийдээсэй гэхдээ өвгөн сэтгүүлч нь үүнийг тэрлэв” гэж бичжээ.

Г.Жамъян сэтгүүлч бас “С.Зоригийн аллагыг илрүүлэх ээлжит жүжиг” нийтлэлдээ “…С.Зоригийн аллагыг илрүүлэх “эмгэнэлт жүжиг”-ийн шинэ хувилбар ид өрнөж байна. УЕПГ-ын сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, ялангуяа Г.Эрдэнэбатын “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон байдлаас үзвэл С.Зоригийн хэрэгт байнгын хяналт тавих үүрэгтэй прокурорууд маань ТЕГ-ын хэдэн байцаагчид хөтлөгдөөд улстөрийн “урхин дунд” яваад байгаа юм биш байгаадаа гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байна. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан туршлагатай сайн сэтгүүлч. Оновчтой асуултууд тавьж Г.Эрдэнэбатыг нэлээн сан¬даргана билээ. Хөөрхийдөө, тэр залуу ээрч муураад, мэдмээр юмыг мэдэхгүй гэж мэлзээд, хамгийн наад зах нь ялласан хэдийнхээ нас жилийг мэдэхгүй мунгинана билээ. “Ийм ч хүн ажлын хэсгийг ахлах гэж дээ” хэмээн хэлэх хүн таарч л байна.

…Миний бие, хэдэн оймс илүү элээсний хувьд, хууль шүүхийн байгууллагын ажлыг жараад жил сурвалжилж байгаагийн хувьд, С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй эхнээс нь “ноцолдсоны” хувьд, энэ хэргийг шалгаж байгаа дүү нартаа хандан, санаа авах болов уу гэсэн хэдэн зүйлийг бичиж байна.

Би, энэ хэргийн захиалагч, гүйцэтгэгчдийг огт өөр өнцгөөс хардаг хүн. Ядаж л захиалагч нь хориод жил энэ хэргийг нууж дарагдуулах, төөрөгдүүлэх чулуу хөөлгөх хэмжээний сүүхээтэй, эрх мэдэлтэй хүн байж таарна.

…Маргааш ч юм уу, Ерөнхий сайд болно гэж байхад нь нөхрөө алдаг ч юм уу, алуурчидтай хамждаг ч юм уу эмэгтэй хүн, тэр дундаа монгол эмэгтэй баймааргүй л юм даа. Би, Булганыг хүчтэй дарамтад орж барьцаалагдсан, хэргийг нуусан төөрөгдүүлсэн хүн байхыг үгүйсгэдэггүй.

…Эрхэм хуульчид минь, Монголд шударга үнэнийг эрэлхийлсэн, бас нухчин дарах гэсэн аймшигт давалгаа бий боллоо шүү. Та нар минь, Монголыг  гучаад жил тонон дээрэмдсэн нам дамжсан мафийн бүлэглэлд битгий үйлчлээч. Шударга ёсыг тогтоож, элэг бүтэн, энх амгалан амьдарцгаая л даа” гэж бичжээ.

Түүний ийм нийтлэлүүдээс хамгийн хурц хийгээд “ширүүн” нь “Улс төрийн аллага №2” болсон байдаг. Түүндээ “…“Захиалгатай аллага” гэснээ захиалагч нь байхгүй, нэр нь ч ил гардаггүй, ганц амьд гэрч нь шүүх хуралд оролцдоггүй, цагаан малгайгаа орхиод санд мэнд зугтаасан хүн нь сураггүй, хүнийг мөчилж алаад шоронд сууж байгаа рецедив гэмт хэрэгтний амаар босгож ирсэн, хохирогчдын төлөөлөл шүүгдэгчдийн ар гэрийнхнийг оролцуулаагүй ард түмнээсээ нуусан ийм шүүх хурал байдаг юм уу. Жинхэнэ захиалагч, алуурчид нь хэн юм. Тэд эцсийн бохир аргаа хууль хүчнийхэнд тулгав уу, тэд амь гарахын тулд юу ч хийхээс буцахгүй болсон уу гэсэн олон асуулт нийгэм даяар тэнүүчилж явлаа. Миний бие, ард түмнийхээ 20 жил ханцуй дотроо шивнэсэн зүйл, мөн энэ хугацаанд өөрийнхөө бичиж тэмдэглэж авсан материалдаа тулгуурлан “Улстөрийн аллага-2”-ыгоо бичсэн юм. …Тухайн үед найз Да.Ганболдыгоо Ерөнхий сайд болгохоор долоон удаа зүтгүүлсэн чинь Ерөнхийлөгч Н.Багабанди долоон удаа буцаасан. Тэгээд Ерөнхий сайдад яах аргагүй нэр дэвших хүн С.Зориг болсон юм. С.Зоригийг бол Ерөнхийлөгч Н.Багабанди дэмжинэ гэдгээ С.Баяраар дамжуулаад амлачихсан. Маргааш Ерөнхийлөгч дэмжвэл С.Зориг маань Ерөнхий сайд болоод төрийн тусгай хамгаалалтад орчихно. С.Зориг нэгэнт Ерөнхий сайд болчихвол цаашдаа УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гэхчлэн төрийн гурван өндөрлөгөөс буух магадлал тун бага.

…Ард түмэн, одоо л эд нар С.Зоригийн хэргийг илрүүлнэ гэж байтал, бүр болиод 16 настай хүүхэд, хөхүүл хүүхэн, малчин залуу гурвыг золиослож, өөрсдөө “улстөрийн аллага”-аас сугарч үлддэг байгаа.

… Хүмүүс үүнийг эмгэнэлт жүжиг, Монголын хууль хяналтын байгууллагуудын ялзралын тод жишээ гэж нэрлэж байгаа юм. Яагаад? Монголын ард түмэн С.Зоригийг хөнөөсөн аймшигт аллагын хэрэг илрээсэй гэж 20 жил хүлээсэн. Гэтэл “улсын нууц”-д хамааралтай болгоод бүх зүйлийг олон нийтээс нуусан. Өмгөөлөгчдийнх нь амыг барилаа. Ард түмэн асар их бухимдаж байв. УИХ-ын нэг гишүүн “Манай ард түмний 99 хувь нь үүнд итгэхгүй байна” гэж билээ. Яллагдагчдыг захиалгаар энэ хэргийг үйлдсэн хэмээн яллаж байгаа юм. Тэгвэл захиалагч нь хэн юм. ...Хэрэв захиалагчийг нь нас барсан Ш.Отгонбилэгийг гэж байгаа бол тэр хүн чинь Эрдэнэтийн дарга байхдаа тусгай онгоц хөлөглөн явдаг, өчнөөн олон булиа залуучуудаар хамгаалуулсан том хүн байлаа. Тийм хүн С.Зоригийг алчихаад ир гэж малчин залуу, тогооч хүүхэн, 16 настай хүүхэд гурвыг явуулна гэж үү. Итгэл үнэмшил даанч алга байгаа биз дээ.  Захиалагч нь Ш.Отгонбилэг юм бол тэр хүн чинь Ерөнхийлөгч Н.Багабандийн баруун гарын найз нь гэдгийг хүн болгон мэднэ. Тэгсэн чинь Ерөнхийлөгч найзынхаа Ерөнхий сайдад дэмжиж байгаа ганц хүн С.Зоригийг устгуулахаар шөнө дөлөөр хэдэн “хүүхэд” явуулж байх уу. Байж болшгүй асуудал.

...Би “Монгол дахь улстөрийн аллагууд” номоо, бас энэ “Улс төрийн алллага-№2”-оо дотно нөхөд, хуульчиддаа уншуулж санал авсан. Тэд бүгд дэмжиж байгаа. Харин нэг зүйлийг надад сануулдаг юм. “...Дээд оройд чинь асар их хар хүч байгаа. Чамайг юмуу гэр бүлийнхнийг чинь бол ганц л нясалчихна шүү дээ. Наад материалуудаа эднийг зайлсны дараа хэвлүүлж болоогүй юм уу” гэдэг. Би тэдэнд “...Миний амь нас, манайхны амь нас бол Монголын төрийг хүлчихсэн энэ их аллага, авлигын дэргэд бол өчүүхэн төдий юм. Намайг алах хүмүүс бол тодорхой. Тэгээд ч би “Амьдын гэрээслэл”-ээ дотнын хуульчиддаа үлдээчихсэн гэж түрүүчийн номондоо бичиж байсан даа. Энэ Монгол цэвэрших тун ойртсон” гэж бичсэн байдаг.

Хамгийн сүүлд “Гитлер ч зүрхлэмгүй харгислал”-даа “…Ер нь хэчнээн нууж, булзааруулсан ч “С.Зоригийг хөнөөсөн хэрэг” нэг цагт илэрч, захиалагч, алуурчид, төөрөгдүүлэгчид ялаа эдэлж таарна л даа. Дандаа ч Б.Хурц, Ц.Зориг, Г.Эрдэнэбат нар шиг хүмүүс энэ хууль хяналтын байгууллагыг байнга удирдаад байхгүй биз.

…Саяхнаас С.Зоригийг хөнөөсөн хэрэг дахин шалгагдаж захиалагч алуурчдыг илрүүлнэ гэхээр хүмүүсийн сэтгэл өөдрөг байх шиг байна. Хилс хэрэгт 5-6 жил тамлагдаж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёр суллагдаж аав ээж, эхнэр хүүхдийнхээ барааг харвал аятай юу! Та нар хар даа! Т.Чимгээг шоронд хүчирхийлээд фото зургийг нь гэр бүлд нь явуулсан байгаа Аймшигтай байгаа биз?! Хүмүүс бол үүнийг “Гитлер ч зүрхлэмгүй харгислал” хэмээн ярилцаж байгаа юм. Энэ бүхний ард Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ц.Зориг нар байж, бүх зүйлийг хийлгэж, нуулгаж байсан нь одоо тодорхой боллоо. С.Зоригийг хөнөөсөн аймшигт аллагын жинхэнэ захиалагч, гүйцэтгэгчид ч хуулийн өмнө толгой бөхийх цаг ирж байх шиг байна” гэж бичээд үлдээжээ.

Г.Жамъян сэтгүүлч маань 2021 оны аравннэгдүгээр сарын 29-нд тэнгэрт дэвшсэн. Тэрээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг суллагдахыг үзсэн. Харин цагаатгахыг нь харж амжаагүй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 83 (7327)

Сэтгэгдэл бичих